2023 оны 11 дүгээр сарын 28-нд Ганзоригийн Ганхуяг гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 4000 орчим үхэр хил даван Хятадын талд хураагдсан” гэх мэдээлэл нийтлэгдэн түгжээ. Уг мэдээлэлд тайлбарласнаар “Яг одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчдын 4000 гаруй үхэр хил даваад Хятадын талд хураагдчихаад байна. 2019 оны 12 сарын өвлийн ид хүйтэнд талын хүчтэй салхинд бид Эрдэнэцагаанд газар дээр нь ажиллаж хилийн тор байхгүй болгож газрын тосны уурхай оруулсан байсан тухай мэдээлж тухайн үедээ том сенсаци тарьж байлаа…” гэж одоо устгагдсан постод (архивлагдсан хувилбар) мэдээлсэн байна.
Бид дээрх мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Г.Чинзоригтой 11-р сарын 30-нд утсаар холбогдоход “4000 гаруй үхэр хил давсан гэх мэдээлэл худал. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөтөлбөр “Алсын хараа-2050”-ийн 7.2 “Дархан хил” дэд хөтөлбөрийн хүрээнд Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсгийн инженерийн торон саадыг 2019-2023 онд төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилсэн. Энэ онд мал хил давсан зөрчил гараагүй” хэмээн тайлбарласан.
Мөн 2018 оны 12 дугаар сард Эрдэнэцагаан сумын нутаг дахь хилийн торыг эвдэлсэн тухай мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллийг няцаан “…улсын хилийн шугамаас тодорхой зайд хилийн дагуу нутгийн гүнд татсан модон шон бүхий өргөст торон хашааны шонгууд тал хээрийн түймэрт шатсан юм. Ирэх хавар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт торон хашааг сэргээн засварлахаар бэлтгэл хангагдаад явж байна.” хэмээн тухайн үед Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Ш.Баатарсүх мэдээлж байсан байна.
4000 орчим үхэр хил давсан гэх мэдээллийг албаны эх сурвалж няцаасан бөгөөд Эрдэнэцагаан сумын нутаг дахь хилийн тор сүйдсэн гэх ташаа мэдээлэлд үндэслэн тус мэдээллийг түгээсэн байна.