“Вакцин бол хор, найрлагад нь хүнд металл, абортны материал ордог” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #749

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Вакцин бол хор хор хор!!! Найрлагад нь хүнд металлууд, антибиотик,  абортны хүүхдийн материал ордог. Үрсээ хамгаалаарай” гэх тайлбартай бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд ашигласан “Vaxxed: From Cover-Up to Catastrophe” гэх баримтат киноны найруулагч Andrew Wakefield 1998 онд MMR вакцин хүүхдийг аутизмтай болгодог тухай судалгааг нийт 12 хүүхдийг хамруулан хийсэн тул бага тооны судалгааны бүлэг хамруулсан учраас учир дутагдалтай хэмээн үзжээ. Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Health feedback баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж худал болохыг тогтоожээ.

2023 оны 10 дугаар сарын 26ны өдөр Handaa Byamba гэх хаягаас “Вакцин бол хор хор хор!!! Найрлагад нь хүнд металлууд, антибиотик,  абортны хүүхдийн материал ордог!!!   Үрсээ хамгаалаарай” гэх тайлбартайгаар 2016 онд гарсан  “Vaxxed: From Cover-Up to Catastrophe” нэртэй баримтат киноны хэсгээс 1:22 секундын бичлэлийг оруулсан нь нийт 26 хандалт, 2 сэтгэгдэл авч, 41 удаа цааш түгээгджээ. 

Тус бичлэгт “улаан бурхан, гахайн хавдар, улаанууд өвчний вакцин (MMR vaccine) болон их хэмжээний антибиотик хэрэглэсэн хүүхэд ярианы чадвараа алдаж, ганцаардмал болж, аутизмын шинж тэмдэг илрэх болсон” гэх мэдээлэл агуулсан байна.. 

Бичлэгт дурдаж буй улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакциныг (MMR vaccine) Монгол Улсад нярайг 9 сартайд эхний тунг, 2 настайд хоёр дахь тунг хийдэг бөгөөд тухайн өвчний тархалт ихэссэн цаг үед нэмэлт тунг хийхийг зөвлөдөг.  

Тус вакцины эхний тунг хийлгэхэд улаан бурхан өвчнөөс 93%, гахайн хавдар өвчнөөс 78% , улаан эсэргэнэ өвчнөөс 97% сэргийлэх боломжтой бол, 2 дахь тунг хийлгэснээр улаан бурхан өвчнөөс 97%, гахайн хавдар өвчнөөс 88% сэргийлнэ гэж  АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Бичлэгт дурдсан MMR вакцины 0.5 мл тун дахь найрлагад

  • 3.0 log10 TCID50 (TCID- эдийн өсгөвөрт халдварын тун ) улаан бурхны вирус; 
  • 4.1 log10 TCID50 гахайн хавдрын вирус; 
  • 3.0 log10 TCID50 улаанууд өвчний вирус, 
  • 14.5 мг сорбитол, 
  • 1.9 мг сахароз, 
  • 14.5 мг гидролизжүүлсэн желатин,  
  • ≤0.3 мг хүний ​​рекомбинант альбумин, ургийн үхрийн ийлдэс (<1 ppm), 
  • ойролцоогоор 25 мкг неомицин болон бусад бодис агуулагддаг.

Тус вакцины найрлагад шалгаж буй мэдээлэлд дурдсан мөнгөн ус, хөнгөн цагаан зэрэг  хүнд металл болон “хүүхдийн абортын материал” гэх зүйл огт агуулагддаггүй.

MMR вакцинууд туслах бодис агуулдаггүй

Харин Элэгний A, B гипатитын эсрэг вакцин (Twinrix), Боом өвчний эсрэг вакцин зэрэгт туслах бодис, хөнгөн цагаан бага хэмжээгээр ордог байна. 

“Vaxxed: From Cover-Up to Catastrophe” гэх баримтат киноны найруулагч Andrew Wakefield 1998 онд MMR вакцин хүүхдийг аутизмтай болгодог тухай судалгааг нийт 12 хүүхдийг хамруулан хийсэн. Гэвч уг судалгаанд бага тооны судалгааны бүлэг хамруулсан учраас учир дутагдалтай хэмээн үзжээ. Мөн 2008 болон 2015 онд хийгдсэн аутизмын шинж тэмдэг болон MMR вакцины хоорондын хамаарлын судалгаануудад тус вакцин нь аутизмтай холбоогүй болохыг харуулсан.

 “АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв”, “АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Академи” болон “Америкийн Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг судлалын академи” вакцин нь аутизмын шалтгаан биш хэмээн мэдэгдсэн. 

Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Health feedback баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж 2023 оны 07 дугаар сарын 14-нд тайлагнажээ.

  • 2010 оны судалгаагаар вакцинжуулалт нь хүүхдийн хэл яриа, анхаарал, зан үйл зэрэг мэдрэлийн сэтгэл зүйн үр дагаварт сөргөөр нөлөөлдөггүй болохыг харуулсан. 
  • 2013 оны судалгаагаар иммуноген буюу вакцин дахь дархлааг идэвхжүүлэгч молекулууд нь аутизм үүсэх магадлалд нөлөөлдөггүй болохыг тогтоожээ. Вакциныг илүү их тунгаар хийлгэх нь хожуу үе шатанд хүүхдүүд аутизмтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэггүй. 
  • 2014 оны мета-шинжилгээгээр аутизм үүсэх эрсдэл болон улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцин, вакцин дахь мөнгөн усны хэмжээ хоорондоо огт холбоогүй болохыг тогтоожээ.

Мөн Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдсэн 2015 оны судалгаагаар төрсөн ах эгч нь аутизмтай хүүхдүүдийн дунд ч MMR вакцинтай холбоотой аутизмын эрсдэл нэмэгддэггүй болохыг тогтоожээ.

Иймд шалгаж буй мэдээлэлд дурдсан MMR вакцинаас болж аутизмтай болж буй гэх мэдээлэл нь худал учир эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, үргэлж нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document