Хотын дарга “жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27,500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна” гэж хэлээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #739

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна” гэх мэдээллийг цахим орчинд түгээлээ.

Баримт шалгалтын үр дүн

Хотын дарга “Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нэгдүгээрт нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог нь сайжруулсныхаа дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д энэ хуулиар олгож байгаа. НИТХ төлбөртэй бүс тогтоох эрхтэй болсны дараа 0 төгрөгөөс 27,000 хүртэлх төгрөгийн тарифыг тогтооно. 2000₮, 5000₮, 10,000₮ байж болно” гэж хэлсэн байна.

2023 оны 10 дугаар сарын 31-нд “Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна” гэх мэдээллийг цахим орчинд түгээлээ. Уг мэдээлэл нь хотын дарга Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй зэрэгцэж, постер хэлбэрээр түгсэн байна.

Энэ нь тухайн мэдээллийг бүхэлд нь унших, эсвэл хотын дарга Х.Нямбаатарын мэдээллийн бичлэгийг үзэхээс урьтаж, постер дахь агуулга олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь түгсэн байдал болон сэтгэгдэл хэсгээс харагдаж байна.

Дараах байдлаар бодит зөв мэдээллийг олоорой.

Юуны өмнө агуулгаар нь хайхад Нийслэлийн мэдээ нэртэй, “төрийн байгууллага” гэж статусаа тодорхойлсон пэйжээс хотын дарга Х.Нямбаатарын хийсэн мэдээллийн шууд дамжуулалтын бичлэгийг харж болно. Уг бичлэгийн 10:22 минутаас эхлэх “Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нэгдүгээрт нийтийн тээврийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог нь сайжруулсныхаа дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д энэ хуулиар олгож байгаа. НИТХ төлбөртэй бүс тогтоох эрхтэй болсны дараа 0 төгрөгөөс 27,000 хүртэлх төгрөгийн тарифыг тогтооно. 2000₮, 5000₮, 10,000₮ байж болно” гэж хэлсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ эхлэхдээ “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг яг одоо Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Хамтад нь 30 хуульд дагуулж нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа” гэсэн байна.

Харин “Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27,500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна” гэж хэлээгүй байна.

Мөн УИХ-ын Тамгын газрын вэбсайтад 10 дугаар сарын 31-ний өдөр оруулсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв” гарчигтай мэдээг олж болно.

Тус мэдээнд “Улс орнууд төлбөртэй бүс тогтоох, шатахууны борлуултад татвар ногдуулах, төлбөртэй зам барих зэргээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах олон шийдлийг хэрэгжүүлж байгаагаас төлбөртэй бүс тогтоох нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр нөлөө үзүүлж байна. Сингапур, Лондон, Стокхолм хотуудын туршлагаас харахад төлбөртэй бүс тогтоох замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор түгжрэлийг 20-30 хувиар бууруулсан сайн туршлага байна” гэсэн бөгөөд 27,500 төгрөг тогтоох тухай дурдаагүй байна.

Мэдээллийн тархалтаар зорилтот эсэхийг тодорхойлох:

Тухайн мэдээллийг Facebook платформд хэрхэн түгсэнийг whopostedwhat.com платформоор хайх аргыг үзүүлье. “Хэн юу постлов” гэх утгатай энэхүү домэйн нэрийг оруулаад талбарт нь өдөр, сар, он, эсвэл тухайн сараар гэх мэтээр хайх хугацааг сонгож, “Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна” гэх агуулгыг оруулж өгнө.

Агуулгаа оруулаад, хугацааг тохируулж, search товчийг дарахад Facebook платформд ямар хаягуудаар хичнээн удаа түгээснийг нэг дороос хялбархан харах боломжтой.

Ингэж цуглуулсан мэдээллээ троллоор, эсвэл бот ашиглан автоматаар түгээсэн эсэхийг хуваалцахдаа тайлбар хэрэглэсэн эсэх, сэтгэгдлээр идэвхжүүлж байгаа эсэх, эсвэл хугацаагаар нь хэдхэн секундын зөрүүтэй нэг хаягаас олон удаа түгээсэн эсэх зэргээс харж олох боломжтой.

Мэдээлэл хийснээс хойш нэр бүхий сайтуудын пэйжээр дээрх төөрөгдүүлсэн агуулгаар бүтээлчээр хийсэн постерууд явсан ба бусад мэдээлэл хүргэхдээ тэдгээр сайтуудын мэдээллийн чиглэл төсөөтэй байдлаараа ялгарч ирсэн нь анхаарал татаж байна. Тухайлбал tseg.mn нэртэй пэйжид оруулсан постерын 44 удаа шэйрлэсэн байдлыг харвал нэг хаягаас 2-5 групп рүү зорилготойгоор түгээсэн байна. Мөн arslan.mn сайтад оруулсан мэдээнд “Энэ үеэр жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна гэж хотын дарга Х.Нямбаатар дөнгөж сая мэдэгдлээ” гэсэн байх ба CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг нягтлахад 11 удаа групп, пэйжүүдэд хуваалцсан байна. Харин тус сайтын өнөөдөр оруулсан 5 мэдээний тархалтыг нягтлахад өөрийн нэртэй 2-3 пэйжид хуваалцсан нь ердийн дундаж үзүүлэлт нь байхаар байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document