Цагийн ажилтан авах нэрийдлээр хувийн мэдээлэлд халдахыг санаархаж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #738

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Цагийн ажилтан ажилд авна. Долоо хоногт 1.500.000 цалин авдаг ажил байна”гэх зар оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өндөр цалин, үнэгүй бэлэг амлаж буй мэдээллийн хаяг, агуулгыг шалгах замаар хуурамч болохыг таних аргаас хуваалцлаа.

2023 оны 10-р сарын 26-нд Халамж ба хүүхдийн мөнгө группт Sarnai Tuya гэх хэрэглэгчээс “Цагийн ажилтан ажилд авна. Долоо хоногт 1.500.000 цалин авдаг ажил байна”гэх мэдээллийг оруулсан нь 4 хоногийн дараах байдлаар 39 реакц, 168 сэтгэгдэл авч, 4 удаа цааш түгээгджээ. 

Энэхүү зар дээр ямар ажилд урьж байгаа нь тодорхой бичигдээгүй, цахим болон ажлын гүйцэтгэл, нөхцөлүүдийг дэлгэрэнгүй мэдээлээгүйгээс гадна ажлын цагийн хуваарь, байршил, хаяг, холбоо барих утасны дугаар тавиагүй байгаа юм.   

Залилангийн шинжтэй мэдээллийг хаягийг шалгаж, зураг ашигласан бол түүгээр хайж, агуулгаар нь төстэй утгыг нягтлах зэргээр хуурамч эсэхийг мэдэх аргыг бид зааварчилдаг билээ. Тэгвэл хялбар нөхцөлтэй мөнгөтэй болох сэдлийг өдөөсөн заруудын цаана ямар харилцаа өрнөдгийг энэ мэдээллээр жишээ болгон харуулъя.

  • Дээрх мэдээллийн дагуу “ямар ажил вэ” гэж чат бичихэд өөдөөс банкны данстай эсэхийг асууж байна. Улмаар 7 хоногт 1.5 сая төгрөг аваад баярласан тухай сэтгэгдлээ үлдээсэн гэх ойлголт төрүүлэхээр хийсэн скрийншот бүхий зургуудыг явууллаа. Өөрийгөө “Хаан трейдинг” компанийн ажилтан гээд, 140,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, 7 хоногийн дотор 1.500.000 төгрөгтэй болсон гэж тайлбарлав.  
  • Ямар ч шимтгэл төлөлгүйгээр бэлэн мөнгө дансанд чинь орно, энэ бол ямар нэгэн луйвар биш гэж тайлбарлаад шинээр ажилд орох хүний анкет гэх овог нэр, регистрийн дугаар, оршин суух хаяг, байршил, утасны дугаар, бүх банкны дансны дугаарууд, өөртэй нь холбоо барих хүний фэйсбүүк хаягийг лавласан жагсаалт бүхий хүснэгт ирүүллээ. 

“Энэ бүхнийг бөглөсний дараа ямар ажил хийлгэхээ тодорхой тайлбарлана” гэснээр бидний чат харилцаа дууслаа. 

Ингэж өндөр цалин амласан хуурамч мэдээллийн дагуу хувийн мэдээллүүдээ алдах эрсдэл үүсэж болзошгүй учраас сэрэмжлүүлэх үүднээс баримт шалгалт хийж, бодит байдлыг мэдэх аргыг сурцгаая.   

Хаяг шалгах:

 Sarnai Tuya гэх хэрэглэгчийн дараах шинжүүд хуурамч хаяг болохыг илтгэж байна.

  • Танилцуулга хэсгээ бөглөөгүй,
  • 08 дугаар сарын 26-нд нүүр болон хавтасны зураг оруулснаас өөр нээлттэй пост хийгээгүй,
  • Найзууд нь гадаад нэртэй, монгол хүмүүс гэж хэлэхээр хаяг байхгүй

Хаягийн about буюу “тухай” гэх цэсээс танилцуулгыг, friends буюу “найзууд” гэх цэсээс ямар хүмүүстэй холбоотой болохыг мэдэх боломжтой.

Мөн шалгаж буй хаягийнхаа Filters хэсэгт хугацааг оруулж, тухайн үед ямар мэдээлэл оруулж байсныг харах боломжтой. Энэ тохиолдолд шалгаж буй хаяг 2022 онд нэг ч мэдээлэл оруулаагүй гэж гарч ирж буй нь шинэ хаяг, эсвэл өмнөх түүхийг устгасан байх магадлалтай.

2023 оны 10-р сарын 8-нд Халамж ба хүүхдийн мөнгө группын гишүүн болсон. 2023 оны 10-р сарын 11-нээс 10-р сарын 30 хүртэл хугацаанд 35 удаа зөвхөн дээрх группт зар оруулахдаа 20 хүнд тусалмаар байна, Монгол Улсын гэр бүлийн хөтөлбөр, өдрийн 10 болон 20 мянган төгрөгийн судалгааны ажил байна, 7 хоногт 1,500,000 төгрөгийн цалинтай ажилд урих агуулга бүхий зарууд нийтэлжээ. 

Энэ нь ямар нэг аргаар хүний анхаарлыг татаж, хялбар аргаар мөнгөтэй болох боломж гэж итгэн, мэдээллээ өгөх гэнэн хэрэглэгчийг татах арга юм. 

Логик буюу учир шалтгааныг тооцох: 

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид ажилтан шалгаруулж авахдаа бүрэн дүүрэн мэдээлэл агуулсан заруудыг байгууллагынхаа цахим хаягууд болон энэ төрлийн заруудыг албан ёсны эрхтэй тавьдаг цахим хаягуудаар нийтэлдэг. Нээлттэй групүүдэд нийтлэхдээ ч ажлын шалгуур, цалингийн хэмжээ, хаяг байршил, холбоо барих утасны дугааруудаа нийтэлдэг. 

Харин дээрх мэдээнд ямар ажлын байранд ямар мэргэжилтэн буюу ажилтан хайж байгаа нь тодорхойгүйгээс гадна ажлын нөхцлийг тусгаагүй байна. 

Уг мэдээллийг оруулсан хэрэглэгчийн ажилладаг гэж тайлбарласан “Хаан трейдинг” ХХК-г Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс хайхад илэрцгүй байна. 

Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын 1 сарын дундаж цалин 2022 оны байдлаар 1.5 сая төгрөг байгааг  Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас харж болно. Үүнийг сард дунджаар дөрвөн долоо хоногтой гэж тооцоолбол 375,000 төгрөг болох юм.   

Бодит байдалд долоо хоногийн дундаж цалин 375.000 төгрөг байхад 1.5 сая төгрөгийн цалин амласан ажил нь нэн ховор, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан зэрэг нөхцөлтэй байхаар логик гаргалгаа байж болно. Харин энэ мэдээлэлд тэр талаар дурдаагүй бөгөөд, хандаж буй хэрэглэгчид ч өөрсдийн ур чадвараа үнэлж үзээгүйг нь сэтгэгдэл хэсгээс харж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document