Nutag.mn нэртэй фэйсбүүк хуудас 2023 оны 11 дүгээр сарын 3-нд “Нохой муураа хошуу аман дээр нь үнсээд байвал элэгний бэтэгтэй болох эрсдэлтэй” гэх тайлбартай пост оруулсан нь 11 дүгээр сарын 18-ны байдлаар 94 реакц, 41 сэтгэгдэл авч, 1900 гаруй удаа цааш түгээгджээ.
Мөн тухайн постод, “Нохой, Муур гэх мэт махан тэжээлтэн амьтан тэжээдэг бол Жилдээ 1 удаа ЭХО, РЕНТГЕНД үзүүлж байх 1 шалтгаан хэлж өгөе. Энэ бол #ЭЛЭГНИЙ_БЭТЭГ. Нохой, муур гэх мэт махан тэжээлт амьтдын нарийн гэдсэнд шимэгчлэн амьдардаг туузан хорхойн өндөг хүний биед хоол боловсруулах замаар дамжин орж гэдэсний ханаар дамжин ЭЛЭГ, УУШИГ зэрэг дотор эрхтэнд хүрч аажмаар өсөж хөгжин томордог. Хүндрэх хүртэлээ нэг их зовиур өгөхгүй.Тэгэхээр та мэдэхгүй явж байгаад хүндрүүлэх боломжтой гэсэн үг. Хүндрээгүй үедээ: Хөлрөмтгий, ядрамтгай, баруун сүвэрдэс аюулхай дор хөндүүлрэх, хар дарж зүүдлэх, хэвлий томрох, товгор зүйл өөрт мэдэгдэж болно. Хүндэрсэн буюу идээлсэн үедээ: Өвдөлт зовиур нэмэгдэнэ, хөлрөнө, хэл хуурай, өнгөртэй, тахикарди, элэгний ирмэг эсвэл бэтэг эмзэглэлтэй тэмтрэгдэнэ. Их хүндэрвэл Цоорч бас болно. Шинж тэмдэгүүд нэмэгдэнэ. Шоконд ч орж болно. Тийм учир ядаж жилдээ 1 удаа ЭЛГЭЭ, УУШГАА Шалгуулж байгаарай🙏🙏🙏” гэх тайлбарыг нэмэлтээр бичжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Бэтэг өвчин нь юунаас болж үүсдэг, хэрхэн халддаг, яаж урьдчилан сэргийлж болох талаар эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдээллүүдийг хүргэе.
Бэтэг өвчин нь зоонозын өвчний төрөлд хамаардаг. Өөрөөр хэлбэл, мал амьтнаас хүнд халдварладаг өвчин юм.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний тушаалаар Бэтэг өвчний хяналт, сэргийлэлтийн зааврыг баталсан байна. 2017 оны уг зааварт “Сүүлийн жилүүдэд хүн амын дунд бэтэг өвчний тархалтыг тогтоох судалгаагаар Өмнөговь, Баянхонгор аймагт тархалт өндөр, Архангай, Дорнод аймагт цөөн тохиолдол бүртгэгдсэн” гэжээ.
Бэтэг өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг цестодозын бүлгийн туузан хорхойгоор үүсгэгддэг зоонозын халдварт өвчин бөгөөд ихэвчлэн элэг, уушги, бусад эрхтэнд шимэгчлэн уйланхай үүсгэдэг байна.
- Үүсэх шалтгаан
Бэтэг өвчний үүсгэгчийн төрлийн ерөнхий нэршлийг Echinococcus гэдэг байна. Энэ нь жинхэнэ болон завсрын эзэнд үүсдэг бөгөөд жинхэнэ эзэнд нохой, чонын төрлийн амьтад хамаарах ба шимэгчдийг өөртөө тээж явдаг бол хүн завсрын эзэнд тооцогддог байна.
Одоогоор дэлхийд бэтэг үүсгэгчийн 5 төрөл тогтоогдсоноос, E.multilocularis (цулцант бэтэг үүсгэгч), E.granulosus (уйланхайт бэтэг үүсгэгч) шимэгч түгээмэл тохиолддог ба ужиг явцтай байдаг байна. Харин, E.oligathrus, E.vogeli (полицистик бэтэг үүсгэгч), E.shiquicus шимэгчээр үүсдэг уйланхайт бэтэг маш ховор тохиолддог аж.
Халдварын эх уурхай: Уйланхайт болон цулцант бэтэг үүсгэгчийн халдварын эх уурхай нь халдвартай гэрийн тэжээвэр амьтад, анч нохой болон халдвартай чоно, үнэг, нохойн овгийн зэрлэг амьтад, гэрийн тэжээвэр амьтад болдог. Халдвартай мал, амьтны ялгадсаар бие гүйцсэн өндөг ялгарч, арьс, үс, хөрс, ус, гадаад орчныг бохирдуулдаг. байна.
