2023 оны 10 дугаар сарын 31-нд Ebarimt.mn зөвлөгөө пэйжид Lorinda Soza нэртэй хаягаас “”Сайн уу” гэж бичээд 5 саяас 100 сая хожоорой. баяр хүргэе. Энэхүү санхүүжилтийн үр шимийг хүртэхийн тулд хувийн мессенжерээр сайн уу гэж бичээрэй” гэх мэдээллийг боодол мөнгөний зурагтай хамт оруулжээ.
Уг мэдээллийн дор 103 сэтгэгдэл бичсэн байна. Сэтгэгдэл хэсэгт “Тэтгэлэг авахын тулд над руу хувийн мессежээр бичээрэй” гэсэн байна.
Амар хялбар аргаар мөнгө олох, үнэгүй бэлэг тараах, азтан болсон гэх мэт мэдээллээр анхаарлыг татаж, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгадаг нь хуурамч мэдээллийн анхдагч шинж чанар болохыг бусдадаа хуваалцаарай.
Мөн манай төвөөс эзэмшүүлэхийг эрмэлздэг хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргуудыг туршиж, авч буй мэдээллийнхээ үнэн бодит байдлыг шалгаж сураарай.
Хаягийг шалгах
Тухайн мэдээллийг оруулсан хаяг дээр дарж ороход Ebarimt.mn зөвлөгөө нэртэй нээлттэй группэд оруулсан мэдээллүүд нь харагдана. Тус группэд 10 дугаар сарын 17-ноос эхлэн төрөл бүрийн тэтгэлэг, үнэгүй бэлэг өгөх тухай пост оруулж байсан нь харьцангуй өндөр хандалттай байна.
Харин зндсэн хаяг руу орж үзвэл ID нь тухайлсан нэрээр биш, цаанаас автоматаар үөгсөн 100079062885409 гэх код байна. Энэ нь нэг дор олноор нээсэн хаяг, эсвэл зохиомол мэдээллээр код ашиглан нээсэн хаягийн шинж тэмдэг юм.
Хаягийн танилцуулга хэсгийг бөглөөгүй, хаанаас ямар учиртай санхүүжилт олгох талаар мэдээлэлгүй, найдвартай бус эх сурвалжаас түгээсэн мэдээллийг идэвхжүүлэх нь дараах эрсдэлийг дагуулдаг.
Агуулгыг нягтлах ба алгоритмын ажиллагаа
“Сайн уу” гэж бичихэд 100 сая төгрөгтэй болно гэдэг мэдээлэлд итгэх бодит хэрэглэгч ховор. Харин бүрэн итгээгүй ч сэтгэгдэл бичиж идэвхжүүлж сонирхсон хүмүүст цаашид энэ төрлийн мэдээллийг харуулдаг алгоритм ажиллаж, хуурамч мэдээллээр залилах оролдлоготой мэдээллүүд түлхүү харагддаг, цаашлаад хохирогч болох эрсдэлтэй.
Иймд бусдыг залилах оролдлоготой энэ мэт мэдээллийг таньж мэддэг байж, цаашлаад Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн мэдээг репорт хийж заншаарай.