Өвдөлт намдаах тос нь өвчнийг бүрэн эдгээхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #756

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өвдөлт намдаах тосыг сурталчилахдаа яс ургалтыг эмчилнэ гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хөлийн хурууны яс ямар шалтгаанаар үрэвссэнээс хамааран эмчилгээ ч өөр, өөр байна. Өвдөлт намдаах тос нь шинж тэмдгийн эмчилгээ болохоос суурь шалтгааныг эмчлэхгүй.

2023 оны 11 дүгээр сарын 12-нд BestStore нэртэй пэйжид “Яс ургалт эмчлэх үе мөчний тос” гэх гарчигтай бичлэгийг байршуулжээ. Тус бичлэгт гарч буй яриа болон бичлэгийн тайлбар хэсэгт бичсэн агуулга ижил байсан нь “Энэхүү тосыг хэрэглэснээр хөлийн хурууны тулай, хаван, үе мөч, өвдөг, нуруу, бугуй, шагай, булчингийн шөрмөс зэргийн өвдөлтийг намдаах боломжтой. Цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог бэхжүүлж, үрэвслийг багасгаж, хаван багасгана. Өдөрт 2-3 удаа зовуурьтай хэсэгтээ хэрэглэнэ. Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд мөн нүдэнд түрхэхийг хориглоно” гэсэн байна. Тус постоор 289 реакц, 146 сэтгэгдэл, 262 шэйр цуглуулжээ.

Яг ижил бүтээгдэхүүнийг АНУ-ын Walmart худалдааны сүлжээний вэбсайтад байршуулсан нь:

  • Эрхий хурууны яс овойж түрсэн үед хэрэглэх уг тос нь өвчин намдаана, өвдөлтөд мэдрэг байдлыг бууруулж, түрхсэн хэсгийн уян хатан байдлыг нэмэгдүүлнэ
  • Үрэвсэлтэй хэсгийн хатуужсан арьсыг зөөллөж, чийгшүүлнэ
  • Үе мөчний бусад өвдөлтийн үед өвчин намдаах зорилгоор ашиглаж болно гэсэн байна.

Өвдөлт намдаах тус бүтээгдэхүүний үйлчилгээнд ямар нэг өвчнийг ‘эмчилнэ’, ‘эдгээнэ’ гэсэн үг хэллэг байсангүй.

Өмнө ч бид одоо шалгаж буй бүтээгдэхүүнтэй ижил брэндийн /South Moon/ бүтээгдэхүүнд баримт шалгалт хийж, үйлчилгээг худал сурталчилж байсныг мэдээлж байсан. Цахим худалдааны платформууд дээр зарагдаж буй уг бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй болохыг Филиппинийн VeraFiles баримт шалгах төв ч өмнө анхааруулж байжээ.

Хөлийн эрхийн хурууны яс овойх 8 шалтгааныг АНУ-ын МакФерсон нийгэмлэгийн хөл, тавхайн эмнэлэг тодорхойлсон байна. Эдгээрт:

  • Спортоос үүдэлтэй гэмтэл
  • Яс хугарал
  • Тулай
  • Үе мөчний өвчин хөлийн эрхийн хурууны ясыг үрэвсүүлэх, яс ургах
  • Системийн ревматойд
  • Холбогч болон зөөлөн эд, яс бэхжилтээ алдаж хөлийн эрхийн хурууны яс овойж гадагш түрэх
  • Хөлийн эрхий хуруунд байдаг хос савхан яс гэмтсэн
  • Хөлийн эрхийн хурууны хумс шигдэж үрэвссэнээр хурууны ясны бүтцийг гажуудуулах зэрэг шалтгаан орох ба “Хөлийн эрхийн хурууны товгор хэсгийн бүтэц дотроо үрэвссэн хавдар, яс гадагш түрсэн гажиг, яс ургасан зэргээр янз бүр байх боломжтой. Ямар шалтгаанаас үүдэлтэй вэ гэдгийг нь нарийн оношлуулж байж жийргэвч, өсгий зэргийг хэрэглэх, жин тавих, эм уух, хагалгаа хийлгэх зэргийг шийдэх нь зөв” гэсэн байна.

