2023 оны 10 дугаар сарын 16-нд Khas Zaya нэртэй хаягаас “SWAT гэсэн бичигтэй хувцастай хүмүүс лайвчин Мөнх-Эрдэнийг шоронд нь очиж олон цаг, бороохойдож зодсон байна. Одоо эмнэлэгт хэвтэж байна гэнэ” гэсэн мэдээлэл оруулсан нь 10 дугаар сарын 17-ны байдлаар 415 реакц, 74 сэтгэгдэл авч, 250 удаа цааш түгээгдсэн байдалтай байна. Мөн мэдээллийн зарим сайтад энэ агуулгаар мэдээ нийтэлсэн байна.
Нөхцөл байдлын хураангуй мэдээлэл:
- ШШГЕГ-аас төлөвлөгөөт үзлэг, шалгалт хийж, хуулиар зөвшөөрөгдөөгүй, хориглосон эд зүйл байгаа эсэхэд хяналт тавьсан. Тухайн нэг хоригдолд /Д.Мөнх-Эрдэнэд/ чиглэсэн арга хэмжээ болоогүй гэж тайлбар өгсөн.
- Хорих ангийн Нэгдсэн эмнэлгээс тодруулахад “тийм нэртэй хүн ирээгүй” гэж мэдэгдсэн.
- Д.Мөнх-Эрдэнийн гэр бүлийн хүнээс тодруулахад, “Олон цагаар хүйтэнд хөдөлгөөнгүй, нимгэн нүцгэн байснаар маш хүнд ханиад хүрсэн. Гэхдээ эмнэлэгт хэвтээгүй, бид шаардлагатай эм тариаг өгч, хорих ангийн эмч нь анхаарч эмчилнэ гэсэн” гэх хариулт өгсөн.
- ХЭҮК-оос тухайн нөхцөл байдлын талаар хяналт шалгалт хийсэн талаараа мэдэгдэл хийхдээ “10 дугаар сарын 12-ны өдрийн 12:00-17:00 цагийн хооронд нийт хоригдлуудын амьдрах байрын гадна талбайд гарыг нь ар шилэнд нь байрлуулаад, явган суулгасан. Ингэхдээ сүүлийн нэг цаг 30 минутад нь хөлийг нь амраах зорилгоор өгзөгөөр нь газар суулгасан байна. Ингээд хоригдлуудыг хэсэг хэсгээр нь босгож, нүцгэн биеийн үзлэг зохион байгуулсан. Энэ үзлэгийн үеэр шаардлага эсэргүүцсэн хоригдлуудад тусгайлсан шаардлага тавьсан байна. Энэ ажиллагааны үеэр Д.Мөнх-Эрдэнэ нийт хоригдлуудын дунд байсан… Хоригдлуудын амьдрах байранд нэвтэрсэн дараагийн нэг ажиллагаа нь тухайн өдрийн 20:45-22:00 цагийн хооронд…найман өрөөний хоригдлуудыг өрөөнөөс нь гаргаад ор дэр, эд хогшилд нь үзлэг нэгжлэг хийсэн, энд Д.Мөнх-Эрдэнийн амьдарч байгаа өрөө хамрагдаагүй” гэсэн байна.
- Мөн “Д.Мөнх-Эрдэнэ ар гэртэйгээ цахим уулзалт хийх үедээ уулзалтын ярианы бичлэгт хяналт тавиулаагүй, албан хаагчдын шаардлагыг зориуд удаа дараа эсэргүүцсэн гэх үндэслэлээр ангийн даргын 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Түр хугацааны уулзалтыг нэг сараар хасах сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Энэхүү журам нь хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх асуудлаар бид бүхэн дүгнэлт хийж байна. ХЭҮК-ийн гишүүнээс ШШГЕГ-ын даргад хүргүүлэх шаардлага, зөвлөмжид энэхүү журмын асуудлыг хөндөнө” гэжээ.
Шалгаж буй мэдээллийн бодит байдалд үнэлгээ өгөх нь:
- Шалгаж буй мэдээлэлд “SWAT гэсэн бичигтэй хувцастай хүмүүс” гэсэн нь хуульд заасан тусгай нэгжийн алба хаагчдыг хэлсэн байхаар байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 242.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг бүхий тусгай ажиллагааны нэгжтэй байна” гэж заасанчлан аюулгүй байдлын удирдлага зохион байгуулалтад хамаарах нэгж ШШГ байгууллагад бий. Тухайн албаныхан тусгай буюу “SWAT” бичигтэй албаны хувцас өмсдөг тул мэдээллийн энэ хэсэг үнэн бодит байна.
2. Шалгаж буй мэдээлэлд “лайвчин Мөнх-Эрдэнийг шоронд нь очиж олон цаг, бороохойдож зодсон, одоо эмнэлэгт байна” гэх мэдээлэл нь ХЭҮК-ийн гишүүдийн хяналт шалгалт болон эмнэлгийн бүртгэлийн ажилтны мэдэгдлээс няцаагдаж байна. Мөн Д.Мөнх-Эрдэнийн гэр бүлийн хүн “10 дугаар сарын 12-нд тэр тусгай ангийн шалгалтаас хойш маш хүнд ханиад хүрсэн. Сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Ер нь дархлаа нь муудаж, гарсан шарх идээлж, эрүүл мэндийн хувьд хүнд байгаа” гэж бидэнд ярьсан. Гэхдээ эмнэлэгт хэвтээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээгээр эм, тариа оруулж хорих ангийн эмчээр хийлгэж байгааг онцолсон.
Эдгээр нөхцөл байдлаар дээрх мэдээлэл нь төөрөгдүүлсэн шинж чанартай болжээ.
Хүний эрхийн зөрчил мөн үү?
ШШГЕГ-ын даргын 2018 оны А/165 тоот тушаалаар “Цахим уулзалт зохион байгуулах журам” баталсан. Энэхүү журмын дагуу хоригдол цахимаар ар гэр болон бусад хүнтэй уулзалт хийх үед бичлэг хийдэг. Энэ журмыг зөрчсөнөөр Д.Мөнх-Эрдэнэ түр уулзалтын эрхээ нэг сараар хасуулсан байв.
Д.Мөнх-Эрдэнийн гэр бүлийн хүнээс энэ талаар тодруулахад, “Skype-аар нүүр нүүрээ хараад ярилцах боломжтой, үүнийг цахим уулзалт гэж байгаа юм. Харин манай хүн хоёр ч удаа бичлэг хийлгэхгүй гэж эсэргүүцсэн. Учир нь “би энд эрхээ хасуулсан ялтан байлаа гээл миний эхнэр, эгч дүүс эрх чөлөөтэй иргэн байж яагаад ярьсан бүхнээ бичүүлэх ёстой юм, хууль зүйн үндэслэл нь хаана байна” гээд маргаад бичүүлээгүй. Тэгсэн чинь хорих ангийн дарга нь түр уулзалтыг хассан. Ийм шалтгаанаар түр уулзалтаа хасуулсан анхны хүн байх” гэж бидэнд тайлбарласан юм.
Харин ХЭҮК-оос дээрх мэдээллийн дагуу шалгалт хийх үед энэхүү журмыг хүний эрхийн зөрчил мөн эсэхийг тогтоохоор ажиллаж, “гишүүний зүгээс ШШГЕГ-ын даргад хүргүүлэх шаардлага, зөвлөмжид энэхүү журмын асуудлыг хөндөнө” гэсэн байна.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28.1-д “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж зааж өгсөн.
Ямартай ч 2018 оноос хэрэгжиж эхэлсэн журмыг 5 жилийн дараа хүний эрхийн зөрчил мөн эсэхийг нягталж үзэхээр болсон байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
2023 оны 10 дугаар сарын 17-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шуурхай удирдлага, хяналтын төвийн дарга, дэд хурандаа М.Бат-Эрдэнийн хийсэн мэдээлэл:
“Олон нийтийн сүлжээгээр хорих ял эдэлж байгаа Д.Мөнх-Эрдэнэд холбогдох асуудлаар, түүнийг эрүүдэн шүүсэн, бие эрхтэнд нь гэмтэл учруулсан гэсэн буруу ташаа мэдээллүүд яваад байна. Энэ нь манай байгууллагын зүгээс нийт хорих анги, байгууллагын зүгээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг нэгжлэгийг байнга хийж байдаг. Энэ дагуу хийгдсэн ажил арга хэмжээний нэг үйл ажиллагаа тухайн хорих анги дээр явагдсан. Зорилго нь хорих анги байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа. Энэ нь хоригдлын бие болон эд зүйлд үзлэг шалгалт хийх, түүнд хуулиар зөвшөөрөгдөөгүй, хориглосон эд зүйл байх юм бол хураан авах, устгах үйл ажиллагаа юм. Энэ асуудалд прокурорын болон хүний эрхийн байгууллагаас хоригдлын эрхийг хангаж байгаа асуудалд тогтмол хяналт тавьж байдаг. Тэгэхээр энэ ажиллагаа нь хуульд заасан, зөвшөөрөгдсөн ажиллагаа байгаа юм. Түүнээс биш тухайн хорих ангид ял эдэлж байгаа Д.Мөнх-Эрдэнэд чиглэсэн, түүнийг хохироох гэсэн ажил, арга хэмжээ болоогүй. Тэнд ял эдэлж байгаа бусад хоригдлуудад ч гэсэн гэмтэл учруулсан зүйл болоогүй” гэжээ.
