Мэдээллийг өөр эх сурвалжаар дахин баталгаажуулах шаардлагатайн жишээ – Тавантолгой түлш ХХК-ийн пост

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #753

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Согтуу залуус айл түймэрдсэнийг Тавантолгой түлш ХХК-ийн шуурхай ажилласнаар илрүүлсэн утгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ЦЕГ-аас “Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус тоотод оршин суух “А” нь 5 хоногийн өмнө насанд хүрээгүй 14 настай, эрэгтэй “О” гэгчтэй маргалдсан байна. Улмаар “О” гэгч нь 11 сарын 21-ний өдөр “А”-ийн гэр эзгүй байх үед нь Монгол гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасныг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн залруулга гаргасан байна.

2023 оны 11 дүгээр сарын 22-ны 07:00 цагт Тавантолгой түлш ХХК нэртэй пэйжид “ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЛАА” гэх мэдээлэл оруулсан нь 350 шэйр авч идэвхжүүлсэн байна.

Уг мэдээлэлд “Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ. Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ. Улмаар Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан ахлах Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллагад дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ. Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Баярмаа, Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадлаа” гэсэн байв.

Энэ дагуу мэдээллийн сайтууд болон пэйжүүд хуулж мэдээ нийтэлснээр Facebook платформд нийт 24 удаагийн постоор мянга орчим хандалт авсан байна.

  • Харин энэ постдоо 6 удаа засвар оруулснаас 14:15 минутад хийсэн засвараар мэдээлэл дэх “согтуу залуус шатаасан, гэрийн эзэн согтуу унтаж байсан” гэх хэсгийг өөрчилж, “гэрийн зүүн талаас гаднаас нь галдаж шатаасан, гал унтраах ангийнхан ирсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан байна” гэж өөрчилсөн байна.
  • Харин эхний мэдээллээс хуулсан пэйжүүд дэх мэдээлэлд уг завсарыг оруулаагүй.

11 дүгээр сарын 22-ны 13:24 минутад Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-өөс залруулга мэдээлэл гаргасан байна.

Уг залруулгад, “Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус тоотод оршин суух “А” нь 5 хоногийн өмнө насанд хүрээгүй 14 настай, эрэгтэй “О” гэгчтэй маргалдсан байна. Улмаар “О” гэгч нь 11 сарын 21-ний өдөр “А”-ийн гэр эзгүй байх үед нь Монгол гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасныг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэжээ.

Сургамж:

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан “Тавантолгой Түлш” ХХК-ийн албан ёсны пэйжээр түгээсэн мэдээлэл ийнхүү олон нийтийг төөрөгдүүлсэн тохиолдол гарлаа.

Энэ мэдээллийн “угаар мэдрэгчийн ажиллагаа нь Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд дохио илгээх горимтой бөгөөд, уг дохиоллын дагуу тухайн байршилд гал түймэр гарч байсныг илрүүлсэн” гэх гол өнцөг нь бүдгэрч, “согтуу залуус айл түймэрдэж байгаад баригдсан, гэрийн эзэн нь мөн согтуу унтаж байсан” гэх хуурамч мэдээлэл нь олны анхааралд илүү өртлөө.

Мэдээллийн сайтууд болсон явдлыг өөр эх сурвалжаас тодруулахгүйгээр төрийн байгууллагад итгэж, шууд хуулан тавьсан нь мөн олон нийтийг төөрөгдүүлэхэд хүргэлээ.

Иймд аливаа мэдээллийг түгээж буй эх сурвалжийг хичнээн найдвартай гэж үзсэн ч шууд итгэхээсээ илүүтэй нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document