2023 оны 11 дүгээр сарын 9-нд Поло shop нэртэй пэйжид “Адууны арьсан гутал 75,000₮ болж 70% хямдарлаа” гэх тайлбартай, зургууд оруулсан нь 848 реакц, 1.5 мянган сэтгэгдэл авч, 7.3 мянган удаа цааш түгээсэн байна. Уг мэдээлэлд хямд гутал авахын тулд 2 пэйжид лайк дараад, 5-аас дээш группэд шэйр хийх нөхцөл тавьсан байна.
Хуурамч мэдээллээр хандалт өсгөх нэг хэлбэр тул хэрхэн шалгах аргыг мэдэж, бусдадаа хуваалцаарай.
Хаягийг шалгах:
Пост оруулсан хаяг дээр дарж ороод хэзээ нээсэн, хаяг, холбоо барих танилцуулга байгаа эсэх, юу постолдог, хэдэн дагагч, найзтай, тэдгээрээс дундын найзтай эсэх, зураг нь бодит уу гэх зэргээр шалгаад үзээрэй.

Поло shop гэх пэйжийг 2021 оны 05 дугаар сарын 18-нд нээсэн ба БНСУ-аас удирддаг нэг админтай гэжээ.
Мөн пэйжид хаяг, холбоо барих дугаар зэрэг мэдээллээ оруулаагүй байна.
Нээлттэй буюу public тохиргоотой постыг 2021 оны 07 дугаар сарын 9-нд нүүр зургаа оруулж, ес хоногийн дараа цүнх, гутлын зургийг “нэг азтай бүсгүйд бэлэглэнэ” гэсэн тайлбартай оруулсан ба түүнээс хойш мэдээлэл оруулаагүй байна.
Зургаар хайх
Хэрэв та гар утаснаас энэхүү зарыг үзэж байгаа бол хямдруулж зарж байгаа гэх гутлын зургийг сркийншот хийж аваад, Google Lens аппликейшнд оруулж хайхад хаана, ямар үнээр худалдаалдаг тухай мэдээллүүд гарч ирнэ.
Харин компьютерээс орж байгаа бол маусын баруун товчийг дарж, Search image with Google гэснийг сонгож хайгаарай.
Жишээ болгож, эхний зургийг хайхад 2022 оны 12 дугаар сарын 27-нд “Адууны арьсан гутал худалдаа” нэртэй пэйжид оруулж байсан зураг байна.

“Адууны арьсан гутал худалдаа” нэртэй пэйж нь пост бүрдээ холбоо барих дугаар, дэлгүүрийн хаяг байршлыг оруулдаг бодит хаяг байна. Мөн энэ төрлийн гутлын дундаж үнэ 350,000 төгрөг байдаг байна.
Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй
Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор 5-аас дээш группэд шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт худалдан авахыг хүсэж дугаараа үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг авах боломж олгож, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ гэсэн үг.
Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай.