Гайморитыг лаврын навчаар эмчлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #758

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Лаврын навч хандалсан усаар нүүрэндээ халуун жин тавиад гайморитыг эмчлээрэй гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Лаврын навчийг хандалж халуун жин тавих талаар хийсэн судалгаа огт байхгүй бөгөөд энэ нь нүүрний өвдөлтийг намдаах халуун жин болох ч өвчнийг бүрмөсөн эдгээхгүй.

2023 оны 11 сарын 9 ны өдөр Батмөнхийн Батсайхан гэх хаягаас “Гайморит бол хамрын шаналгаат өвчин мөн. Эмчлэхдээ хувинд 3 уут ( худалдаанд цаасан ууттай байдаг) лаврын навч хийж дээрээс нь буцламтгай ус нэмнэ. Тэгэхдээ ус нь навчнаас дээш 4-5 см илүү байхаар хийвэл зохино.Ингээд хувингаа таглаж 15-20 минут байлгаж хандална. хувин нь паалантай байх шаардлагатай. Бэлтгэсэн хандаараа зөөлөн цагаан алчуурыг норгож сайтар халаана. Тэгэхдээ нүүрнн түлмээр хэт халаахгүй. Норгосон алчуураараа амнаасаа авхуулаад духаа хүртэл бүтээнэ. Ийм эмчилгээг өдөрт 1 удаа унтахын өмнө 20-30 минутын хугацаагаар тавихад 10 хоногийн дараа бүх идээ гарч дахин хэзээ ч өвчлөхгүй.Хөх оточ” номноос ” гэх мэдээллийг лаврын навчны зурагтай нийтэлжээ. Тус пост нь нийт 100 хандалт, 10 сэтгэгдэл авч, 4,100 удаа цааш түгээсэн байна. 

Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу гайморит, синуситис нь ихэвчлэн халдварын улмаас үүсдэг  үрэвсэл юм. Ханиад, харшил, бактерийн халдвар, вирусийн халдвар  зэргээс үүдэн үрэвсэх боломжтой. Үрэвссэн тохиолдолд  

  • хацар, нүд, духны эргэн тойронд өвдөх, хавдах, эмзэгших
  • Хамар битүүрэх
  • Үнэрлэх мэдрэмж буурах
  • Хамраас ногоон эсвэл шар өнгийн салиа гарах
  • синусын толгой өвдөх
  • Халуурах
  • шүд өвдөх
  • Ханиалгах
  • Амьсгал муудах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. 

Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь ихэвчлэн өөрийн жамаар арилдаг ч олон дахин давтагдах, аль эсвэл удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд эмчид хандаж эмчилгээ бичүүлэх, хүндэрсэн тохиолдолд хагалгаанд орох шаардлагатай болдог байна.

Лаврын навч нь антиоксидант, таталтын эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, мутагений эсрэг, дархлаа эрчимжүүлэх, вирусийн эсрэг, нейротрансмиттер ацетилхолины үйл ажиллагааг эсэргүүцэх., шавж үргээх, нянгийн эсрэг, саажилтын эсрэг зэрэг үйлчилгээтэй. Хэдийгээр лаврын навчийг ургамлын гаралтай эм болгон ашиглаж ирсэн ч шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг хандалж алчуурт шингээн халуун жин тавих аргаар хийгдсэн судалгаа огт байхгүй юм. Харин  АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хамрын хөндийн даралт, өвдөлтийг намдаахад:

  • Хамар, духан дээр дулаан жин тавих нь даралтыг бууруулахад тусална.
  • Хамрын битүүг арилгах эм, цацлага эсвэл давстай шүршигч хэрэглэх.
  • Шүршүүр аль эсвэл аягатай халуун усны уураар амьсгалах зэрэг аргыг санал болгосон.

Иймд лаврын навчгүй ч халуун жин тавих нь гайморитоос үүсэх өвдөлтийг намдаах боломжтой юм. Тиймээс тухайн үеийн зовуурь, өвчнийг намдаах боломжтой ч гайморит өвчнийг бүр мөсөн эдгээхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document