“Khos Bayar” хаягтай фэйсбүүк хэрэглэгч 2023.10.11-нд “Электрон тамхийг 5 жил татвал 30 жил тамхи татсантай тэнцдэг байна” гэх тайлбартай пост оруулж, Mirror нэртэй вебсайтад гарсан мэдээний холбоосыг хавсаргасан нь 2023.10.24-ний байдлаар 316 реакц, 296 сэтгэгдэл авч, 7,600 удаа цааш түгээгдсэн байна.
Тухайн хавсаргасан холбоосоор орж харвал, “13 настайгаасаа электрон тамхи хэрэглэсэн өсвөр насны хүүгийн уушги цоорчээ” гэх гарчигтай мэдээлэл 2023 оны 04 дүгээр сард оржээ. Тухайн мэдээлэлд “Дөнгөж 13 настайгаасаа электрон тамхи татаж эхэлсэн нэгэн өсвөр насны хүүхдийн уушги 4 удаа цоорчээ. Эмч нар Дравэн Хатфилд гэх хүүгийн уушгийг үзэхэд, 30 гаруй жилийн турш өдөрт 3 хайрцаг тамхи татсан хүний уушгитай адил харагдаж байсан гэнэ. Тухайн хүү 19 нас хүртлээ хоёр юм уу гурван өдөрт нэг электрон тамхийг татаж дуусгадаг байжээ. Ийнхүү, явсаар 2021 оны 10-р сард цээжиндээ хүчтэй өвдөлт мэдэрч, эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн уушги нь цоорсон байсан байж. Үүнээс хойш, 2022 оны 2-р сар хүртэл түүний баруун, зүүн уушги нийт 4 удаа цоорсон байна. Эмч нар түүний энэхүү өвчний шалтгааныг электрон тамхины хэт хэрэглээтэй холбоотой гэж тайлбарлажээ. Хэдийгээр тэрээр мэс засал хийлгэн эдгэрсэн ч, энэ зүйл түүний амьдралд арилшгүй нөлөө үзүүлсэн гэж ярьжээ” хэмээн бичсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Бидний шалгаж буй мэдээлэл нь АНУ-д болсон бөгөөд 2023 онд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вебсайтууд, цахим орчинд ихээхэн тархсан байна. Дээрх мэдээллийн агуулгыг баримтжуулан шалгахын тулд, электрон тамхины хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, учруулж болзошгүй аюул, эрсдэлийн талаарх олон улсад хийсэн судалгаа, утаат тамхи болон электрон тамхины харьцуулсан судалгаа зэрэг мэдээллийн хүрээнд шалгасныг хүргэе.
- Эсийн түвшинд үзүүлэх нөлөө
2014 онд хийсэн “Электрон тамхи болон утаат тамхины хүний кератиноцит болон хучуур эсэнд үзүүлэх нөлөөг харьцуулсан судалгаа”-ны үр дүнг АНУ-ын Анагаах ухааны Үндэсний номын сангийн вебсайтад нийтэлжээ. Тодруулбал, электрон тамхины хортой нөлөө нь утаат тамхиныхыг бодвол харьцангуй бага байдаг ч, бүрэн хор хөнөөлгүй биш гэдгийг уг судалгаагаар гаргажээ. Ялангуяа, электрон тамхинд агуулагддаг амт оруулагч болон никотин нь хүний биед хортойгоос гадна, тамхины утаа нь дангаараа зарим сөрөг эсийн үйл ажиллагааг өдөөдөг гэнэ. Жишээлбэл, электрон тамхины утаа нь дархлааны болон бусад эсээс ялгардаг цитокин гэх бага молекулыг нэмэгдүүлдэг байна. Харин цитокины ялгарал нэмэгдвэл дархлааны эсүүд өөрийн эрүүл эсүүд рүү дайрч гэмтээдэг байна.
- Амьсгалын замд үзүүлэх нөлөө
АНУ-ын насанд хүрэгчдийн дунд буй амьсгалын замын өвчлөл ба электрон тамхины хоорондын хамаарлыг 2013-2018 онд судалжээ. Уг судалгаагаар, электрон тамхи татдаг хүмүүс тамхи огт татдаггүй хүмүүстэй харьцуулахад амьсгалын замын өвчин тусах магадлал 40 орчим хувиар илүү гарсан байна. Харин 2019 онд хийсэн ижил төрлийн судалгааны дүнгээр, электрон тамхи болон утаат тамхины зөвхөн аль нэгийг хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хоёуланг нь хэрэглэдэг хүмүүст амьсгалын замын өвчин тусах эрсдэл илүү өндөр байгааг тогтоожээ.
Зарим тамхи үйлдвэрлэгчид электрон тамхиндаа цөцгийн амт нэмэхийн тулд диацетил гэх химийн бодисыг ашигладаг байна. Энэхүү химийн бодис нь амьсгалын замд орсноор гуурсан хоолойг гэмтээж сорвижилт, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Гуурсан хоолойн энэхүү үрэвслийг “попкорн уушги” хэмээн нэрлэдэг байна.
- Зүрх, судаст үзүүлэх нөлөө
2020 онд ДЭМБ-аас гаргасан тойм мэдээнд зүрхний өвчний улмаас нас барагсдын 20% нь тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барсныг дурджээ. Зүрхний эрүүл мэндэд электрон тамхины үзүүлэх нөлөөг хэдийгээр нарийвчлан тогтоож чадаагүй байгаа ч, Circulation шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн мета-анализ судалгаагаар бол электрон тамхи нь цусны даралт, зүрхний цохилтыг ихэсгэдэг бөгөөд энэ нь зүрх судасны системд богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэжээ.
- Уушгинд үзүүлэх нөлөө
2016 онд Францын HAL open science судалгааны байгууллагаас “Уушгины хорт хавдартай өвчтөнүүд: электрон тамхи хор хөнөөлтэй юу, эсвэл хэрэгтэй юу?” судалгааг хийжээ. Энэхүү судалгааны дүнд, электрон тамхинд утаат тамхитай харьцуулахад химийн хортой бодис бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд жил ирэх бүр энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийн чанар сайжирч, никотины хэмжээ буурч байна гэжээ. Түүнчлэн, сайжирч буй эдгээр үзүүлэлт болоод эмч, мэргэжилтнүүдийн зөвлөмжийн тусламжтайгаар, утаат тамхинаас гарч электрон тамхи руу шилжиж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, утаат тамхи татдаг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах боломжтойг дурдсан байна. Нөгөө талаар, уушгины болон бусад хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдэд ийм шилжилт эерэг нөлөөтэй байж болно гэжээ.
Дээрх судалгаануудаас харвал, электрон тамхин дахь химийн хорт бодисын хэмжээ утаат тамхинаас бага байдаг нь тогтоогдсон ч, энэ төрлийн тамхины хэрэглээний үр нөлөөг бүрэн тодорхойлсон урт хугацааны судалгаа, шинжилгээ олон улсад хязгаарлагдмал байна.