2023 оны 11 дүгээр сарын 27-нд Гантөмөр Хажидмаа хаягаас “Ногдол ашиг бид чадлаа удахгүй ногдол ашгийг бүх иргэнд өгнө” гэх пост оруулсан нь 5.5 мянга гаруй реакц, 1 мянган сэтгэгдэл авч, 8.8 мянга гаруй удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.
Дараах байдлаар шалгалаа
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилж өргөн барьсан “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2023 оны 05 дугаар сарын 4-ны өдөр lowforum платформд байршуулсан байна.
Уг тогтоолын төсөлд иргэн бүрд ногдол ашиг олгох тухай заагаагүй. Тогтоолын төсөлд:
“Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай
- Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшиж байсан 1072 хувцааг бүтнээр нь буюу хэсэгчлэн худалдаж авч тус компанид төвлөрүүлсэн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшилд байсан хувьцааг худалдан авахтай холбоотой гарсан зардлыг иргэдэд буцаан эзэмшүүлж байгаа хувьцааны ногдолв ашгаас суутгах замаар улсын төсөв болон хувь иргэнд эдийн засгийн ямар нэгэн дарамтгүйгээр шийдвэрлэх,
- Энэхүү тогтоолтой холбоотой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай” гэсэн байна.
УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы 11/27-12/01-ний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалд 11 дүгээр сарын 28-ны Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэхээр тусгасан. Энэ дагуу хуралдаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 69.2 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Шалгаж буй мэдээлэл нь “ногдол ашиг тараах болсон” гэж олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Үнэн хэрэгтээ иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцааг бүтнээр нь буюу хэсэгчлэн худалдаж авч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төвлөрүүлсэн байсныг буцааж иргэдэд эзэмшүүлэх тухай агуулгатай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх үйл явцыг ийнхүү мушгин хандалт цуглуулж байна.