2023 оны 10 дугаар сарын 12ны өдөр АРДЫН ҮНЭН гэх хаягаас “Израйл улсын иргэд 1800 оноос эхлэн Палестин улсын газар нутагт хөрөнгө оруулан эзэмшиж хэдэн үеэрээ суурьшиж улс байгуулах хэмжээний хүн амтай болсон . НҮБ-аас хэдэн үеэрээ байсан учир улс байгуулах эрхийг нь өгсөн. Монгол улс хөрөнгө оруулалтын тухай хууль, газрын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаадын иргэн, аж ахуй нэгжүүдэд удаан хугацаагаар газар эзэмших эрх өгснөөр ирээдүйд Палестин улс шиг болж өөрсдийн газар нутаггүй болно ” гэх агуулгатай тайлбарыг газрын хуулийг өөрчилбөл Монгол Палестин болно гэх тайлбартай зургийн хамт оруулжээ. Мөн “Хэрэв наадмаар энэ хууль батлагдсан бол гадныхан Монголд хэдэн үеэрээ газрын эзэн байх эрхтэй болох байсан бөгөөд НҮБ хэдэн үеэрээ тухайн газарт амьдарсан хүмүүсийг зөвшөөрөх нөхцөл үүсэх байв.” гэсэн байна.
Тус пост нь нийт 133 хандалт, 25 сэтгэгдэл авч, 728 удаа цааш түгээгдсэн байна..
Мөн тус хаягаас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яг ижил агуулгатай постыг “Гадаадын иргэн Аж ахуй нэгжүүдэд ХАА-н газар өгдгийг зогсоохгүй бол ирээдүйд монгол хүн нутаггүй болох эрсдэлтэй байна.” гэх бичиг бүхий пост оруулсан нь нийт 364 хандалт, 45 сэтгэгдэл авч, 1600 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-д:
“Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” хэмээн заасан байдаг ч Газрын тухай хуулийн 27.2-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” хэмээжээ.
Иймд гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол улсын газар нутгийг эзэмших эрх огт байхгүй бөгөөд зөвхөн ашиглах эрхтай аж.
Монгол Улсын Газрын тухай хуулийн нэр томьёололд тусгаснаар:
3.1.2.”газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;
3.1.3.”газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;
3.1.4.”газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; гэж тус тусын ойлголтыг тодорхойлж өгсөн.
Израйл болон Палестины үйл явдлыг товчоор
Шалгаж буй мэдээлэлд “Израйл улсын иргэд энд тэндээс олноор Палестинд цуглаж, хөрөнгө оруулж, газар эзэмшиж хэдэн үеэрээ амьдарсан учир НҮБ-аас Израйл улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч газар нутгийг өгсөн” хэмээн бичсэн байна.
Палестин Израйлын мөргөлдөөнөөс өмнө Палестины Иерусалим хотод араб, еврей, христийн шашинтнууд бүгд оршин суудаг байв.. 1922 онд Үндэстнүүдийн лиг (League of Nations) Их Британид Османы эзэнт гүрний нутаг дэвсгэр байсан Палестины бүрэн эрх мэдлийг олгосон. Заалтдаа Бальфуэрийн тунхаглалын “Еврей үндэстний гэр” зэрэг нөхцөлийг оруулсан байна.
Дэлхийн II дайны үед Герман дахь нацистуудын хавчлагын улмаас Палестинд ирэх еврейчүүдийн тоо нэмэгдэж байсан учир палестинчууд бослого гаргаж эхэлсэн. Тэрээр Их Британийн эрх мэдэл болон еврейчүүдийн цагаачлалын эсрэг хэд хэдэн удаа бослого гаргасан. Их Британийн Peel Commision Report тус мөргөлдөөний нөхцөл байдлыг олон нийтэд хүлээн зөвшөөрч Палестины газар нутгийг хуваахыг зөвлөж байлаа.
1947 онд Их британи өөрийн үүрэг хариуцлагаас татгалзаж Палестины асуудлыг НҮБ-д шилжүүлэн өгсөн байна. Арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей 181(II) тогтоолыг баталж, тус газар нутгийг “Еврей улс”, “Арабын улс” хэмээн хуваахыг уриалжээ. Еврейчүүд уг шийдвэрийг дэмжиж байсан ч арабчууд хүчтэй эсэргүүцэж байсан нь иргэний дайнд хөтөлсөн юм. 1948 онд Палестин дахь Их Британийн эрх мэдэл дуусгавар болсон ба Израйл улс тусгаар тогтнолоо зарласан. Үүний дараагаар Израйл Палестин хоорондоо хийсэн дайн Израйлын ялалтаар өндөрлөснөөр Израйл улс өөрсдийн газар нутгийг тэлсэн ажээ.
Харин шалгаж буй мэдээлэлд энэ түүхийг үндэслээд Монгол Улсад хөрөнгө оруулж, татварын бус дэмжлэг буюу тухайн хөрөнгө оруулсан газраа өөрийн болгох эрхийг НҮБ-аас өгнө гэх ойлголт төрүүлэхээр бичжээ.