Search

Ковидын вакцин бэлгийн чадавхыг бууруулдаг нь нотлогдоогүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #740

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Вакцин хийлгэснээс үүдэн бэлгийн сулрал, ой санамж муудах зэрэг эмгэг үүсэж байна гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ковидын вакцин бус ковидоор өвчилснөөс үүдэн дээрх гаж нөлөө илэрч болдог.

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч “Меганиттай чалх жор зарлуут л хур буудаг байна шдээ арай ч ийм болцон гэж бодсонгүй энэ муу хужаа новш (вакцин) ой санамж чалх 2-ыг л лав сүйрүүлсэн юм байна өө, хайран сайхан ард түмэн минь” гэсэн пост оруулсан нь 116 реакц, 15 сэтгэгдэл, 6 удаа цааш хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Ковидоор өвчилсөн хүмүүсийн ой санамж муудах тохиолдол бий

НҮБ-ын Хүүхдийн сангийн тайлбарт “Өнөөг хүртэл хоёр л удаа вакцины дараа ой санамж алдсан тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь зөнөгрөх өвчтэй, вакцинжуулалтаас аль хэдийнээ 5 сарын өмнө ой санамж доголдох шинж тэмдэг илэрсэн өвчтөн, нөгөөх нь вакцин хийлгэснээс 6 хоногийн дараа ой санамж алдах шинж тэмдэг илэрч 24 цагийн дотор хэвийн байдалдаа орсон өвчтөн. Хоёр тохиолдлын алинд нь ч вакцинаас болсон гэсэн шууд дүгнэлт гараагүй. Харин ой санамж алдах, танин мэдэхүй доголдох гаж нөлөө нь вакцины бус ковидоор өвчилсөн тохиолдолд илэрдэг” гэсэн байна.

Их Британийн Алцгеймерийн нийгэмлэг ч ковидын вакцин хийлгэлээ гээд альцгеймерийн шинж тэмдэг хүндэрсэн тохиолдол байхгүй гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний подкастад ковид-19 өвчин болон ой санамж муудах шинж тэмдгийн уялдааг тайлбарлажээ. Стэнфордын их сургуулийн Ү Цай нейро шинжлэх ухааны хүрээлэнгийн Николас Вайлер болон Мишел Монхе:
“Ковидоор өвчилсөн 10’000 гаруй хүний шинж тэмдгийг багтаасан мета анализаар 4 өвчтөн тутмын 1 нь ямар нэгэн танин мэдэхүйн үйл ажиллагааны доголдолтой байсан. Энэ тоо хамгийн өндөр нь. Өөр нэг мета анализаар 10 өвчтөн тутамд 1 гэсэн тоо ч гарсан байдаг. Ямартай ч Ковид-19 өвчний шалтгаант сэтгэн бодох үйл ажиллагааны доголдол байгаа нь илт. Ковидын үед биеийн аль нэг хэсэг үрэвссэн дохиогоо төв мэдрэлийн системд илгээдэг. Хэдийгээр үрэвсэл зөвхөн тухайн хэсэг газар үүссэн байсан ч тархины эсийн үйл ажиллагаанд саад хийж байгааг Иелийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хархан дээр хийсэн туршилтаар ажигласан” гэсэн байна.

2. Ковидын вакцин бэлгийн чадавх бууруулахгүй, ковидоор өвчилсөн тохиолдолд нөхөн үржихүйн эрхтэнд гаж нөлөө үзүүлэх тохиолдол бий

АНУ-ын Небраска-Линколн их сургуулийн эрүүл мэндийн төвийн баримт шалгалтад:
“Америкийн нөхөн үржихүйн анагаах ухааны нийгэмлэгийн тайланд бэлгийн сулрал болон ковидын вакцины хамаарлыг тогтоосон нэг ч судалгааны ажил байхгүй байна. Харин ковидоор өвчилсний дараа бэлгийн сулрал үүсэх гаж нөлөөг хөндсөн 50 тойм, 17 тайлбар, 9 өгүүлэл байв.

Мөн Итали улсад хийсэн туршилтаар өмнө нь ковидоор өвчилсөн эрчүүдийн бэлгийн сулралын магадлал 28 хувь, харин өмнө нь өвдөж байгаагүй хүмүүсийнх 9 хувьтай байсан. Нөхөн үржихүйн эд эсүүдэд ковидын үхсэн вирус олдсон байна. Одоог хүртэл ковидын вирус хэрхэн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд саад хийж байгаа зарчмыг тодорхойлсон дүгнэлт байхгүй” гэж дурджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document