Анагаах ухааны бусад байгууллагаас дээрх тохиолдлуудад өвчин намдаах тос хэрэглэж болно гэсэн байвч энэ нь шинж тэмдгийн эмчилгээ болохоос биш суурь шалтгааныг эмчлэхгүй аж. Жишээлбэл, “Эрхий хурууны яс овойж гадагш түрэх тохиолдолд байхгүй болгоно гэвэл хагалгаанд орно. Өдөр тутмын амьдралд саад болохгүй, зовуурь багатай бол хүндрүүлэхгүй байх арга хэрэгслийг сонгох нь зүйтэй. Үүнд зориулалтын улавч, хөлийн хурууны чиг, хөлийн хуруунд аппарат суулгах зэрэг орно” гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад дурдсан байна. Мөн тус сайтад тулай өвчний талаар “Тулай өвчтэй болох эрсдэлийг жингийн илүүдэлтэй байх, согтууруулах ундаа их хэрэглэдэг, цус шингэлэх эсвэл даралт буулгах эм хэрэглэдэг, холестерины түвшин өндөр, хагалгаанд орсон зэрэг нь нэмэгдүүлнэ. Тулай өвчтэй болсон тохиолдолд өвчин намдаагч хэрэглэх, дотроосоо эм уух, дааврын эмчилгээ хийлгэх, цусан дахь шээсний хүчлийн хэмжээг хянах зэрэг эмчилгээг зөвлөдөг” гэж дурджээ.

АНУ-ын Нортвест хагалгааны төвийн мэдээллээр “Яс ургах нь ижил шинж тэмдгээр илрэх бусад өвчин, эмгэгүүдээс хамаагүй хүнд шинж тэмдэгтэй. Хоёр ясны залгаас хэсэгт тохиолдох нь элбэг. Холбогч эд, мөгөөрсний гэмтлийн үед хүний бие дахин төлжих явцад яс ургах тохиолдол бий. Хөлийн эрхий хурууны яс товойж гадагшлахаас ялгаатай нь нэмэлт яс ургаж байгаа учраас маш хүнд өвдөлт мэдрэгдэнэ. Нас нэмэх, жин зохих хэмжээнээсээ хэтрэх тохиолдолд яс ургах магадлал дагаад нэмэгддэг. Зөвхөн тус хэсгийн гэлтгүй залгаа бусад яс, мөчдийг ч үрэвсүүлэх боломжтой. Хүндэрсэн тохиолдолд ясанд шарлага хийх, хагалгаа хийж авах зэргийг зөвлөнө” гэсэн байна.

MedicalNewsToday вэбсайтад “Хөлийн эрхий хурууны яс өвчин орж, хавдсан тохиолдолд анхан шатны тусламж нь өвчин намдаах эмчилгээ байна. Мөн ховор тохиолдолд үрэвслийг бууруулах зорилгоор дааврын тариа хэрэглэдэг. Зөвхөн өвчин намдаагч хэрэглээд зогсохгүй шаардлагатай нэмэлт хэрэгсэл хэрэглэх ба спортоос үүдэлтэй гэмтэл байлаа гэхэд тухайн спортоор хэсэг хугацаанд хичээллэхгүй байх нь зүйтэй. Үе мөч, хөлний мэргэжилтэнтэй холбогдож ямар гутал өмсөх талаараа зөвлөгөө аваарай. Хэрэв тулай, үе мөчний үрэвсэл зэрэг байвал тусгай эмчилгээ хийдэг. Яс ургасан тохиолдолд хагалгаанд орох нь зойшгүй байж болзошгүй” гэж дурджээ.

Дээрх баримт шалгалтаас харахад тухайн бүтээгдэхүүний үйлчилгээг хэтрүүлэн сурталчилсан байх тул тус мэдээлэл хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document