Сингапур улс шилдэг 10-т ордог Азийн цорын ганц улсын статусаа хадгалсаар байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #743

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өнөөдөр Сингапурын 6 хүний нэг нь долларын саятан гэнэ. Нилээд хэдэн жилийн өмнө авлигачдаа буудчихсан гэнэ” гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сингапур улсын 6 хүн тутмын нэг нь долларын саятан гэх мэдээлэл худал бөгөөд, тус улсад авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг буудаж хөнөөдөггүй, зөвхөн хуулийн дагуу зохих ял шийтгэлийг ногдуулдаг.

“Сэлэмээ Хүрэлсүх” хаягтай фэйсбүүк хэрэглэгч 2023 оны 09 дүгээр сарын 03-нд “Өнөөдөр Сингапурын 6 хүний нэг нь долларын саятан гэнэ. Нилээд хэдэн жилийн өмнө авлигачдаа буудчихсан гэнэ” гэх тайлбартай постыг оруулсан нь өнөөдрийн байдлаар 368 реакц, 21 сэтгэгдэл авч, 1300 гаруй удаа цааш түгээгджээ.

  • Сингапур нь шилдэг 10-т ордог Азийн цорын ганц улс хэдий ч 6 хүн тутмын нэг бус, 20 хүн тутмын нэг нь ам.долларын саятан бөгөөд авлигын хэрэгт цаазын ял оноодоггүй, торгууль болон хорих ялаар шийтгэдэг байна.

Дараах байдлаар баримт шалгав

Сингапур улсын талаар дээр дурдагдсан агуулгыг тус улсын эдийн засаг, хүн амын үзүүлэлт, авлигын индекс болон авлигын эсрэг хэрэгжүүлдэг арга хэмжээ, бодлогын хэрэгжилт зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн хүрээнд нягталлаа.

  1. Газар нутгийн хэмжээ, хүн амын үзүүлэлт

Сингапур нь Зүүн өмнөд Азид орших хот улс юм. “Сингапур” гэх гол арал, бусад жижиг 62 арлаас бүрддэг тус улсын газар нутгийн хэмжээ нь 707.1 км.кв бөгөөд 1 км2 газар нутагт 8,058 хүн ногддог. Сингапурын Статистикийн Газрын мэдээгээр, энэ оны эхний хагаст Сингапурын хүн амын тоо 5.9 сая гаруй байгаа бөгөөд байнгын оршин суугчийн тоо нь 4.15 сая байна. 

  1. Эдийн засгийн үзүүлэлт

Азийн Хөгжлийн Банкны мэдээллээр, 2022 онд Сингапур улсын ДНБ-ий хэмжээ 643.55 тэрбум сингапур доллартай тэнцэж байв. Үүний, 74.6 хувийг үйлчилгээний салбар, 25.4 хувийг үйлдвэрийн салбар эзэлжээ. Өнөөдрийн байдлаар, 1 сингапур доллар 0.73 ам.доллартай тэнцэж байна. 

Олон улсын валютын сангийн мэдээллээр, энэ оны 10 дугаар сарын байдлаар Сингапурын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 133.11 мянган сингапур доллартай тэнцэж байна. Энэхүү үзүүлэлтээр тус улс нь дэлхийн хамгийн баян 10 улсын Гуравдугаарт бичигдэж байгаа юм. Түүнчлэн, Сингапурын нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлтийг Худалдан авах чадварын паритетаар тооцвол дэлхийн дунджийн 608 хувьтай тэнцэж байна. Мөн CEIC олон улсын мэдээллийн сангийн мэдээгээр, Сингапурын өрхийн нэг хүнд ногдох жилийн орлого 2022 оны 12-р сарын байдлаар 38,976 ам.долларт хүрчээ. 

  1. Эдийн засгийн эрх чөлөө, Авлигын индекс

“Heritage” сангаас энэ онд гаргасан “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ээр Сингапур улс 83.9 оноогоор Ази, Номхон далайн бүсийг тэргүүлжээ. Дэлхийн болон бүс нутгийн дундажтай харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлттэй гарчээ. Сингапурын энэхүү эдийн засгийн эрх чөлөөний үндэс суурийг хүний өмчлөх эрхийг хүчтэй хамгаадаг, авлигатай тэмцэх хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэгт оршдог гэж үздэг байна. Түүнчлэн, татварын хувь хэмжээ нь өрсөлдөхүйц бөгөөд хуулийг ил тод байдлаар зохицуулдаг байна. 

2022 онд “Транспаренси Интернэшнл” байгууллагаас хийсэн “Авлигын төсөөллийн индекс”-ээр Сингапур улс 83 оноо авч, дэлхийн 180 улсаас хамгийн бага авлигад автсан улсын Тавдугаарт бичигджээ. Тус үзүүлэлтээрээ Сингапур улс шилдэг 10-т ордог Азийн цорын ганц улсын статусаа хадгалж чадсан байна.

  1. Саятан хүн амын тоо

The Credit Suisse судалгааны хүрээлэнгээс 2022 онд хийсэн Дэлхийн баялгийн тайлан мэдээллээр, Сингапур улсад 1 сая ба түүнээс дээш хэмжээний ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй хүний тоо 298,650 хүрсэн байна. Мөн саятны нягтралын хувь хэмжээг тооцоход 6.1 хувьтай гарчээ. Үүнээс, нийт 5.9 сая хүний дундах саятнуудын тоог тооцож үзвэл, ойролцоогоор 20 хүний дунд нэг саятан байна. 

  1. Авлигын хэрэгт холбогдуулах ял шийтгэл

Сингапур улс авлигын асуудлыг хатуу хяналтад байлгадаг байна. 2022 онд гаргасан Авлигын статистик мэдээгээр, нийтийн алба дахь авлигын хэргийн тоо олон жилийн дундажтай адил тогтмол бага үзүүлэлттэй гарчээ. Сингапурын Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу, авлигын хэрэгт холбогдсон хүнд 100,000 ам.доллар хүртэл торгууль ногдуулах юм уу 5 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл хоёр шийтгэлийг хамтад нь хэрэглэдэг байна. Харин, парламентын гишүүн хахууль авсан бол дээрх шийтгэлийн хорих хугацааг 7 жил хүртэл хугацаагаар нэмж тогтоодог байна. Түүнээс гадна, шүүх гэм буруутай этгээдэд хахууль авсан мөнгөн дүнтэй нь тэнцэх хэмжээний торгууль ногдуулж болдог байна. 

Дээрх тоон үзүүлэлт, мэдээллүүдээс харахад Сингапур улсад 6 хүн тутмын нэг нь долларын саятан гэх мэдээлэл нь дэгсдүүлсэн бөгөөд, Сингапурт авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг буудаж хөнөөдөггүй, зөвхөн хуулийн дагуу зохих ял шийтгэлийг ногдуулдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document