2023 оны 09 дүгээр сарын 29-нд PIP Mongolia нэртэй пэйжид “Соронзон наалт болон зүүлт нь хүзүү болон мөрөнд хурсан хуян, шар усыг тарааж, цусны эргэлтийг сайжруулж мөн тайвшруулж нойронд сайн болгох үйлчилгээтэй” гэсэн тайлбартай соронзон наалтын сурталчилгааг байршуулжээ.
Хэдийгээр тус постын тархалт бага байгаа хэдий ч “Соронзон наалт” гэх түлхүүр үгээр хайхад Facebook сүлжээнд ижил агуулгатай соронзон наалтын сурталчилгаа олон байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгийн Алтернатив болон хавсарга эмчилгээний гарын авлагад “Соронзон эмчилгээнд байнгын соронзон чанартай металл буюу тогтмол соронз, цахилгаан гүйдлээр эрчим нь өөрчлөгддөг цахилгаан соронз гэсэн хоёр төрлийг ашигладаг” гэсэн байна. Бидний шалгах гэж буй бүтээгдэхүүн нь тогтмол соронз төрөлд хамаарна.
1. Соронз цусны урсгалд нөлөөлөхгүй
Цусан дахь төмөр тогтмол соронзтой харилцан үйлчлэхгүйг 1936 онд АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны Академийн эрдэмтэд нотолсон байдаг.
Уушги дахь хүчилтөрөгчийн молекулуудтай холбогдож цусны эргэлтээр дамжуулан булчин, эдүүдэд хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй гемоглобин гэх метал-уургийн комплекс нь төмөр агуулна. Гэвч цусан дахь төмөр нь ферросоронзон биш. Ферросоронзон гэдэг нь өөрөө аяндаа соронзон шинж чанартай буюу соронзод хүчтэй татагддаг материалуудыг нэрлэдэг. Хүчилтөрөгчөөр исэлдүүлээгүй цус нь парамагнетик буюу соронзод маш бага татагддаг шинжтэй. Гэхдээ хүний цус өндөр даралтаар огцом урсаж байдаг тул соронзоор тогтмол үйлчилсэн ч ямар нэг нөлөөнд автахгүй.
Линус Паулин, Чарльз Д.Корелл : “Гемоглобин, хүчилтөрөгчөөр исэлдүүлсэн гемоглобин болон нүүрстөрөгчийн дутуу ислийн гемоглобины соронзон бүтэц, шинж чанар”, 1936 он
2. Тогтмол соронзны үе мөчинд үзүүлэх үйлчилгээ нотлогдоогүй
АНУ-ын Алтернатив болон хавсарга эмчилгээний үндэсний төв 2020, 2021, 2022 онуудад цахилгаан болон тогтмол соронзтой холбоотой судалгааны ажлуудыг хамруулан мета-шинжилгээ хийжээ.
Өвчний нэр | Цахилгаан соронзны үйлчилгээ | Тогтмол соронзны үйлчилгээ |
---|---|---|
Үений өвчин /Үений артроз/ | 985 хүнийг хамруулсан 15 судалгааны ажлын 2020 оны дүн нэгтгэлээр цахилгаан соронзон эмчилгээ нь өвчин намдаах, хөшинг багасгах бага зэргийн нөлөөтэй байсан ч амьдралын чанарт нөлөөлөхөөр сайн байгаагүй. | Үений өвчинд эерэг нөлөөтэй эсэхийг тогтоосон баримт байхгүй. |
Зөөлөн эдийн эмгэг /Фибромиалги/ | Энэ төрлийн судалгааны ажил маш бага олдсон. Даацтай үр дүн гарсан тохиолдол байхгүй, хоорондоо зөрөлддөг. | Зөвхөн 1 ажил байсан нь нөлөөгүй гэж гарсан. |
Нурууны доод үеийн өвчин | 618 хүнийг хамруулсан 14 судалгааны ажлаар цахилгаан соронзон эмчилгээг бусад эмчилгээтэй хавсруулан хэрэглэхэд бага зэрэг сайжирсан үр дүн гарсан. | 2021 оны байдлаар анхан шатны 1 туршилтад л бага зэрэг эерэг үр дүн гарсан. |
Мөрний өвчин | 2021 оны байдлаар 208 хүнийг хамруулсан 5 судалгааны ажилд үр нөлөөгүй гэх дүгнэлт гарсан. | Судалгааны ажил олдоогүй. |
Хэсэг газрын нийлмэл өвдөлтийн хам шинж/CRPS/ | Энэ төрлийн судалгааны ажил маш бага олдсон. Даацтай үр дүн гарсан тохиол байхгүй, хоорондоо зөрөлддөг. | Судалгааны ажил олдоогүй. |
Эрүү, нүүрний өвчин | Судалгааны ажил олдоогүй. | Судалгааны ажил олдоогүй. |
Бугуйн сувгийн хам шинж | Судалгааны ажил олдоогүй. | Энэ төрлийн судалгааны ажил маш бага олдсон. Даацтай үр дүн гарсан тохиол байхгүй, хоорондоо зөрөлддөг. |
Сарын тэмдгийн өвдөлт | 2020 оны байдлаар 1 судалгааны ажилд сарын тэмдгийн өвдөлтийг бага зэрэг бууруулсан гэх дүгнэлт гарсан байна. | Судалгааны ажил олдоогүй. |
Тархмал хатуурал | 2016 онд хийсэн 1 судалгааны ажилд өвдөлт бага зэрэг намдаасан дүн гарсан. | Судалгааны ажил олдоогүй. |
Дээрх хүснэгтээс харвал тогтмол соронз нь ямар нэг үе мөч, булчин шөрмөсийн өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг гэж нотолсон баримт байхгүйг харж болно.
3. Тогтмол соронзон наалт нойрны чанарыг дээшлүүлэхгүй
БНХАУ-ын эрдэмтэд 2022 онд анх удаа тогтмол соронзон талбай хүний нойрны бүтэцэд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Тэд 220 ширхэг байгалийн соронзон цилиндрээс тогтсон орон дээр оролцогчдыг унтуулж нойрны бүтэцэд хэрхэн нөлөөж буйг тооцоолжээ. Ингэхэд:
“Соронзон талбайн үйлчлэл нь хөнгөн нойрны хугацааг 3.5 хувь багасгаж, гүн нойрны хэмжээг 8.4 хувь уртасгаж, нойрны хоцролтыг 16 хувь бууруулж байна” гэх дүгнэлт гарчээ. Шалгаж буй мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад туршилтад том хэмжээтэй, хүчтэй соронзтой ор ашиглахад нойрны бүтцэд маш бага нөлөөлсөн байна.
Дээрх баримт шалгалтаас үзвэл Тогтмол соронзын үйлчилгээнд барьцтай дүгнэлт хийх судалгаа хангалттай хийгдээгүй, хийсэн цөөхөн туршилтууд нь үйлчилгээг нотолж чадаагүй. Цахилгаан соронзон эмчилгээний хувьд зарим судалгааны ажилд эерэг үр дүн гарсан байдаг, гэхдээ бас л бүрэн нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай. Аль, аль эмчилгээ нь сөрөг үр дагаваргүй ч, цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хий урсгаж болзошгүй байна.