Хулууны үр биеэс шимэгчийг гадагшлуулахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #721

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хулууны үр нь биеэс шимэгч хорхойг ялгаруулна гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хулууны үр нь биеэс шимэгч хорхойг гадагшлуулахгүй. Сэжигтэй тохиолдолд эмчид хандах нь зүйтэй.

2023 оны 08 дугаар сарын 19-нд Глютенгүй гал тогоо нэртэй пэйжид Хулууны үрийн сүү хийх заавар оруулж, тайлбарт нь “Хулууны үрийн ногоон бүрхүүлд шимэг хорхойг устгадаг кукурбитин /cucurbitin/ гэх бодис агуулагддаг. Кукурбитин нь шимэгч хорхойг бүрэн үхүүлж хөдөлгөөнгүй болгодог амин хүчил. Шимэгчийн эмэн эмчилгээний дараа шимэгч үхсэн ч хортой бодис ялгаруулж байдаг. Харин энэхүү арга нь шимэгч хорт бодисыг ялгаруулахгүйгээр байгалийн жамаар гадагшлуулдаг. Хулууны үрийн сүүгээ унтахын өмнө 5 хоног дараалж ууна” гэсэн байна. Бичлэгийг 2 сарын дараа ч цахим хэрэглэгчид хуваалцсаар одоогийн байдлаар 10.6 мянган реакц, 279 сэтгэгдэл, 13 мянган шэйр цуглуулжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Хулууны үр шимэгчийг зайлуулна гэдэг нь цуу яриа

Хулууны үр хүний биед шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эсэхийг хайж хийж үзэхэд ямар нэг нотолсон судалгааны ажил, эрдэмтний зөвлөгөө зэрэг байсангүй.

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн USA Today баримт шалгах төв ижил мэдээлэл дээр баримт шалгалт хийж 2021 оны 12 дугаар сарын 17-нд тайланг нийтэлжээ. Тус баримт шалгалтад Бэйлорын Анагаах ухааны сургууль, Иелийн Анагаах ухааны сургууль, Жон Хопкинс эмнэлгийн эрдэмтдээс тодруулга авсан байна.

Бүрэн болгоогүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, гол нуурын ус шууд уух гэх мэт хүний хооллолтын явцад шимэгч хорхой биед нэвтрэх боломжтой. Шимэгч нь маш олон өвчний шалтгаан болдог.

Хулууны үр нь кукурбитин болон кукурбитацин гэх хоёр химийн бодисыг агуулдаг. Уг бодисууд нь үрэнд гашуун амт оруулдаг буюу бусад амьтдаас хамгаалах хэрэгсэл болдог. Хулууны үр хүний биед шимэгчийн эсрэг ажилладгийг баталсан тохиолдол байхгүй.

АНУ-ын Эмнэл зүйн удирдамжид 1863-аас 1936 оны хооронд шимэгчийн эсрэг эмчилгээнд хулууны үрийг дурдсан байдаг. Шалтгаан нь уугуул Америкчуудын ардын эмчилгээнд ашиглагддаг байсан болохоор тэр. Ямар нэг судалгаа, шинжилгээнд үндэслээгүй.

Эктопаразит буюу арьсыг өвчлүүлдэг, эндопаразит буюу дотор эрхтнийг өвчлүүлдэг шимэгч хорхой байх ба тэдгээр нь дотроо төрөл, зүйлээрээ ялгарна. Нэг ёсондоо тухайн шимэгчид зориулж шимэгчийн эсрэг эмийг сонгомолоор хэрэглэнэ. Хулууны үр зориулалтын эмнээс илүү үйлчилгээтэй байсан бол өдийг хүртэл эмнэл зүйд ашиглагдах л байсан.

USA Today баримт шалгалт

FactCrescendo баримт шалгах төв ч энэ оны 1 сард ижил агуулгатай мэдээлэлд баримт шалгалт хийж мөн л “Худал” гэх үнэлгээ өгсөн байна.

Хулууны үр нь үр самрын харшилгүй тохиолдолд хүний биед элдэв гаж нөлөө байхгүй хэдий ч батлагдаагүй үйлчилгээнд нь хүмүүс хэт ач холбогдол өгж зохих эмчилгээг хийлгэхгүй байх, өвчнөө хүндрүүлэх магадлалтай. Тайланд улсын Хүнс, эмийн агентлаг 2020 онд анхааруулга гаргасан нь “Хулууны үр шимэгчийг эмчилнэ гэх цуу яриа хүчтэй оршсоор байгаа нь хүмүүс шимэгчээр өвчилсөн тохиолдолд зохих эмчилгээг хийлгэхгүй байх, хямд бөгөөд чанаргүй аргыг сонгох эрсдэлтэй. Ямар шимэгчээс хамаараад зориулалтын эмийг тохирсон тунгаар, тохирсон хугацаанд уух ёстой. Зарим тохиолдолд хагалгаа хийх шаардлага үүсдэг” гэсэн байна.

АНУ-ын Mount Sinai эмнэлгийн зөвлөмжид “Хоол боловсруулах замын шимэгчдийн зарим нь хүнд мэдэгдэхгүй биед оршсоор л байдаг, харин зарим нь өндөгөө ялгаруулж үрэвсэл үүсгэдэг.

  • Хэвлийн өвдөлт
  • Гүйлгэлт
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Гэдсэнд хий дүүрэх
  • Ялгадас цустай гарах
  • Шулуун гэдэсний амсар загатнах
  • Гэдэс өвдөх
  • Сульдах
  • Жин хасах
  • Ялгадас өттэй гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Эмчилгээ хийхэд үхэхийнхээ өмнө улам их үрэвсэл үүсгэх тохиолдол бий. Нэгэнт үхсэн тохиолдолд хоол боловсруулах замаар дамжин биеэс ялгарна. Зохих эмчилгээг л хийлгэх нь хамгийн зөв” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document