Search

Авлигын индексээр ухарсан нь Орос Украины асуудал дээр дундын байр суурь илэрхийлснээс болсон гэх мэдэгдэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #726

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар “Манай улс “Rule of law” индексээр 60-64 дүгээр байрыг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хэрэглэгддэг хамгийн чухал буюу хууль засаглахуй индексээр Монгол Улс дээгүүрт ордог хэлж болно. Гэтэл манай өмнүүр “Rule of law” индексээр эхний 140 дүгээр байрт багтдаггүй Дундад Азийн орнуудыг оруулсан байгаа нь Украины асуудалд манай улс дундын байр суурийг илэрхийлсэн нь нөлөөлсөн юм болов уу гэсэн бодол төрсөн” хэмээн ярилаа” гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Манай өмнө орсон Дундад Азийн хэд хэдэн улс” гэж Казахстан, Узбекстан улсыг хэлсэн байна. Харин энэ нь “Орос Украины асуудалд манай улс дундын байр суурийг илэрхийлсэн тул Авлигын индексээр ухарсан” гэж үзэх үндэслэл биш юм.

Учир нь 2022 оны 03 дугаар сарын 1-нд НҮБ-ын 11 дэх удаагийн Ерөнхий Ассамблейд “ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох” асуудлаар явуулсан санал хураалтад Казахстан улс Монгол улстай ижил байр суурь илэрхийлж түдгэлзсэн бол Узбекстан улс санал өгөхөөс татгалзсан.

2023 оны 10 дугаар сарын 28-нд С. Эрдэнэцогт нэртэй хаягаас “Нямалзганы үгнээс дүгнэхэд авлигын индэкс гаргадаг байгууллага сатаны хараат гэсэн үг. Эсвэл мань этгээд буруугаа бусдад чихэж байна” гэсэн тайлбартай “Х.Нямбаатар: Манай улс авлигын индексээр ухарсан нь Орос Украины асуудал дээр дундын байр суурь илэрхийлснээс болсон” гэсэн бичвэртэй зураг бүхий пост нийтэлжээ.

Уг зургийн баруун дээд буланд “Цахиур” гэсэн лого байршуулсан тул тус сайтын сошиал хаягуудад хайж үзлээ. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 1-нд tsahiur.mn нэртэй инстаграм хаягаар түгээж байсан байна.

Мөн агуулгаар хайхад дээрх өдөр ikon сайтад мэдээ оруулж, эх сурвалжаа livetv.mn гэсэн байв.

Уг мэдээнд, “Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улс авлигын индексээр зургаан байр ухарсан асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өнгөрсөн оны 12 дугаар сард “Transparency international”-ийн хуралд очсон боловч харамсалтай нь нэг хоночхоод буцаад ирсэн. “Transparency international”-тэй сүүлийн жилүүдэд нягт уялдаж ажиллаж байна. Авлигын индексийг яагаад ухраав гэдэг асуудал яригдсан. Бидэнд улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болон төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хоёр гэрийн даалгавар өгсөн. Олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр шүгэл үлээгчийн хуулийг өргөн барьсан байгаа. Төрийн өмчит компанийн тухай хуулийг  өнгөрсөн аравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэх эсэхээ шийдсэн. Хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэрийн эдгээр даалгавруудаа хийгээд ирэх жил дүгнэгдэхэд бидний авлигын индекс арай өөр байх болов уу гэж бодож байна. Гэхдээ “Transparency international” субъектив дүгнэлтийг хийж байна гэж болгоомжилдог. Манай улс “Rule of law” индексээр 60-64 дүгээр байрыг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хэрэглэгддэг хамгийн чухал буюу хууль засаглахуй индексээр Монгол Улс дээгүүрт ордог хэлж болно. Гэтэл манай өмнүүр “Rule of law” индексээр эхний 140 дүгээр байрт багтдаггүй Дундад Азийн орнуудыг оруулсан байгаа нь Украины асуудалд манай улс дундын байр суурийг илэрхийлсэн нь нөлөөлсөн юм болов уу гэсэн бодол төрсөн” хэмээн ярилаа” гэжээ.

Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

2022 оны Авлигын индексээр Монгол Улс 33 оноогоор 116 дугаар байрт орсон.

Харин Дундад Азийн 5 орон тус бүр авсан оноо, эзэлсэн байрыг доорх зурагт үзүүллээ.

World Justice Project Rule of Law Index” буюу Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индексээр манай улс 84-т байна

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Хууль дээдлэх ёсны индекс”-ийг дангаар нь авч үзвэл манай улс 2022 онд 35 оноогоор 84 дүгээр байрт орсон байна.

Харин Казахстан, Укбекстан улс тус бүр 37 оноогоор 64 болон 66 дугаар байрт орж манай улсын өмнө байна.

Гэхдээ бүх үзүүлэлтийг нэгтгэсэн Авлигын индексээр Укбекстан улс нь 31 оноогоор 126-р байрт буюу манай улсаас хойно оржээ. Харин Казахстан нь 36 оноогоор 101 дүгээр байрт буюу манай улсаас өмнө орсон байна.

