Бөөс хуйхнаас өөр газар 1-2 хоногт үхдэг тул эд зүйлээр зөөвөрлөн халдварлах боломж хомс

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #755

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бөөс болон бөөсний шампунийг Хятадаас тараадаг, бөөсний шампунь үр дүнгүй байна гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нэр дурдсан бүтээгдэхүүн нь Болгар улсаас орж ирдэг ба ямар нэг байдлаар бөөс зориудаар тараах боломж хомс.

2023 оны 10 дугаар сарын 16-нд Baybayar Tsetsegbayar нэртэй хэрэглэгч Хигия нэртэй шампунийн зургийг оруулсан нь 11 дүгээр сарын 21-ний байдлаар 286 реакц, 142 сэтгэгдэл авч, 1.5 мянган удаа цааш хуваалцсан байна. Зургийн тайлбарт дараах агуулгуудыг дурджээ.

  • Бөөс бохир заваанаас болдог зүйл биш
  • Хятадаас бөөс албаар тарааж араас нь бөөсний маш хортой шампунь хэргээр үйлдвэрлэн шахаж байна
  • Өдөр бүр угааж арчаад ч нэмэр алга
  • Энэ шампуниар бүү угаа, маш хортой. Хүүхдийн үс түрүүчээсээ салаарч, гэмтэж, хагтаж, хүүхэд харшилж, нүүр ам нь хавдчихаад байна. Тэр бүр угаагаад байж болохгүй байна.
  • Энэ шампунь бүр Монгол тайлбартай монгол улсад зориулсан байгаа нь хүртэл бодлоготой

Хүний бөөсийг толгойн, биеийн, умдагны үсний гэж 3 ангилна. Эдгээр нь биеийн нэг хэсэгт зэрэг амьдардаггүй.

Pediculus humanus capitis буюу толгойн бөөс нь шимэгчлэгч шавж бөгөөд толгой, хөмсөг, сормуус зэрэгт амьдарна. Хүний цусаар хооллох тул хуйх хамгийн тохиромжтой орчин. Толгойн бөөс ямар нэг өвчин халдаадаггүй. Гэхдээ бөөсөнд хазуулсан шархаа маажих, урах зэрэгт шарх үрэвсэж, арьсан дээр байх нянгийн үйлчлэлээр хүндрэх боломжтой.

Толгойн бөөс мөлхөж хөдөлдөг, үсэрч чадахгүй. Толгойн бөөстэй хүнтэй шууд хүрэлцэх үед халдварлана. Мөн тухайн хүний хэрэглэсэн хувцас хэрэглэл, дэрний уут, хөнжил, сам, багс, алчуур зэргээр дамжих боломжтой. Ариун цэвэрч эсэхээс үл хамааран ямар ч хүнд халдварладаг. Иймд бохир заваан эсэх бөөстэй байхтай төдийлөн хамааралгүй.

Амьдралын мөчлөг нь бөөсний өндөг, биежиж буй бөөс, нас бие гүйцсэн гэж ялгарна.

Толгойн дундуур амьтан явж буй мэт загатнах мэдрэмж төрөх, хазсан шарх нь загатнах, хуйх мэдрэгшиж шөнө унтахад тухгүй болох, хуйханд хөндүүр шарх үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв байгууллага

Дээрх мэдээллээс харахад шалгаж буй мэдээлэлд дурдсан бөөс бохир, заваан байдалтай хамааралгүй гэсэн нь үнэн байна.

АНУ-ын Cleveland Clinic төвийн онцолсноор “Толгойн эм бөөс өдөрт 10 хүртэлх өндөг гаргана. Эдгээр нь үсэнд наалдаж, 10 хоногийн дараа бөөс болж төлжинө. 9-12 хоногийн хугацаанд нас бие гүйцнэ. Ингээд 24 цаг тутамд үрждэг буюу өсөлт нь маш хурдан. Амьдрахад нь хүний цус зайлшгүй хэрэгтэй. Амьдралын богино мөчлөгтэй энэ амьтан хуйхнаас хол амьдарч чадахгүй. Толгойноос уналаа гэхэд буцаж хуйхтай орчинд орохгүй бол 24-48 цагийн дотор бүрэн үхдэг” гэсэн байна. Иймд шалгаж буй мэдээлэлд дурдсан бөөсийг зориудаар тараана гэх боломж маш бага аж. Хүний толгойноос өөр орчинд амьдрах чадвар сул байгаа нь тэднийг тээвэрлэх, тараах боломжийг багасгажээ.

Зурагт хавсаргасан Sopharma брэндийн “Хигия” нэртэй бүтээгдэхүүнийг хайхад Болгар улсын үйлдвэрийн илэрц гарч ирж байна. Дотооддоо борлуулалт хийдэг Sopharmacy платформ дээр нь ч уг бүтээгдэхүүнийг байршуулжээ. Уг бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг “Цахиур төмөр” ХХК-ийн Агар фармтай холбогдож бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг, гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтыг авснаа дор хавсаргалаа.