Нэгдсэн эмнэлгээс тодруулсан байдал:
10 дугаар сарын 17-ны 15:10 цагт ШШГЕГ-ын харъяа хорих ангиудын нэгдсэн бүртгэл дэх 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн 80100401 дугаарын утсанд холбогдож, 413 дугаар ангиас Д.Мөнх-Эрдэнэ ирж хэвтсэн эсэхийг шүүлгэхэд утсаар харилцах явцад шүүж үзээд “тийм нэртэй хүн байхгүй байна” гэлээ.
10 дугаар сарын 18-нд ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдын өгсөн тодруулга:
“10 дугаар сарын 17-ний өдөр 413 дугаар анги дээр нэн яаралтай горимоор оройн цагаар ажиллаад ирлээ. ШШГЕГ-аас тэнд байгаа хоригдлуудад 10 дугаар сарын 12-ны өдөр тодорхой арга хэмжээ зохион явуулсан нь тогтоогдож байна. Энэ арга хэмжээний үеэр нийт хоригдлуудад үзлэг, нэгжлэг, шалгалт хийсэн. Гадаа гаргаж суулгаж, үзлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Д.Мөнх-Эрдэнэтэй уулзлаа, одоогоор зодуулсан, гэмтэл бэртэл авсан, хохирсон юм байхгүй байна. Биеийн ил харагдаж байгаа хэсгүүдэд анхан шатны үзлэг хийлээ. Тухайн өдөр гомдол санал гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны камерын дүрс бичлэгт бичигдсэн байсантай танилцлаа. Ер нь биеийн байдал эрүүл байна. Харин даралт ихэссэн шалтгаанаар тухайн хорих ангийн эмнэлгийн хяналтад байгаа юм байна. Өчигдөр /10.17-нд/ хяналт шалгалт хийх үед удаан хугацааны уулзалт буюу гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байхад нь таарсан. Гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч нар нь ирсэн байдалтай байна.
Тухайн Д.Мөнх-Эрдэнэ хүү чиглэсэн хүнлэг бус харьцааны зүйл байгаа эсэхийг тодрууллаа. Энэ талаар бичгээр санал гомдлоо өгнө гэсэн. Биеийн байдал бол хэвийн байна. ХЭҮК нийт хоригдлуудын дунд явуулсан арга хэмжээ нь хуульд нийцэж үү, хүний эрхийн зөрчил байсан уу гэдэгт хяналт шалгалт хийж, материалуудыг үзэж шалгах үйл явц үргэлжлээд явж байна. Мөн бид 10 гаруй хоригдлыг түүврээр авч, тухайн өдрийн талаар санал хүсэлт, мэдээлэл авч ажилласан.
Д.Мөнх-Эрдэнэ жирийн хорих ангийн нээлттэй дэглэмд ял эдэлж байгаа шүү дээ. Тэнд эргэлт уулзалт чөлөөтэй авдаг. Гэхдээ хорих ангийн үйл ажиллагаанд саад учруулсан, алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн үндэслэлээр нэг сарын хугацаатай түр уулзалтыг хасуулах сахилгын шийтгэл авагдсан байна. Түр хугацааны уулзалт гэдэг нь өдрийн цагаар гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрх, харин урт хугацааны уулзалт нь 30 хоногт нэг удаа 3 өдрөөр уулзах уулзалтыг хэлдэг. Түр уулзалтыг хязгаарласан ч хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг тул өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаа. “
10 дугаар сарын 26-нд ХЭҮК-оос хийсэн мэдээлэл:
“2023 оны 10 дугаар сарын 12-ны ШШГЕГ-ын тусгай ажиллагааны багаас ажиллагаа зохион байгуулсан. Энэхүү ажиллагааны үеэр хоригдлын амьдралын бүс буюу амьдрах байранд гурван удаа нэвтрэн орсон. Эхнийх нь 10 дугаар сарын 12-ны өдрийн 12:00-17:00 цагийн хооронд нийт хоригдлуудын амьдрах байрын гадна талбайд гарыг нь ар шилэнд нь байрлуулаад, явган суулгасан. Ингэхдээ сүүлийн нэг цаг 30 минутад нь хөлийг нь амраах зорилгоор өгзөгөөр нь газар суулгасан байна. Ингээд хоригдлуудыг хэсэг хэсгээр нь босгож, нүцгэн биеийн үзлэг зохион байгуулсан. Энэ үзлэгийн үеэр шаардлага эсэргүүцсэн хоригдлуудад тусгайлсан шаардлага тавьсан байна. Энэ ажиллагааны үеэр Д.Мөнх-Эрдэнэ нийт хоригдлуудын дунд байсан.
