“Зиндаа” нэртэй фэйсбүүк хуудаст 2023.09.20-нд “БЭЛЭН ГОЙМОНД ДУРЛАГСДЫН АНХААРАЛД! Хархны махтай бэлэн гоймонгоос татгалзъя” гэх гарчигтэй пост орсон нь 278 реакц, 53 сэтгэгдэл авч, 969 удаа цааш түгээгдсэн байна.
Уг постод “Бэлэн гоймон үйлдвэрлэхэд химийн найрлага их ордог, хорт хавдар үүсгэх маш өндөр эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд аль эртнээс л анхааруулсан. Монголд хүүхдийн хорт хавдар их болж байгаа нь 90 оноос хойш өргөн хэрэглэсэн ийм хүнс хоолтой л холбоотой гэж эмч нар үздэг. Гоймон дахь “үхрийн мах” гэх бор соус шиг зүйл нь мах мөн эсэх нь маш эргэлзээтэй. Амталж үзээд ч мэдэх аргагүй хачин амттай. Бэлэн хоол үйлдвэрлэдэг халуун дулаан орнуудад манайх шиг, үхэр элбэг биш. Импортоор авдаг үхрийн мах нь маш үнэтэй болохоор хямдхан бэлэн гоймонд хийх нь юу л бол. Тэр бүү хэл зарим нь махнаас авах шимт бодисоо сарьсан багваахай, харх, жоом мэтийн зүйлс идэж орлуулдаг аж. Мөн хуурамч мах хийж зарах явдал их байдаг гэнэ. Тухайлбал, харх үржүүлж, нядалж, махны амт үнэрийг үхэр, хонины махтай адилхан болгож зардаг 900 хүнийг Хятадад баривчилжээ. Тэдний олонх нь Шанхай, Цянсу-д үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тэд махаа хувиргахын тулд янз бүрийн химийн бодис ашигласан байна. Манайхан энэ мэтээр юу хольсон нь мэдэгдэхгүй хоол хүнс импортолж хэрэглэхээ болих цаг болсон шүү. Сонссон нэг нь бусдадаа дуулгаж анхааруулаарай.” гэж бичжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Бэлэн гоймонд агуулагддаг орц, найрлага, түүний хэрэглээ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг олон улсын судалгаа, баримтууд, шинжлэх ухааны мэдээ, найдвартай эх сурвалжийн мэдээллүүдэд үндэслэн шалгалаа.
1. Бэлэн гоймонгийн орц, найрлага
Бэлэн гоймон нь урьдчилан хийж, бэлэн болгосон гоймонгийн төрөл бөгөөд ихэвчлэн гялгар уут, аяга, таваг зэрэг савлагаатай зарагддаг. Бэлэн гоймонг ихэвчлэн гурил, давс, дал модны тосоор хийдэг ба ус, давс, амтлагч, глютамины хүчлийн натрийн давс (MSG) зэрэг амт оруулагчийг хамт хийдэг байна. Глютамины хүчлийн натрийн давс нь хүнсний нэмэлт бодис бөгөөд бэлэн гоймонд амт оруулах зорилгоор уг орцыг нийтлэг хэрэглэдэг байна. Хэдийгээр АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас энэхүү орцыг хүнсний хэрэглээнд аюулгүй гэж хүлээн зөвшөөрдөг ч, хүний эрүүл мэндэд үзүүлэх үр дагаврын хувьд маргаантай байдаг байна. Бэлэн гоймонг хаана үйлдвэрлэснээс хамаарч амт, орц нь ялгаатай байдаг ч, ихэнх төрлүүдэд дараах тэжээллэг бодисууд агуулагддаг гэнэ. Тухайлбал, ихэнх гоймонд илчлэг, эслэг, уургийн агууламж бага байдаг бол эсэргээрээ өөх тос, нүүрс-ус, натри болон бичил тэжээлийн агууламж их байдаг аж.
Бэлэн гоймонгийн давсны агууламжийг судлах зорилгоор Малайз улсад хийсэн судалгаагаар тус улсад худалдаалагддаг 707 өөр төрлийн бэлэн гоймонг судалж, давсны агууламж, шошго тэмдэглэгээг харьцуулан үзэхэд тэдгээрийн 62% нь л бүтээгдэхүүний шошгон дээр давсны агууламжийг хэвлэн гаргасан байжээ. Түүнчлэн уг судалгааны дүнгээр, ихэнх бэлэн гоймонд давсны агууламж маш өндөр байсан төдийгүй, энэ нь ДЭМБ-аас зөвлөдөг хүний өдөрт авах давсны зөвшөөрөгдсөн хэмжээнээс 90%-иар илүү байгааг тогтоожээ.
2. Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
- Харвардын Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас бэлэн гоймонгийн хэрэглээ зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлсэд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготой судалгааг Өмнөд Солонгос улсад хийжээ. Энэхүү судалгаагаар, бэлэн гоймонгийн хэрэглээ өндөр эмэгтэйчүүдэд бодисын солилцооны өвчний эрсдэл илүүтэй илэрчээ. Тухайлбал, бэлэн гоймонгийн өндөр хэрэглээ нь таргалалт, цусны даралт, холестерин, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхэд нөлөөлж, тэдгээр нь зүрх судас болон чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байжээ. Судлаачид бэлэн гоймонгийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг улс болох БНСУ-ын 10,711 насанд хүрэгчийн дунд энэ судалгаагаа явуулжээ. Хэдийгээр хүмүүсийн бодисын солилцооны өвчлөл нь амьдралын болон хооллолтын ерөнхий хэв маягтай холбоотой байдаг ч, бэлэн гоймонгийн хэрэглээ нь бусад хүчин зүйлээс үл хамааран бодисын солилцооны өвчлөлд нөлөөлж байгааг илрүүлжээ. Судалгааны үр дүнд, 7 хоногт дор хаяж хоёр удаа бэлэн гоймон хэрэглэдэг эмэгтэйчүүдэд бодисын солилцооны өвчлөл үүсэх эрсдэл эрчүүдээс 68%-иар илүү байгааг тогтоосон байна.
- Нигери улсад бэлэн гоймонгийн амтлагч нь хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлдгийг судлах зорилгоор хархан дээр туршилт хийжээ. Ингэхдээ, бэлэн гоймонг хархнуудад өгөхдөө амталгааг 2 өөрөөр хийж өгсөн байна. Тухайлбал, нэг бүлэгт нь зориулалтын бэлэн амтлагчтай, нөгөө бүлэгт нь байгалийн гаралтай хүнсээр (хавч, сонгино г.м) амталсан гоймонг өгчээ. Ийнхүү туршилтын үр дүнгээр, бэлэн амтлагчтай гоймонг идсэн хархнуудын дотор эрхтэн дэх ферментүүдийн агууламж нөгөө бүлэгтэйгээ харьцуулахад бага үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, гоймонгийн бэлэн амтлагч нь элэгний эсийн үйл ажиллагааг удаашруулж, элгэнд сөргөөр нөлөөлж байсан бол түүнийг байгалийн гаралтай амтлагчаар орлуулахад сөрөг нөлөө нь буурч, чөлөөт радикалуудын хэмжээ нэмэгджээ.
- Солонгосчуудын насанд хүрэгчдийн дунд бэлэн гоймон хэрэглэдэг болон хэрэглэдэггүйгээр нь харьцуулж, шим тэжээлийн үзүүлэлтийг нь судалжээ. “Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн шинжилгээ – III” судалгаанд 20 ба түүнээс дээш насны 6,440 хүнийг хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын хувьд, бэлэн гоймон хэрэглэдэг хүмүүс дунджаар 36.2%-ийг эзэлж байсан бол, хэрэглэдэггүй хүмүүс 44.9% байжээ. Судалгааны дүнгээр, бэлэн гоймон хэрэглэдэг хүмүүст энерги, өөх тос, натри, витамин В1 болон В2 зэрэг шим тэжээлийн тун байх ёстой хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Харин уураг, кальци, фосфор, төмөр, кали, витамин А, ниацин болон витамин С-ийн тун бага байсан байна. Үүнээс, бэлэн гоймонгийн хэт хэрэглээ нь хүнийг шаардлагатай шим тэжээлээр хангаж чаддаггүй бөгөөд зарим үзүүлэлтүүдийг байх ёстой хэмжээнээс хэт өндөр болгодог нь харагдаж байна.
3. Хятад улсад хуурамч махны хэргээр 900 хүнийг баривчилсан тухай мэдээ 10 жилийн өмнө гарч байжээ. Энэ тухай The Guardian сонины албан ёсны сайтад 2013 оны 05 дугаар сарын 3-ны өдөр нийтлэгдсэн мэдээг харвал, Хятадын цагдаа нар махны холбогдолтой гэмт хэргийн улмаас гурван сарын хугацаанд нийтдээ 904 хүнийг баривчилсан байна. Тухайлбал, тэдгээр хүмүүс нь үнэг, булга, хархны махыг хонины мах мэтээр зарж, хууль бус худалдаа хийсэн, нугасны махыг хурганы махан хатаамал болон үхрийн мах мэтээр хуурамчаар үйлдэж зарсан, өвчнөөр үхсэн гахайн махыг зарсан зэрэг олон төрлийн хэргээр баривчлагдаж байжээ. Хэрэгтнүүдийг байршлын хувьд Жиансу муж, Шанхай, ӨМӨЗО-ны Батоу хот, Шанси мужийн Фэншиан хотоос тус тус илрүүлсэн байна. Бидний шалгаж буй постод “харх үржүүлж, нядалж, махны амт үнэрийг үхэр, хонины махтай адилхан болгож зардаг 900 хүнийг Хятадад баривчилжээ. Тэдний олонх нь Шанхай, Цянсу-д үйл ажиллагаагаа явуулж байсан” гэж бичсэн нь мэдээний агуулгыг зарим талаар гуйвуулсан төдийгүй цаг хугацааны хувьд хуучирсан мэдээллийг одоо болсон мэтээр бичиж, хандалт авч байна. Түүнчлэн, хархны махтай бэлэн гоймон үйлдвэрлэсэн, худалдсан нь батлагдсан тохиолдол байхгүй бөгөөд бэлэн гоймонгийн найрлага хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй эсэхийг баталсан эрдэмтдийн судалгаа, баттай нотолгоо байхгүй байна.