Тухайн бүтээгдэхүүний холбогдох баримт бичгээс үзэхэд Болгар улсаас оруулж ирдэг гэдэг нь батлагдаж байна. Мөн бөөс тараах боломж хомс гэдгийг ч баримт шалгалтын өмнөх хэсэгт дурдсан тул мэдээлэл оруулсан хэрэглэгчийн “Хятадаас зориудаар бөөс тарааж, араас нь бүтээгдэхүүнээ шахаж байна” гэх хардлага худал.

Бүтээгдэхүүн Монгол шошготой байгаа тухайд Монгол улсын Эм, эмийн бүтээгдэхүүний тухай хуулиар уг асуудлыг зохицуулдаг. Тус хуулийн 18.5-д “Хэрэглэх заавар нь монгол хэлээр байх бөгөөд дараахь мэдээллийг агуулна:

  • 18.5.1.үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг;
  • 18.5.2.эмийн худалдааны болон олон улсын нэр;
  • 18.5.3.эмийн найрлага, тун, хэмжээ;
  • 18.5.4.хэрэглэх заалт;
  • 18.5.5.хориглох заалт;
  • 18.5.6.гаж нөлөө;
  • 18.5.7.бусад эмтэй харилцан үйлчлэл;
  • 18.5.8.хэрэглэх арга;
  • 18.5.9.хүчинтэй хугацаа;
  • 18.5.10.хадгалах нөхцөл, анхааруулга;
  • 18.5.11.олгох нөхцөл” гэж заасан байх тул монгол хэлээр зааварчилгаа тавьсан нь гадаад орны бодлого гэхээсээ илүүтэй манай орны хууль тогтоомжид тусгасан асуудал юм. Иймд Монгол хэлээр зааварчилгаатай байгаа нь гадаад орны бодлого гэх мэдээлэл худал.

“Хигия” бүтээгдэхүүний сануулгад сард 2-оос олон хэрэглэхгүй гэсэн байна. Хэрэв олон давтамжтай хэрэглэвэл бөөсний эсрэг шампуньд байх перметрин зарим нэг гаж нөлөө үзүүлэх боломжтойг WebMD сайтын зөвлөмжид тусгасан нь:
“Бөөстсөн үед хуйх загатнах, мэдрэгших, хавдах, улайх нь нийтлэг. Үүн дээр перметрин хэрэглэхэд хэсэг хугацаанд шинж тэмдэг улам дорддог. Халуу оргих, биржийх, бадайрах зэрэг гаж нөлөө илэрч болно. Энэ тохиолдолд арьс, хуйхны мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ховор тохиолдолд перметриний харшилтай байх магадлал бий. Тууралт гарах, нүүр, хоолой, хэл хавдах, толгой эргэх, амьсгалж чадахаа байх зэрэг нь харшлын шинж тэмдэг болохыг анхаарна уу” гэсэн байна.

Зөвхөн шампунь хэрэглэлээ гээд бөөс алга болохгүй байх тохиолдол байдаг аж. Хэрэглэгч тогтмол бөөсний цэвэрлэгээ хийх нь чухал.

Их Британийн The Hairforce үсний клиникээс гаргасан зөвлөмжид:
“Бөөсний өндөг эсвэл бөөс байгааг мэдсэн даруйдаа зориулалтын самаар түүх хэрэгтэй. 7 хоногт 1-ээс дээш түүж байж өндөг үлдээхгүй. Үсийг хэсэгчлэн хувааж маш нарийн самнах нь чухал. Шувтарсан тоолондоо самаа цаасаар арчих, цаасанд ямар нэг бор, хар зүйл арчигдахгүй болтол самнана. Бөөс нь зугтах чадвартай тул самнах явцад өөр тийш зугтах боломжтой. Хэдийгээр бөөсний бүтээгдэхүүн нь бөөсийг устгах хэдий ч бөөсний өндгийг үлдээх магадлалтай тул тогтмол бөөс түүх сам хэрэглэх хэрэгтэй. Цэвэрлэгээний дараа ор, хөнжлийн даавуу, толгойн хэрэглэл зэргийг бүгдийг нь угаа. Зарим бөөс зориулалтын шампуниасаа дархлаатай болчихсон байдаг тул эмчид хандаж шаардлагатай тохиолдолд эм уугаарай” гэсэн байна.

Хэрэв та шампунь хэрэглээд л толгойн бөөснөөсөө ангижирч чадахгүй байгаа бол дутуу цэвэрлэсэн, бөөсний өндөг үсэнд үлдсэнээс үүдэлтэй байх боломжтой. Иймд зөвхөн бүтээгдэхүүнд найдаад орхиж болохгүй байна.

Баримт шалгалтын үр дүнгээс харахад тухайн хэрэглэгчийн оруулсан пост ХУДАЛ


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document