2023 оны 10 дугаар сарын 22-нд Bayra Showman нэртэй пэйжид хоёр нүүрт гавлын ясны зургийг “Хэд ч уншсан бие арзайлгам кейс. 19-р зуунд ингээд хоёр нүүртэй төрчихсөн Мордейк гээд хүн. Хоёр тусдаа сэтгэл хөдлөлтэй ч гэлээ дагзан дээр нь байх жижиг нүүр нь шивнэж, гийнахаас хэтэрдэггүй. Гэхдээ Мордейкийн хэлснээр өөрийг нь жаргалтай үед өнөөх нүүр уурлан хилэгнэж, уйлдаг бол зовсон үед нь инээж хөхөрч баясдаг байж. Мордейк энэ нүүрээ салгах гэж их хичээсэн ч тийм айхтар мэс засал хийх зоригтой эмч тухайн үед олдоогүй аж. Заримдаа харанхуй нөмөрч шөнө болоход өнөөх жижиг нүүр нь “Зөвхөн тамаас л шивнэж болохоор харанхуй бараан зүйлсийг шивнэж өддөг” хэмээн Морейк шаналж, гомдоллодог байсан гэнэ. Ийн явсаар хөөрхий Мордейк ганцаардал айдсаа тэсэлгүй 23 насандаа амиа егүүтгэсэн гэдэг” гэх тайлбартай байршуулсан нь 1.8 мянган реакц, 49 сэтгэгдэл авч, 241 удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Зурагт харагдах гавлын ясыг цаасаар хийсэн
Шалгаж буй мэдээлэлд ашигласан гавлын ясны зургийг ашиглан хайж үзэхэд яг ижил зургийг Newsweek агентлагийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны мэдээнд ашигласан байна. Мэдээнд жинхэнэ мэт харагдах гавлын ясыг урласан уран бүтээлчээс тодруулга авчээ.
1800-аад оны хоёр толгойт Мордейкийн тухай мэдээлэлд уг гавлын ясны зургийг байнга ашиглаж, жинхэнэ гавлын яс мэтээр дүрсэлдэг. Бодит байдал дээр тус гавлын яс нь жинхэнэ биш бөгөөд уран бүтээлч Шиндлер хүмүүсийг шоглох гэсэндээ бүтээжээ. Эварт Шиндлер нь Английн Плимутын урлагийн коллежийг төгссөн ба уран зураг, уран баримал бүтээх чиглэлд түлхүү ажилласан байна. Шиндлер өөрийн бүтээлийн талаар:
“Мордейкийн тухай хүмүүс их ярьдаг ч түүнийг дүрсэлсэн урлагийн бүтээл тийм ч их байдаггүй. Тэгээд л би хийгээд үзье гэж бодсон юм. Папье-маше /төрөл бүрийн цаасыг нягтаршуулж бэхжүүлсэн материал/ ашиглаж, уг бүтээлийг аль болох жинхэнэ мэт харагдуулах гэж хичээсэн. Олон жилийн өмнө хийж байсан уг баримал саяхнаас л гэнэт хүн болгон мэддэг болчихлоо. Зохиомол дүрүүдийг урлагийн бүтээлээр дамжуулан амилуулж, жинхэнэ мэт болгох нь их сонирхолтой. Миний бүтээлийг хараад хүмүүст жинхэнээсээ л ийм хоёр нүүртэй хүн байсан юм шиг итгэл, үнэмшил төрүүлэх нь чухал” гэх тайлбарыг өглөө.Эварт Шидлерийн бусад бүтээлийг түүний блогоос үзэх боломжтой.
Newsweek агентлагийн мэдээ: “Эдвард Мордейкийн занданшууулсан толгой нь урлаачийн бүтээл, жинхэнэ биш”
2. Эдвард Мордейк гэх жинхэнэ хүн байгаагүй
Хоёр нүүртэй төрсөн гэх Эдвард жинхэнэ хүн байсан эсэхэд Reuters болон USA Today агентлаг баримт шалгалт хийжээ.
USA Today агентлаг баримт шалгалтдаа:
“Эдвард Мордейк жинхэнэ гэж хүмүүс итгэх болсон нэг шалтгаан нь Жорж Гоулд болон Валтер Пайл гэх хоёр эмчийн бичсэн “Анагаах ухааны сонирхол татам, хачирхалтай зүйлс” нэртэй 1896 оны номд түүнийг дурдсан байдаг. Гэвч Эдвард Мордейк гэгчийн тохиолдлыг эмч нар өөрсдөө судлалгүй, The Boston Post сонины нийтлэлийг тэр чигээр нь хуулаад биччихсэн байв.
Эмч нарын үг, үсэггүй хуулбарласан тус нийтлэлд Эдвардыг “Язгууртны гэр бүлд төрсөн, авьяаслаг, царайлаг хархүү ховор тохиох гажигтай байсан нь дагзандаа бас нэг нүүртэй байжээ. Хоёр дахь нүүрээ хүмүүст харуулахаас ичиж байхгүй болгохыг хүссэн ч түүний хүслийг гүйцэлдүүлэх эмч нэгээхэн ч байсангүй. Мордейк 23-хан насандаа амиа егүүтгэсэн байна” гэж дурдсан байна.
Их Британийн Royal Society буюу Вангийн нийгэмлэгийн архиваас тодруулахад Эдвард Мордейк гэх нэр архивд нь байсангүй. Хоёр нүүртэй хүний тухай ямар нэг мэдээлэл ч байхгүй байлаа.
Мордейкийг оршин байсныг батлах ямар нэг нотолгоо байхгүйн дээр түүний тухай анх уран зөгнөлт зохиол бичдэг Чарлес Лотин Хилдрет гэх яруу найрагч нийтлэл бичсэн нь хоёр нүүрт язгууртан оршин байгаагүйг улам илүү илтгэжээ” гэсэн байна.
Мөн Reuters агентлагийн баримт шалгалт ч “Мордейк гэх хүн байгаагүй, амнаас ам дамжиж ирсэн цуу яриа, үлгэр домгийн дүр” гэх дүгнэлтэд хүрсэн байна.