Цахим залилагчдын талаар бусдадаа анхааруулаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #733

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Emma Emma нэртэй фэйсбүүк хаягаас “24 цагийн дараа ч тэр итгэсэн эгчдээ баярлалаа.”ТИЙМ” гэж хэлсэн эхний 50 хүнд ӨНӨӨДӨР 1,500,000. Messages. Одоо эхэл” гэх тайлбартай постыг АТМ-ээр гүйлгээ хийж буй нэгэн хүний зурагтай хавсарган, Ebarimt.mn зөвлөгөө нэртэй олон мянган гишүүнтэй фэйсбүүк группт оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Их хэмжээний зээл олгоно, буцалтгүй тусламж, санхүүжилт олгоно, бэлэг, урамшуулал өгнө” зэрэг постуудыг олон хаягаас байнгын давтамжтай оруулсаар байна. Цахим хэрэглэгч та энэ төрлийн постыг оруулж буй хаягийг нягталж, агуулга, зургийг сайтар шалгаж, хувийн мэдээлэл, эд хөрөнгийг хамгаалаарай.

Emma Emma нэртэй фэйсбүүк хаягаас “24 цагийн дараа ч тэр итгэсэн эгчдээ баярлалаа.”ТИЙМ” гэж хэлсэн эхний 50 хүнд ӨНӨӨДӨР 1,500,000. Messages. Одоо эхэл” гэх тайлбартай постыг АТМ-ээр гүйлгээ хийж буй нэгэн хүний зурагтай хавсарган, Ebarimt.mn зөвлөгөө нэртэй олон мянган гишүүнтэй фэйсбүүк группт оруулжээ. 

Дараах байдлаар баримт шалгав

  1. Хаягийг шалгах

Пост оруулсан хаягийн мэдээллийг харахад, оршин суугаа газраа Бенин улсын Котону хот гэжээ. Тус хаягт 2023.06.14-нд оруулсан профайл болон ковер зургийг тухайн хаягийн эзнийх мөн эсэхийг баталгаажуулахын тулд Google Lens ашиглан, эх сурвалжийг хайж үзлээ. Хайлтын үр дүнд, тухайн профайл зураг нь 2018.07.10-нд “Монголын нотариатчдын танхим” фэйсбүүк хуудаст оруулсан постны зураг байна. Тухайлбал, зургийн эх хувь нь СБД-ийн нотариатч П.Гэрэлмаагийн Төрийн дээд одонгоор шагнагдаж байх үеийн зураг байгаа юм. 

Пост оруулсан Emma Emma хаяг 2018 оны зургийг өөрийн хаягтаа оруулж, өөр хүний мэдээллийг ашигласан байна. Мөн, тус хаягийн ковер зургийг тодруулан хайж үзэхэд, “Гипс” нэртэй фэйсбүүк хуудаст 2022 онд оруулж байсан зурагтай ижил байгаа юм. Харин, Гипс пэйжийн зээл, санхүү олгохтой холбоотой постыг манай баримт шалгах төвөөс шалгаж, худал мэдээллийг тогтоож байсан. Эдгээрээс нягтлан харахад, бидний шалгаж буй хаяг нь цахим хэрэглэгчдийг өөрийн оруулсан постод итгэн үнэмшүүлэхийн тулд бодит хүний, бодит үйл явдлын зургийг ашиглаж, өөрийн зураг мэтээр оруулсан нь хуурамч хаягийн шинж чанарыг илтгэж байна. 

  1. Агуулгыг нягтлах

Шалгаж буй мэдээлэлд Хаан банкны АТМ-аас мөнгө авах гэж буй бодит хүний зураг ашиглан, “өөрсдөд нь итгэж 24 цаг хүлээж, мөнгөө авсан” гэх ойлголт төрүүлэхүйц бичвэрийн хамт оруулсан нь энэ төрлийн цахим залилангийн санаархалтай, дансны хуулга зэрэг зураг ашигладаг мэдээллээс илүүтэйгээр цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгааг хандалтын үзүүлэлтээс харж болно. 

Тиймээс цахим залилагчдын хийц энгийншиж, өөртэй нь ижил хүмүүс мөнгө аваад байгааг батлах мэт зургууд ашиглаж байгаа талаар бусдадаа анхааруулаарай.

Тухайн постны доор сэтгэгдэл бичсэн хүмүүст “Буцаан олгогдохгүй санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд найзын хүсэлт илгээнэ үү” гэсэн хариултыг өгчээ. Түүнчлэн, өөр олон хаягаас ижил төстэй хариултуудыг бичиж, хүмүүсийг чат бичих эсвэл хавсаргасан холбоосоор нь нэвтэрч орохыг сануулсан байна. Энэ дунд “Баярын улирал дөхөж байгаа энэ үед ОУВС-аас Монголын өрх бүрт 30 сая төгрөг олгох санхүүжилтийн агентлаг байгуулжээ. Хэрэв та үнэхээр энэхүү санхүүгийн тэтгэлэгт хамрагдахыг хүсч байвал надад хувийн мессеж илгээгээрэй. Баярлалаа” гэх хариулт ч байгаа юм. Энэ хариулттай холбогдуулан нэмэлт тодруулга өгөхөд, ОУВС-аас манай улсын айл өрхөд санхүүжилт, буцалтгүй тусламж олгоно гэх мэдээлэл цахим орчинд байнгын давтамжтай явдаг бөгөөд, үүгээр дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг авахыг оролдож, цахим залилан хийхийг санаархаж буй тухай бид өмнө нь баримтаар шалгаж байсан. 

Дүгнэлт

Шалгаж буй постын доор 226 сэтгэгдэл байх ба 100 орчим хүн санхүүжилт авахыг хүсэж “тийм” гэж хандсанаас ердөө 3 нь хуурамч мэдээлэл болохыг анхааруулсан байна. Мөн дансны дугаараа үлдээсэн тохиолдол ч байна. 

Цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь энэ мэтээр хөрөнгө, санхүүтэй холбоотой мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, хурдан итгэдэг, хувийн мэдээллээ хамгаалах чадвар сул байдаг хүмүүстэй ч холбоотой юм. Ялангуяа, цахим орчинд хэн, юуг ч боломжтой мэтээр бичиж, хүмүүсийг татаж болдгийн тод жишээ нь “их хэмжээний зээл олгоно, буцалтгүй тусламж, санхүүжилт олгоно, бэлэг, урамшуулал өгнө” гэх мэт постоор илэрдэг. 

Энэ төрлийн пост доор сэтгэгдэл бичиж, залилагч этгээдүүдэд чатаар нэр, хаяг, утасны дугаараа, цаашлаад дансны болон регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ өгвөл тэд цахим хаягийг тань хулгайлж, таньдаг хүмүүс рүү нь чат бичиж, мөнгө асууж авах, эсвэл данс руу тань нэвтэрч, мөнгийг нь авах гэх мэтээр маш хялбар аргаар таныг санхүүгийн хохирогч болгодог. Иймд, цахим хэрэглэгч та мөнгө, санхүү, зээл олгохтой холбоотой бүх төрлийн худал мэдээлэлд автахгүй, хэрсүү байж, тухайн постын хаяг, бичсэн агуулга, зургийг сайтар нягтлан шалгаж, өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгийг хамгаалаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Баримтаар шалгасан ижил төстэй худал мэдээлэл: 

https://mfcc.mn/factcheck-580/

https://shorturl.at/lnC25 

Хаягийн ашигласан зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document