Халдвар дамжих зам:
- Халдвар үүсгэгчийн өндгөөр бохирдсон хөрс, мал амьтны ялгадас, үс, ноостой харьцах, бохир гараар жимс, ногоо түүх үед;
- Халдвар үүсгэгчийн өндгөөр бохирдсон ус, хоол, хүнс, жимс, ногоог хүнсэнд хэрэглэсэн үед;
- Агаарт тоостой хамт тархсан халдвар үүсгэгчийн өндгийг залгивал халдвар авч болох ч харьцангуй ховор тохиолддог;
- Халдварт өртөмхий бие
Гэрийн тэжээвэр амьтантай болон мал аж ахуй эрхэлдэг бүх насны хүн, хувийн ариун цэвэр сахидаггүй хүүхдүүд халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Халдвар хүнээс хүнд шууд дамжихгүй.
Өвчний шинж тэмдэг: Сэжигтэй тохиолдол: аюулхай дор чинэрэх, цанхайх, амархан ядрах, хэвлий томрох, овойх зэрэг эмнэл зүйн шинж илэрнэ. Батлагдсан тохиолдол: буглаа үүсэх, идээлэх, хагарч цоорох гэх мэт хүндрэл гарах, цээж болон хэвлийд бэтгийн уйланхай илрэх, лабораторийн болон эдийн шинжилгээгээр эхинококк өвчин үүсгэгч илэрдэг.
Өвчний тархалт: Бэтэг өвчин нь дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 38 градусаас дээш хэмийн халуун бүсийн улс, орнуудад элбэг тохиолддог. Уйланхайт бэтэг нь дэлхий даяар тархсан бөгөөд Антарктидаас бусад тивд байдаг. Харин цулцант бэтэг нь дэлхийн хойд хагас, ялангуяа Хятад, ОХУ болон Европ, Хойд Америк тивийн улс орнуудад илүү байдаг. Тархац ихтэй бүс нутгуудад 100,000 хүн тутмын 50 гаруйд нь уйланхайт бэтгээр өвчлөх магадлалтай бөгөөд Аргентин, Перу, Зүүн Африк, Хятад, Төв Азийн зарим хэсэгт тархалтын түвшин 5-10 хувиар өндөр болдог байна. Манай улс бэтгийн тархалтаар өндөр тархалттай улсын тоонд ордог байна.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэх: Бэтгийн халдвар үүсгэгчийг төгс эмчлэх эм, бэлдмэл хараахан гараагүй байгаа юм. Иймд, халдварлагдсан биетээс хамаарч эмчилгээ бүр адилгүй байдаг байна. Тухайлбал, халдвартай хүнд мэс заслын болон эмийн эмчилгээ хийдэг бол халдвартай малд эмчилгээ хийхэд зардал өндөр тул бие дэх уйланхайг нь хагалахгүйгээр авч, гүнзгий нүхэнд булж эсвэл шатааж устгадаг байна.
Харин гэрийн тэжээвэр нохойд улиралд дор хаяж нэг удаа туулгалтын бэлдмэл өгч, биеийг нь хорхойгүйжүүлж байх хэрэгтэй бөгөөд халдвар авсан нь тогтоогдвол тухай бүр эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Ингэхдээ, бромт устөрөгчийн ареколин, фенасал, лопатол, мебендазол, празиквантел зэрэг бэлдмэлийг талх эсвэл маханд боож, үйлдвэрлэгчийн зааврын дагуу өгдөг байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/64 тоот тушаалаар баталсан “МАЛ, АМЬТНЫ БЭТЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР”-ыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан байна. Уг зааварт бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дараах байдлаар тодорхойлжээ.
- 3.1. Нийгмийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тодорхой тусгаж арга хэмжээ авах хэрэгтэй.
- 3.2. Мал нядалгааны газар нядлаж байгаа мал болон төв суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй малын мах, дайвар бүтээгдэхүүнд махны хяналтын журмын дагуу уулинхай илрүүлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийнэ.
- 3.3. Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, мал, амьтдын эхинококкийн халдварлалтын зураглалын дагуу хүн, малын бэтэг өвчинд хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг хийнэ.
- 3.4. Нохой, муурыг бүс нутгийн хэмжээнд хорхойноос эмчлэн, сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулна.
- 3.5. Өвчний тархвар зүйн байдалд үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
- 3.6. Хүнсний зориулалтаар нядалж буй малын дотоод эрхтэнд үзлэг хийн уулинхай илэрсэн тохиолдолд малын эмчид мэдэгдэнуулинхайг булж эсвэл шатааж устгана. Мөн нохой, муурыг малын эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнд байнга хамруулна.
- 3.7. Нохойг туулгасны дараа тогтсон газар уяатай байлгаж, баасыг цуглуулан устгах, төв, суурин газар тэдгээрийг сул явуулах, ил задгай шээлгэх, баалгахыг хориглох шаардлагатай.
Зөвлөмж:
Хэрэв гэрийн тэжээвэр амьтантай бол туулга, вакцинд тогтмол хамруулах, шинжилгээ өгөх зэргээр бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалах шаардлагатай. Түүнчлэн, өвчин үүсгэгч халдвар нь халдвартай амьтны өтгөнөөр ялгарч, ойролцоох орчноо наалдан бохирдуулдаг учир аливаа бохирдсон орчинтой харьцахдаа ариун цэврийг сайтар сахих, жимс, хүнсний ногоог зайлшгүй угааж, цэвэрлэж байж хэрэглэх нь зүйтэй.