Тэгэхээр сайд асан Х.Нямбаатар “манай өмнө орсон Дундад Азийн хэд хэдэн улс” гэж дээрх хоёр улсыг хэлсэн байна. Харин энэ нь “Орос Украины асуудалд манай улс дундын байр суурийг илэрхийлсэн тул Авлигын индексээр ухарсан” гэж үзэх үндэслэл биш юм.

Учир нь 2022 оны 03 дугаар сарын 1-нд НҮБ-ын 11 дэх удаагийн Ерөнхий Ассамблейд “ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох” асуудлаар явуулсан санал хураалтад Казахстан улс Монгол улстай адилхан түдгэлзсэн бол Узбекстан улс санал өгөхөөс татгалзсан.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарын “Манай улс “Rule of law” индексээр 60-64 дүгээр байрыг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хэрэглэгддэг хамгийн чухал буюу хууль засаглахуй индексээр Монгол Улс дээгүүрт ордог хэлж болно” гэх мэдэгдлийн дагуу шүүж үзэхэд:

  • Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр анх үнэлэгдэж эхэлсэн 2012 онд хууль засаглалын индексээр 57 дугаар байрт байсан байна.
  • Авлигын индексээр хамгийн сайн үзүүлэлт авсан /39 оноогоор 72 дугаар байрт орсон/ 2015 онд хууль засаглалын индексээр 35 оноо авч 48 дугаар байрт орж байжээ.
  • 2016 онд 38 оноогоор 57 дугаар байрт,
  • 2019 онд 36 оноогоор 71 дүгээр байрт тус тус орж байсан байна.
  • 2022 онд 35 оноогоор 84 дүгээр байрт орсон юм.

Ийнхүү онооны зөрүү бага ч эзлэх байр эрс буурч байгаа нь бусад улсын чансаа сайжирч байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индексээр 2015 онд 35 оноо авахад 48 дугаар байрт орж байсан бол өнгөрсөн жилийн үзүүлэлт мөн 35 оноо авсан ч 84 дүгээр байр эзэлснээр харагдаж байна.

Нэмэлт мэдээлэл

Авлигын индекс гэж юу вэ?

Авлигын төсөөллийн индексийг нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний зарим буюу авлига, түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалын дагуу дэлхийн 180 улс орныг 0-100 оноогоор үнэлдэг индекс юм. Индексийн 0 оноо нь хамгийн өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн утгатай.

“Ямартай ч Авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй (бодит байдлыг хэр зэрэг найдвартай илэрхийлж буйг нь шалгах боломжгүй хэдий ч) олон улсын байгууллагын үнэлгээ тул бид авлигын эсрэг төрийн бодлого, үйл ажиллагаандаа үндэслэл болгон ашиглах ёстой” гэж АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар мэдээлжээ.

Авлигын төсөөллийн индексийг бүрдүүлэхэд ашигласан мэдээллийн эх сурвалжууд нь төрийн байгууллагын авлигын дараах илрэлүүдийг тусгайлан хамардаг.

  • Хээл хахууль
  • Төсвийн хөрөнгийг өөр тийш шилжүүлэх
  • Албан тушаалтнууд төрийн албыг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах
  • Төрийн салбар дахь авлигыг хязгаарлах засгийн газрын чадвар
  • Төрийн албанд хэт хүнд сурталтай байх
  • Төрийн албанд хамаатан садан төрлийн томилгоо хийх
  • Төрийн албан хаагчид өөрийн санхүү, ашиг сонирхлын зөрчлийг ил болгох хуультай эсэх
  • Авлига, хээл хахуулийн хэргийг мэдээлсэн хүмүүсийн эрх зүйн хамгаалалт байдаг эсэх
  • Улсыг явцуу ашиг сонирхлоор булаан авах
  • Төрийн ажил/засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах боломж хэр хүндрэлтэй зэргээс хамаардаг.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр байр ухарсаар байгаа шалтгааныг “Дэлхийн авлигын барометр Ази 2020 – Авлигын талаарх иргэдийн үзэл, туршлага” тайланд дурдахдаа “Монголчуудын дийлэнх нь УИХ-д итгэх итгэлээ алдсан бололтой. Иргэдийн талаас илүү буюу 56 хувь нь УИХ-ын гишүүд бүгд авлига авдаг гэж үздэг” гээд ЖДҮ-ийн зээлийг гишүүдийн гурваны хоёроос илүү нь хамаарал бүхий хүмүүстээ олгуулсан боловч дөрөвхөн хүн хариуцлага хүлээсэн гэдгийг онцолжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалж

Авлигын төсөөллийн индекс 2022

НҮБ-ын 11 дэх удаагийн Ерөнхий Ассамблейн мэдээлэл, санал хураалтын дүн

Дэлхийн авлигын барометр Ази 2020 – Авлигын талаарх иргэдийн үзэл, туршлага” тайлан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document