2023 оны 9 дүгээр сарын 21 ны өдөр Азтай Өдөр гэх хаягаас “Сайнуууу, Би нь Микротаск дээрээ ажилласаар л байгаа шүү. Сая энэ сараас эхлүүлж цуглуулсан орлогоо татаж авлаа. Гэртээ хүүхдээ харангаа л ажиллачихна шүүдээ. Утастай интернет тэй л бол ажиллаж болно. Хамтарч ажиллах хүмүүсд нээлттэй шүү. чат бичээрэй эхнээс нь заагаад өгнөө” гэх тайлбартайгаар дансны үлдэгдэл байхаар харуулсан зургийг хавсарган оруулсан нь нийт 9 хандалт, 43 сэтгэгдэл авч, 5 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь
Азтай өдөр гэх хаяг нь нийт 3,467 найзтай, 5,400 дагагчтай. Тус хаяг нь танилцуулга хэсгээ огт бөглөөгүй бөгөөд өөрийн зургийг оруулаагүй, ихэвчлэн бараа бүтээгдэхүүний болон дансны үлдэгдлийн зургийг оруулсан байна. Мөн их хэмжээний орлого орсон аль эсвэл өндөр мөнгөн дүнтэй дансны үлдэгдэл гэж харагдах зургийг ашиглан, ижил утга агуулгатай постуудыг давтан оруулдаг. Эдгээр шинж тэмдэг нь тус хаяг хуурамч мэдээлэл түгээж байж болзошгүйг илтгэж байгаа юм.
Микротаск гэдэг нь том ажлыг жижиг ажлуудад хуваах үйл явц юм. Энэ нь ихэвчлэн онлайн платформуудаар дамжуулан хийгддэг. Тухайн хүний эзэмшсэн хэл, байршил, ур чадвар, хобби, өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил гэх мэт зүйлээс хамааран платформууд ямар даалгавар өгөхийг тохируулж шийддэг. Жишээ нь судалгаа бөглөх, зургаас нэрийн хуудасны мэдээллийг бичих, төлбөрийн баримт, нэхэмжлэхийг дижитал хэлбэрт оруулах, аудиог бичвэрт буулгах, блогийн эхлэл хэсгийг бичих гэх мэт ажлуудыг гүйцэтгэж нэг даалгавраас $0.01-оос $5 (34 төгрөгөөс 17,250 төгрөг) хүртэлх мөнгө авах боломжтой юм.
Clickworker гэх микротаск хийдэг платформоор дамжуулж ямар ажил хийх боломжтой байдаг тухай судлахад тус платформд анхлан бүртгүүлсэн хүмүүс хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулсан өөрийн зураг бичлэг болон хүүхдийнхээ зургийг оруулах гэх мэт хувийн мэдээллээ өгөх зэрэг ажлууд байгаа юм.
Шалгаж буй мэдээлэлд ямар платформоор дамжуулан даалгавар гүйцэтгэх тухай, ямар даалгавар гүйцэтгэж хэдэн төгрөгийн орлого олох боломжтой эсэхийг огт дурдаж өгөөгүй. Зөвхөн гар утас интернэттэй байхад богино хугацаанд их хэмжээний орлого олох боломжтой мэтээр 1,900,000 төгрөгийн орлого буюу татан авалт хийсэн гэх зураг оруулж өгсөн нь төөрөгдөл үүсгэж байна.
Богино хугацаанд их хэмжээний мөнгө интернэтээр олох боломжтой гэх мэдээлэл олширч байгаа учир мөнгө санхүүтэй холбоотой аливаа мэдээлэлд итгэж хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийж, түгээж буй хаяг, хуудсыг баталгаатай эсэхийг сайтар нягталж шалгаарай.