2023 оны 11 дүгээр сарын 16-нд Majesta Eenee нэртэй фэйсбүүк хаягаас “Хятад улс USA-s бүх пандагаа авсан гэнэ…” гэх тайлбартай постыг оруулсан ба үүндээ панданууд иргэний агаарын тээврийн онгоцны зорчигчийн суудалд суусан байдалтай харагдах долоон зурагтай хавсарган оруулжээ.
Хулсны баавгайнуудыг зорчигч тээврийн онгоцонд суулгасан мэт зургийг хиймэл оюунаар бүтээсэн бөгөөд энэ төрлийн хуурамч мэдээллийг таньж мэддэг, түүнийг шалгах аргыг олон нийтэд хүргэх үүднээс шалгаж, тайлбарладаг билээ.
Дараах байдлаар баримт шалгав
Постод оруулсан зургийн эх сурвалжийг хайхын тулд эхлээд зургуудын дээд буланд байсан нэрийг ашиглан фэйсбүүкт хайж үзэв. Ингэхэд, Ipanda нэртэй Хятадын төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн тэмдэгтэй хуудас гарч ирж байна.
Тухайн хуудаст 11 дүгээр сарын 13-нд “Гэртээ тавтай морил! Панданы гэр бүл Хятадад буцаж ирэх онцгой нислэгээ хийж байна” гэх тайлбартай постыг зургуудын хамт оруулсан нь бидний шалгаж буй мэдээлэлд байгаа зургуудын эх хувилбар байна.
Түүнчлэн, тухайн постын тайлбар хэсэгт хэд хэдэн түлхүүр үгийг онцолсны дунд #pandaAI гэх үгийг оруулжээ. Эндээс эхний байдлаар ажиглахад постод буй зургуудыг хиймэл оюунаар бүтээсэн гэж ойлгож болохоор байна.
Мэдээллийг илүү баталгаажуулахын тулд аливаа дүрсийг AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгадаг Hive Moderation программыг ашиглан шалгалаа. Тус программаар шалгахад хиймэл оюун ухаанаар бүтээсэн байх магадлал 99,9 хувь буюу маш өндөр гарсан нь тухайн зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг нотолж байна.
Бид хулсны баавгайн газар нутгийг солихдоо хэрхэн тээвэрлэдэг тухай мэдээллүүдийг хайсан бөгөөд олон улсын эх сурвалжуудад үүнтэй холбоотой хамгийн сүүлд гарсан нэгэн мэдээг хүргэе.
АНУ-ын FedEx тээврийн компани гурван хулсны баавгайг БНХАУ руу тээвэрлэсэн тухай мэдээ Fox business мэдээллийн сайтад 11 дүгээр сарын 8-нд нийтэлжээ.
Мэдээнд дурдсанаар хулсны баавгайг аюулгүй, тав тухтай тээвэрлэхийн тулд эхлээд шаардлагатай алхмууд болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байна. Түүнчлэн, баавгайнуудыг зориулалтын торонд хийж, онгоцны ачааны хэсэгт тээвэрлэх нь хамгийн тохиромжтой бөгөөд тэдгээрийн хүнс, бусад шаардлагатай зүйлсээс өөр ямар ч ачааг хамт тээвэрлэдэггүйг мэдээлсэн байна.
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн дээрх зургийг зарим хаягаар хуваалцахдаа Ши Жиньпин АНУ-д айлчлаад буцахдаа бүх пандагаа аваад явсан гэх агуулга оруулсан байна. Ташрамд дурдахад, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу Хятад руу панда тээвэрлэснээс хойш АНУ-д төрийн айлчлал хийсэн ба энэ нь Жо Байденыг АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш хийж буй анхны айлчлал болсон байна. Мөн, түүний энэхүү айлчлалыг хоёр улсын хэвийн харилцаа холбоог сэргээх зорилтын хүрээнд болж байна хэмээн Ройтерс агентлагаас мэдээлсэн.