2023 оны 10 дугаар сарын 18-нд Эх Орон гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч Оросын ерөнхийлөгч Путин Монголоор дамжуулан хийн хоолой байгуулах төсөл эцэслэгдэн шийдвэрлэснийг мэдэгдсэн тухай мэдээлжээ. Тус хаягийн мэдээлэлд тайлбарласнаар “Сайхан мэдээ: Путин Монголоор хийн хоолой дамжуулж жилд 3 тэрбум доллар өгнө энэ миний бэлэг гэж хятадууд эсэргүүцэж хааж байсанч Путин эцэслэн шийдвэрлэж чадлаа зүгээр цэвэр мөнгө орж ирж байхад дээр нь хангалттай уул уурхайнууд ашиглаж байна энэ бүгдийгээ зөв зохистой хэрэглэж үлдсэн баялгаа газар доор нь ирээдүй хойчистоо үлдээл дээ ирээдүй хойч маань тэр үедээ уранаа шийдэг заавал долларын тэрбумтнууд болох гэж амь тавихаа больцгоо урвагчдаа.” гэж бичсэн ба постдоо ерөнхийлөгч Путины зураг дээр “Би Монголын ард түмэнд итгэдэг!, Бид ахан дүүсийн найрсаг харилцаатай улс!” гэх үгсийг тамгалсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Энэ сарын 17, 18-нд Хятадын нийслэл Бээжин хотод болсон Бүс ба замын санаачилгын олон улсын хуралд ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцсон ба хурлын үеэр тэрээр БНХАУ-ын удирдагч Ши Жинпинтэй хоёр талын уулзалт хийсэн ч Монголоор дайрах хийн хоолойг байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй юм.
1.Сибирийн хүч-2″ төсөл эцэслэн шийдвэрлэгдээгүй
Тодруулбал, хоёр улсын удирдагчид хоёр талын уулзалтын үеэр Орос-Монгол-Хятадын “Сибирийн хүч-2” төслийн хэрэгжилтийн талаар эцэслэн ямар нэг шийдвэр, гэрээ хийгээгүй байна. Хятадын удирдагч Ши Жинпин уулзалтын үеэр “Хятад-Монгол-Оросын байгалийн хийн хоолойн төсөл аль болох богино хугацаанд дорвитой ахиц дэвшил гаргах болно гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Кремлиэс Бээжин дэх хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр Израил-Палестины зөрчил, “Сибирийн хүч-2” төсөл зэргийг ярилцана гэж мэдэгдэж байсан ч ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөгүй болохыг онцолсон юм. Мөн Ерөнхийлөгч Владимир Путины Хятад дахь айлчлалын дараах хэвлэлийн мэдэгдэлд болон хоёр талын уулзалтын талаарх Кремлийн мэдээлэлд тус төслийн талаар дурдаагүй бөгөөд “Монголын нутгаар дамжих хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр жилд 3 тэрбум ам.доллар өгнө” гэж мэдэгдээгүй байна.
Түүнчлэн, Орос талаас айлчлалын бүрэлдэхүүнд Орос-Хятадын хийн хоолойн төслийг хариуцагч Газпром компанийн захирал Алексей Миллер багтан Хятадын үндэсний газрын тосны корпорацын захирал Дай Хоулянтай уулзсан бөгөөд Газпромоос уулзалтын дараах Телеграм мэдээлэлдээ “Сибирийн хүч-2” төслийн үйл явцын талаар Миллер Хятадын талд мэдээлэл өгснийг дурдсан ч хоёр талын хэлэлцээний талаар ямар нэг ахиц гарсан гэж дурдаагүй байна.
2. Монголоор дамжих хийн хоолойн төслөөс жилд 3 тэрбум ам.доллар авах нь тодорхойгүй
Харин Орос-Хятадын хийн хоолойн төсөл Монголоор дамжиж хэрэгжсэн тохиолдолд дамжин өнгөрүүлсний төлбөрт 3 тэрбум ам.доллар авах боломж байгааг эдийн засагч Д.Жаргалсайхан 2018 оны 09-р сард нийтлэлдээ мэдээлж байсан ч энэ тоо нь 30 тэрбум куб метр хий дамжуулах болон тухайн үеийн хийн үнэд суурилсан тооцоо юм. Одоогийн байдлаар “Сибирийн хүч-2” төслийг 50 тэрбум куб метр хий дамжуулах чадалтай байна гэж төлөвлөж буй ч хэр хэмжээний хийг, ямар үнээр Оросоос Хятад руу экспортлох талаар талууд эцэслэн тохиролцоогүй байна.