2023 оны 10 дугаар сарын 30-нд Dashpurev Ojunchimeg нэртэй хэрэглэгч “Хавдар судлалын үндэсний хүрээлэнд. 34 жил ажилласан доктор Дин Берк фторжуулсан ус нь хорт хавдар үүсгэдэг болохыг баталж байна” гэх тайлбартай бичлэгийг байршуулжээ. Тус бичлэг 85 реакц, 11 сэтгэгдэл авч, 40 удаа цааш хуваалцсан байна.
Бичлэгт гарч буй эр АНУ-ын фторын агууламж хамгийн өндөртэй устай 10 хотын хорт хавдрын тохиолыг фторын агууламж бага устай 10 хотынхтой харьцуулан судалсан тухайгаа ярьж байна. Түүний нэрийг, түлхүүр үгийн хамт бичиж [Дин Бурк, фтор] хайхад Youtube сүлжээнд 12 жилийн өмнө байршуулсан бичлэг гарч ирлээ. Бичлэгийн хугацаа 1 минутын зөрүүтэй, агуулга ижил байв.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Дин Буркын судалгааны түүвэр алдаатай байсан
Дин Бурк бичлэгт тайлбарлаж буй судалгааны ажлаа 1970 онд хийсэн байна. Үүнээс хойш Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг байгуулагдаж усан дахь фтор болон хорт хавдрын хамаарлыг тогтоох шалгалтыг эхлүүлжээ. Ажлын хэсэгт Хавдрын судалгааны хүрээлэн болон Анагаах ухааны судалгаа, шинжилгээний зөвлөлийн эрдэмтэд ажиллаж, багийг нийгмийн эрүүл мэнд судлаач, профессор Жорж Нокс ахалсан байна.
Нокс шалгалтдаа 100 гаруй судалгааны ажлыг харьцуулан тоймлож Буркын гаргасан дүгнэлтэд хэд, хэдэн алдаа байгааг илрүүлжээ. Түүний илрүүлсэн эхний алдаа нь Бурк судалгааны түүврийг харьцуулахдаа бусад хүчин зүйлийг харгалзаж үзээгүй нь байв. Жорж Нокс:
“Нэг газар нутгийн хорт хавдрын тохиолыг өөр газартай шууд харьцуулаад зөвхөн фтороос болсон гэж дүгнэх боломжгүй. Харьцуулалтын хоёр бүлгийн хооронд усан дахь фторын агууламжаас өөр ялгаа байгаа тохиолдолд тэдгээрийг зайлшгүй харгалзан үзэх ёстой” гэсэн байна.
Ноксын тайланд дурдсанаар усан дахь фторын агууламж нь өндөр гэх хотууд зүүн эргээр байршсан, хорт хавдрын өвчлөл бага гэх хотуудаас өмнө байгуулагдсан байжээ. Дэлгэрүүлбэл, АНУ-ын засгийн газар нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг хуучны хотууддаа фторжуулах хөтөлбөрийг түрүүлж эхлүүлсэн ба тэдгээр хотод нь ихэвчлэн өндөр настай хүмүүс амьдарч байсан. Нэгэнт нийгмийн хамгаалал шаардагдсан, өндөр настай оршин суугчид ихтэй хотуудад хорт хавдрын өвчлөл их байх нь зүйн хэрэг.
Дараагийн алдаа нь Буркын судалгааны ажилд усан дахь фторын агууламж багатай хотуудыг сонгохдоо 3 хотыг үлдээсэн байна. 3 хотыг үлдээсэн шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч тус хотууд нь хорт хавдрын тохиол маш өндөр байжээ. Нэг ёсондоо ундны усанд нэмэлт фтор хийдэггүй дээрээс нь угийн хорт хавдрын тохиол багатай хотуудыг сонгож, хорт хавдрын тохиол өндөр бол судалгаанд хамруулахгүйгээр үлдээж өөрийн таамаглалыг баталсан үр дүн гаргахаар албадсан гэсэн үг.
Нийгэм, эдийн засгийн ялгаатай байдлыг үл тоож, бусад хүчин зүйлийг харгалзан үзээгүй тус судалгааны ажлыг “Фтор болон хорт хавдар хоорондын хамаарлыг нотолж чадаагүй” гэж ажлын хэсэг дүгнэсэн байна.
2. Фтор болон хорт хавдын эрсдэлийн хамаарлыг шинжлэх ухаанаар тогтоогоогүй байна
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба 2000 онд фторын хэрэглээ ба хорт хавдрын эрсдэл хоорондын хамаарлыг судалсан 20 гаруй эрдэм шинжилгээний ажлыг харьцуулан дүгнэлт хийсэн нь “Хоорондын хамаарлыг тогтоох нотлох баримт олдсонгүй” гэсэн байна.
АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн харьяа Судалгаа, шинжилгээний үндэсний зөвлөл 2006 онд гаргасан тайландаа “Ундны усан дахь фтор хорт хавдар үүсгэдэг гэх дүгнэлт гаргасан судалгааны ажлууд ихэвчлэн алдаа гаргасан, маргаантай тохиолдол байна” гэж дурджээ.
Фтор нь хүний биеийн кальци их төвлөрсөн хэсгүүдэд хуримтлагддаг тул ясны хорт хавдрын шалтгаанд ч олон удаа сэжиглэгдсэн байна. 1990 онд АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам Хор судлалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ үед лабораторийн харханд фтортой ус уулгах үед ясны хорт хавдар үүсгэж байсан тохиолдлууд бүртгэгдсэн ч 2 жилийн турш лавшруулж судлахад үр дүн дахиж давтагдаагүй буюу тохиолдлуудыг баталж чадаагүй байна.
Үүнээс хойш 2014 онд Их Британи улс ховор төрлийн ясны хорт хавдрын 3000 гаруй тохиолыг судлахад фторын хэрэглээтэй ямар нэг хамаарал байсангүй.
Хамгийн сүүлд 2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Ойрын жилүүдэд хийгдсэн, хянан магадалгаагаар орсон судалгааны ажлуудад шүдний өвчнөөс сэргийлэх зорилгоор фторыг ундны усанд нэмэлтээр хийдэг нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон тохиолдол алга” гэж мэдэгдсэн байна.