Хуурамч мэдээллээр хандив цуглуулж байгаа тул дансыг мэдээлж битүүмжлүүлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #754

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эмүжин нэртэй охин Солонгос улсын Сөүл хотын Самсунг эмнэлэгт эмчлүүлж буй тул хандив хэрэгтэй боллоо гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Тухайн хаягт шинжилгээ хийхэд хуурамч хаяг болохыг илтгэхүйц шинж тэмдэг байна. Мөн Сөүлийн Самсунг эмнэлэгтэй холбогдоход нэр дурдсан өвчтөний байхгүйг анхаарууллаа.

2023 оны 11 дүгээр сарын 22-нд Hamgiin saihan Emujin гэх пэйжээр “Бусдад түгээхэд минь туслаач” гээд Солонгоёт эмчлүүлж байгаа хүүхдэд хандив гуйсан пост оруулжээ. Уг постод “Хаан банк 5564002704 Ulziijargal. ЭЛЭГ НЭГТ АХАН ДҮҮСЭЭСЭЭ ХАНДИВ ХҮСЭЖ БАЙНА. Миний охин Эмүжин нь 3 сартай бяцхан охин минь эрүүл саруул ээждээ ирсэн. Бурхан намайг түүнтэй минь учруулаад 3сар л жаргах эрхийг минь өгч хүн болох гэж дэндүү их яарсны шийтгэл үү аль эсвэл ээжийнх нь үйлийн үр үү. Бяцхан охин минь 4кг200гр төрсөн ч эрүүл саруул бойжиж байсан ч жингийн дутагдалтай болж 2кг хүртлээ жин нь багассаар одоогоор Солонгос улс дахь Сөүл хотын Самсунг эмнэлгийг зорин ирж эрчимт эмчилгээ эхлүүлсэн байна. Охин минь инкубаторт аппараттайгаар амьсгалан амьдархын тулд арай ядан тэсэн тэвчиж байна. 1-2сарын хугацаанд яаралтай эрчимд эмчилгээ хийлгэх болсон тул ахан дүүсээсээ хандив хүсэж байна. Та бүхэн минь сэтгэлийн хандиваа илгээж хайрлаач. Тус эмчилгээний зардал нь 120сая төгрөг учир та бүхнээсээ их бага гэлтгүй хандиваа хайрлаасай гэж хүсэж байна. Охинтой минь элэг бүтэн азжаргалтай монгол руугаа эрүүл саруул буцахад минь туслаач. Та бүхнээсээ гуйж байна. Холбогдох дугаар: 95237404. Хаан банк ( 55 64 00 27 04 Өлзийжаргал) Та бүхэн минь бусдад түгээж алгасалгүй хандив хайрлаач” гэсэн байна.

Хаягийг шалгах

Тус пэйжийг 2021 оны 02 дугаар сарын 16-нд “Dandaaaa huurhun hornynuudiig shaana kk” гэдэг нэрээр нээж, 2023 оны 10 дугаар сарын 20-нд “Hamgiin saihan Emujin” болгон өөрчилсөн байна. Мөн нүүр зургаа сольж, шалгаж буй пост оруулснаар өөр мэдээлэлгүй, ба хандивын данс оруулсан стори хийсэн байна.

  • Эдгээр шинж нь уг хаяг бодит бус, хуурамч мэдээлэл түгээсэн байх магадлалтайг илтгэж байна.

Агуулгыг нягтлах

Шалгаж буй мэдээлэлд ямар оношоор, ямар эмчилгээ хийлгэх тухай тодорхой мэдээлэл байхгүй. “4кг200гр төрсөн ч эрүүл саруул бойжиж байсан ч жингийн дутагдалтай болж 2кг хүртлээ жин нь багассаар одоогоор Солонгос улс дахь Сөүл хотын Самсунг эмнэлгийг зорин ирж эрчимт эмчилгээ эхлүүлсэн байна” гэжээ.

Бид Солонгос Асан, Samsung, СНА Эмнэлгийн Албан Ёсны Төлөөллийн Газар болох LiveAgain Mongolia байгууллагатай холбогдож ийм өвчтөн Солонгос улс руу тус төвөөр дамжуулсан эсэхийг тодруулахад “Ийм тохиолдол байхгүй” гэсэн хариултыг өглөө. Мөн биднийг Самсунг эмнэлгийн Олон улсын хэлтсийн Монгол ажилтан н.Лхамаатай холбож өгсөн юм. Бид н.Лхамаатай холбогдож тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн бүртгэлээс шалгуулахад Эмүжин нэртэй эсхүл ойролцоо насны хүүхэд байхгүй болохыг мэдээллээ.

АНХААРУУЛАХ НЬ

Хууртаж, хандив шилжүүлсэн хүмүүс мэдээлэлд дурдсан Өлзийжаргал эзэмшигчтэй 5564002704 дансыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв хаягт илгээх буюу 102 дугаарын утсанд мэдэгдээрэй.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Иргэдийг хуурч гүйлгээ хийсэн дансыг шуурхай царцааснаар цааш дамжих боломжгүй болно гэсэн үг. Цагдаагийн байгууллагын шалгалтаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нь тогтоогдвол уг царцсан данснаас хохирол барагдуулах боломжтой” гэсэн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document