Алла Пугачёвагийн зураг нь Израил дахь зураг биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #764

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Оросын дуучин Алла Пугачёва Израилд хүндхэн амьдарч байгаа тухай мэдээлэл түгээд байна.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр дуучин Алла Пугачёва 2022 оны 02 дугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш Оросыг орхин явсан ч “мөнгөгүй болсон” тухай мэдээлэл байхгүй байна. Тэрээр Орост хэд хэдэн удаа богино хугацаагаар буцаж ирсэн ба хамгийн сүүлд 11 дүгээр сарын 02-нд ирээд буцсан байна.

Оросын дуучин Алла Пугачёва Израилд хүндхэн амьдарч байгаа тухай мэдээлэл түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Тус мэдээлэлд Алла Пугачёваг Израилд дүрвэснээсээ хойш мөнгөгүй, хүн тоохгүй болсон тухай тайлбарлан “Эх орноо орхин гарсан Оросын хамгийн баян дуучин гэгдэж байсан Алла Пугачёва одоо урвагчаараа дуудуулан Израилд нохойн гөлөгнөөс дор амьдарч явна даа. Мөнгө нь дуусч хүн тоохгүй болжээ. Орос соёлыг Израйл хүмүүс ойлгохгүй, тэнд энэ урвагч ямарч үнэ цэнгүй ажээ.” хэмээн шаргал малгайтай цамц өмсөн нөхөр Максим Галкины хамт модон сандал дээр суусан зургийн хамт нийтэлсэн байна.

Бид мэдээлэлд ашигласан зургийг Yandex, Google хайлтын системд хайж үзэхэд тэдний тухай мэдээллүүд гарч байсан ба Латвийн Delfi мэдээллийн байгууллага төстэй зургийг 2017 оны 07 дугаар сарын 14-ны мэдээлэлдээ нийтэлж байсан байна. Үргэлжлүүлэн дуучны нөхөр комедиан Максим Галкины хувийн Instagram хаягаас ижил зургийг хайж үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 13-нд хосууд яг тэр хувцастайгаа, гэхдээ өөр байрлалтай суун хамтдаа авхуулсан зургаа хуваалцсаныг харж болохоор байна. Доорх зургийн тайлбарт зургийг Игорь Николаев (Фотограф – Игорь Николаев) авсан хэмээн мэдэгдэн түүний хаягийг дурдсан байгааг харж болохоор байна.

Харин бидний шалгасан мэдээлэлд ашигласан зургийг 2022 он 04 дүгээр сарын 28-нд дуучин Игорь Николаев өөрийн Instagram хаягтаа нийтэлж байсан байна.

Тэд 2017 оны 07 дугаар сард Латвийн Юрмала хотын далайн эрэгт амарч байсныг Delfi мэдээлсэн ба тэд жил бүр Юрмалад ирж амардаг гэж тус улсын Jauns мэдээллийн байгууллага мэдээлж байсан байна. Тэдний 2017 онд Юрмалад амарч байхад авсан зургийг “Израилд хүндхэн амьдарч байна” гэх хуурамч мэдээлэлд ашигласан байна

Хэдийгээр дуучин Алла Пугачёва 2022 оны 02 дугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш Оросыг орхин явсан ч “мөнгөгүй болсон” тухай мэдээлэл байхгүй байна. Тэрээр Орост хэд хэдэн удаа богино хугацаагаар буцаж ирсэн ба хамгийн сүүлд 11 дүгээр сарын 02-нд ирээд буцсан байна. Харин түүнийг гэр бүлийн хамт Израил, Кипрт амьдарч байгаа тухай Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document