Өнчирч үлдсэн Палестин хүүхдүүд гэх гурван хүүхдийг нэгэн эр асарч байгаа тухай бичлэг түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд). Бичлэгт ямар нэг яриа сонсогдохгүй зөвхөн дууны ая явах ба шаргал цамцтай эрэгтэй охин хүүхдийг өргөн өрөө рүү орж өөр бусад хоёр хүүхдийн хамт амттан, идэх зүйлсээр дайлж байгаа гарах ба бичлэгийн төгсгөлд хоосон өрөө рүү дагуулж орж байгаа тухай гардаг.
Бид бичлэгийн хэсгүүдийг Google хайлтын системд зургаар хайхад дээрх бичлэг нь Палестин хүүхдүүд гэсэн тайлбартайгаар түгсэн байснаас гадна Турк хэл дээр тайлбартайгаар түгсэн байна. Бид үргэлжлүүлэн хайж бичлэгийн эх хувилбарыг олсон ба тус бичлэг нь 2023 оны 09 дугаар сарын 07-нд Tiktok-т @ankaraabisi06 гэх хаягт нийтлэгдэж 2023 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар 10 сая орчим үзэлттэй байна.
Дээр дурдсан Ankara abi̇si̇ гэх хаяг нь Турк улсад буяны үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нийгмийн сүлжээний хаяг бөгөөд энэ байгууллага нь Tiktok, Youtube, Facebook зэрэгт ижил нэрээр олон дагагчтай, идэвхтэй үйл ажиллагаагаа сурталчилдаг байна. Бидний шалгасан бичлэг Facebook-т 09 дүгээр сарын 9-нд нийтлэгдсэнийг эндээс харж болно.
Tiktok-т нийтлэгдсэн бичлэгт хүүхдүүдийг Палестинаас ирсэн гэх ямар нэг тайлбар, мэдээлэл байхгүй. Харин бичлэгийн эхэнд Турк хэлээр бичсэн бичвэр (Bazı fotoğraflar vardır Konuşmaz ama çok şey anlatır Yarın ki listemizde olan bir ailemiz – монгол хэл рүү утгачлан хөрвүүлбэл Тайлбарлах шаардлагагүй гэхдээ ихийг илэрхийлэх зургууд байна. Манай жагсаалтад маргааш туслах шаардлагатай гэр бүл байна.) гарах боловч үүнд тэдгээр хүүхдүүдийн Палестинаас ирсэн гэснийг илтгээгүйг зургийн Google Translate дахь орчуулгаас харж болохоор байна.
Ankara abisi байгууллага нь Анкара хотод байрлалтай, Турк даяар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн хүнс, эрүүл мэнд, боловсрол, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн олгох гэх мэт хүрээнд үйл ажиллагаа явуулахаар 2021 онд байгуулагдсаныг вэбсайтдаа мэдээлсэн байна.
Хэдийгээр тус байгууллага Палестин гэр бүлд тусалсан тухай бичлэгийг 2023 оны 10 дугаар сарын 13-нд Youtube хуудастаа нийтэлсэн ч бидний шалгасан дээрх хүүхдүүдийн бичлэг нь Палестин хүүхдүүдийн тухай болохыг илтгэсэн баримт байхгүй түүнчлэн хүүхдүүдийн бичлэг нь 10 дугаар сарын 7-нд эхэлсэн Израил-Хамасын дайнаас өмнө нийтлэгдсэн байна.