Хоригдлуудын амьдрах байранд нэвтэрсэн дараагийн нэг ажиллагаа нь тухайн өдрийн 20:45-22:00 цагийн хооронд нэр бүхий 8 өрөөнд үзлэг, нэгжлэг зохион байгуулсан. Энэ үеэр нийт хоригдлуудыг цонх руу буюу хаалганаас буруу харуулж, гарыг нь ар шилэнд нь байрлуулаад, өгзөгөөр нь суулгаж ажиллагааг зохион байгуулсан. Найман өрөөний хоригдлуудыг өрөөнөөс нь гаргаад ор дэр, эд хогшилд нь үзлэг нэгжлэг хийсэн, энд Д.Мөнх-Эрдэнийн амьдарч байгаа өрөө хамрагдаагүй.
Гурав дахь удаагийн нэвтрэлт нь хоригдлуудын өглөөний босох цагаар ангийн дотоод үйл ажиллагаанд ажиглалт хийсэн, ямар нэг байдлаар хоригдлын бие болон өрөөнд үзлэг нэгжлэг хийгээгүй.
ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны нэгжээс зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь хүний эрхийн зарчим, хууль дүрэм, журамд нийцсэн эсэх талаар бид шалгалтын ажлыг зохион байгуулаад, холбогдох эрх зүйн үндэслэл, бусад асуудлыг судалж үзээд комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.
Бидний ажилласан дараагийн нэг асуудал нь Д.Мөнх-Эрдэнийн бие эрхтэнд гэмтэл учирсан эсэхийг хорих ангийн эмнэлгийн рапорт, тухайн тусгай ажиллагаа явагдсан орой хорих ангийн удирдлагууд Д.Мөнх-Эрдэнийн биед нүцгэн биеийн үзлэг хийж байгаа үеийн камерын бичлэгийг татан авч үзсэн. Мөн Д.Мөнх-Эрдэнэтэй өөртэй нь биечлэн уулзаж асуудлыг тодруулсан. Биечлэн уулзах үед Д.Мөнх-Эрдэнэ комисст тайлбар өгөөгүй, “би албан ёсоор бичгээр комисст санал хүсэлтээ өгнө” гэдгээ илэрхийлсэн.
Энэхүү ажиллагааны үеэр зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ рүү чиглэсэн тусгай ажиллагаа зохион байгуулагдаагүй. 10 дугаар сарын 17-ны байдлаар түүний бие эрхтэнд ил мэдэгдэхээр шарх сорви үүсээгүй байсан. Хөдөлгөөн болон өөрийгөө илэрхийлэх чадвар нь хэвийн байсан. Д.Мөнх-Эрдэнэ тус хорих ангид ирснээс хойш артерын даралт нь хэвийн биш гэх шалтгаанаар эмчийн байнгын хяналтад байдаг юм байна.
Д.Мөнх-Эрдэнэ ар гэртэйгээ цахим уулзалт хийх үедээ уулзалтын ярианы бичлэгт хяналт тавиулаагүй, албан хаагчдын шаардлагыг зориуд удаа дараа эсэргүүцсэн гэх үндэслэлээр ангийн даргын 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Түр хугацааны уулзалтыг нэг сараар хасах сахилгын шийтгэл оногдуулсан байсан. ШШГЕГ-ын даргын 2018 оны А/165 тоот тушаалаар цахим уулзалт зохион байгуулах журам батлагдсан. Энэхүү журам нь хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх асуудлаар бид бүхэн дүгнэлт хийж байна. ХЭҮК-ийн гишүүнээс ШШГЕГ-ын даргад хүргүүлэх шаардлага, зөвлөмжид энэхүү журмын асуудлыг хөндөнө” гэжээ.
Түр уулзалтын талаарх хуулийн заалт:
2017 оны 07 дугаар сарын 4-нд ХЗДХ-ийн сайдын А/183 тоот тушаалаар “Хорих ангийн дотоод журам“-ыг баталсан. Энэ журамд нээлттэй хорих ангид түр уулзалтын хугацааг 3 цаг ба 1-5 хүртэлх хүнтэй хийж болохыг зөвшөөрсөн байдаг.
НҮБ-ын баримт бичиг:
НҮБ-аас гаргасан “Хоригдлуудтай харьцах үндсэн зарчим“-д “Бүх хоригдлуудад хүн төрөлхтний төрөлхийн нэр төр, үнэ цэнийнх нь дагуу хүндэтгэлтэй хандах” гэж нэгдүгээрт тунхагласан байдаг. Нүцгэн биеийн үзлэгийг бусад хоригдлын нүдэн дээр олноор нь хийх нь энэхүү зарчмыг зөрчсөн хэрэг болох эсэхийг ХЭҮК-ийн шалгалт, зөвлөмжид тусгах эсэх нь тодорхойгүй байна.