2023 оны 11 дүгээр сарын 18-нд Badamgarav Duguitsagaan нэртэй хэрэглэгч МУИС-ийн төв байрны зургийг “Ёстой онцгүй мэдээ, МУИС-ийн нэг буюу дугуй байрыг нураах шийдвэр гарчээ. Яагаад ийм хамуурсан бодлоготой юм бэ? Хайран сайхан сургууль минь” гэсэн тайлбартай байршуулсан нь 11 дүгээр сарын 20-ны байдлаар 657 реакц, 182 сэтгэгдэл авч, 695 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд МУИС-ийн хичээлийн төв байрыг 2015 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/529 дүгээр захирамжаар Соёлын өвийн мэдээллийн санд “Архитектурын дурсгалт барилга” гэсэн төрөлд бүртгэсэн байна. Уг бүртгэлд тус байрын нийт уртыг 175 метр, өргөнийг 17.5 метр гэж тэмдэглэжээ.

- Тэгвэл энэхүү 175*17.5 м гэх хэмжээг Google map-д оруулж хэмжихэд МУИС-ийн 3 дугаар байрыг оруулалгүйгээр зөвхөн төв байрын хэмжээтэй таарч байна.

- Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3-т “Соёлын өвийн анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулахгүйгээр тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална” гэж дурджээ.
МУИС-ийн Захирлын ажлын албанаас тодрууллаа
Монгол улсын их сургуулийн хичээлийн төв байр соёлын өвийн хамгаалалтад байдаг тул уг түүхэн барилгыг нураах эрх бидэнд байхгүй. Гэтэл хичээлийн 3 дугаар байрыг шинэчлэн барих ажил эхэлсэнтэй холбогдуулан энэ төрлийн хуурамч мэдээлэл гарч байна.
Хичээлийн болон оюутны дотуур байрыг шинэчлэх, сэргээн засварлах асуудал үеийн үед яригдсаар ирсэн. Энэ хүрээнд зарим сургуулийг нураах шийдвэр гарсанд хичээлийн 3 дугаар байр багтаж байна. Тус байр нь1956 онд баригдсан. Соёлын өвийн бүртгэлгүй. Хотын дурсамжид халдлаа гэж шүүмжлэх хүмүүсийг ойлгож байна. Гэхдээ бид оюутнууд болон ажилчдаа эрүүл ахуйн шаардлага хангасан байранд суралцах, ажиллах боломжоор хангах ёстой. Дотор нь байж үзсэн хүмүүс мэдэх л байх. Аль хэдийнээ газар хөдлөлтөд тэсвэргүй, цахилгаан, сантехникийн асуудалтай болчихсон байр. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 2-ны 167 дугаар тогтоолд ч тус асуудлыг тусгасан.Манай сургууль 26,000 оюутантай. Хичээлийн анги, танхимын хүрэлцээ ч муу байгааг ойлгох хэрэгтэй.
Нураана гэж хүмүүсийн цуураад буй МУИС-ийн төв байр нь 6,265 шоо дөрвөлжин метр талбайтай. Цаашид энэ хэвээр нь их засвар, сайжруулалт хийсээр явах болно. Мөн 2017 онд “МУИС Кампус” төслийг танилцуулж байхдаа ч бид ил тод мэдээлсэн.
Монгол Улсын Их Сургуулийн Захирлын ажлын алба
МУИС-ийн вэбсайтад 2017 оны 10 дугаар сарын 5-нд байршуулсан “МУИС Кампус” төслийн тухай мэдээнд ч төв байрыг буулгах талаар хөндөж байгаагүй байна. Тус мэдээнд, “Хичээлийн нэгдүгээр байр соёлын дурсгалт өвийг хадгалсан тул уламжлалт байдлыг хадгалж, нураахгүйгээр сэргээн засварлана. Харин ар талд нь 25 давхар өргөтгөл хичээлийн байр барина. Барилгын хэв маяг нь хичээлийн нэгдүгээр байрны өнгө төрхтэй нийцтэй байлгахыг зорьж байгаа. Мөн арын талбай хэсгийн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэхгүйгээр улам сайжруулж, тохижуулна. Зориулалтын хувьд сургуулийн захиргаа, хичээлийн анги танхим, хурлын болон лекцийн танхим, урлагийн заал байна. Одоогийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн” гэсэн байна.