2023 оны 11 дүгээр сарын 23-нд TV4 mongolia пэйжид “Нөгөө сүржигнээд хоригдоод байсан Тэнүүн огоогийн Ганхуяг Лиг үзчихсэн л явж байна лээ. Аан мэдэхгүй, юу ч болоод байгаа юм” гэсэн пост оруулсан нь 241 шэйр авч идэвхжүүлсэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 28-нд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад “цагдан хориотой байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн О.Одонзаяатай холбогдож тодруулахад, “Уг хэргийг Нийслэлийн Прокурорын Газраас хянаж байгаа. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үргэлжлүүлэн хугацааг сунгах санал хүргүүлсэн ба дундуур нь гаргасан, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй” гэсэн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа”-г зааж өгсөн. Тус зохицуулалтаар,
- “1. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.
- 2. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэсэн байна.
Мөн тус хуулийн 14.12 дугаар зүйлд “Прокурор таслан сэргийлэх арга хэмжээ авах” зохицуулалтад,
- “1. Прокурор энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өөрийн санаачилгаар, эсхүл энэ тухай мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэр гаргана.
- 2. Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулах хүсэлт прокурорт гаргаж болно” гэжээ.