Search

Bioengineered гэх хүнсний бүтээгдэхүүний тэмдэглээний талаарх мэдээлэл нь төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #715

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Доорх бүтээгдэхүүнүүд бүгд генетикийн хувьд өөрчлөгдсөн (био-инженерчлэгдсэн) байна… Хувиргасан амьд организм гэдэгт 6 хөлтэй тахиа, харх, хорхой шавьж гэх мэтээр үргэлжлэнэ. Сахар, будагч бодисыг юунаас гаргаж авдаг тухай ярих ч хэрэггүй!” гэсэн пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндэд аюулгүй эсэхийг кэйс тус бүрээр нь судлахыг зөвлөн, хянаж зөвшөөрсөн улс орнуудын хүн ам ийм төрлийн хоол хүнс хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө ажиглагдаагүй” болохыг онцолсон байна.

2023 оны 10-р сарын 12-нд Rocky S Mgl гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч хүнсний бүтээгдэхүүний найрлага, зөвлөмжийн мэдээлэлд тэмдэглэгдсэн “Contains a bioengineered food ingredient” гэсэн тэмдэглэгээ нь генетикийн өөрчлөлттэй амьд биетүүд тухайн бүтээгдэхүүний найрлагад орсон болохыг тэмдэглэж буй хэмээн тайлбарласан байна. Тус постод дараах тайлбарын хамт дээр дурдсан тэмдэглэгээтэй амттан, амтлагч гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийн зургийг хавсаргасан байна. Постод бичсэнээр “Доорх бүтээгдэхүүнүүд бүгд генетикийн хувьд өөрчлөгдсөн (био-инженерчлэгдсэн) байна. Өөр олон бүтээгдэхүүнүүд бий. Эдгээр хордуулж найруулсан, хүнс гэж хэлэх боломжгүй доод давтамжийг бий болгодог хольцоо нүүрэн талд нь бус ард талд нь үнэндээ нууж жижиг үсгээр BE гэж бичсэн байгааг та анзаарч байгаа байх. Мөн тэд хувиргасан амьд организмын тодорхойлолтыг Bioengineered гэсэн нэр болгон өөрчилсөн нь тодорхой. Хувиргасан амьд организм гэдэгт 6 хөлтэй тахиа, харх, хорхой шавьж гэх мэтээр үргэлжлэнэ. Сахар, будагч бодисыг юунаас гаргаж авдаг тухай ярих ч хэрэггүй!” хэмээн анхааруулсан байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Бидний шалгасан мэдээлэлд хавсаргасан дийлэнх хүнсний бүтээгдэхүүний зургууд нь АНУ-д үйлдвэрлэгдсэн байхаар байгаа ба 2022 оны 01-р сарын 01-нээс тус улсын Хөдөө Аж Ахуйн Департментаас хүнс үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагч нарт генетикийн өөрчлөлтэй бүтээгдэхүүн найрлагад орсон хүнсний бүтээгдэхүүндээ “Bioengineered food,” эсвэл “Contains a bioengineered food ingredient” гэх мэтээр найрлагын мэдээллийг тэмдэглэсэн байхыг шаардаж эхэлсэн байна. Энэ нь өмнө нь хэрэглэж байсан тэмдэглэгээ буюу генетикийн өөрчлөлттэй организм (GMO – Genetically Modified Organism) гэсэн тэмдэглээг халан шинээр мөрдөгдөж буй шаардлага юм. Харин энэ зааварчилгааны дагуу  сахар, хүнсний тос зэрэг боловсруулсан бүтээгдэхүүн болон мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнд заавал тэмдэглэгээ бичсэн байхыг шаарддаггүй байна.

Тус департментын тодорхойлсноор “биоинженерчлэгдсэн хүнс гэдэг нь тодорхой лабораторийн техникээр өөрчлөгдсөн, уламжлалт үржүүлгийн аргаар бий болгох боломжгүй, байгальд олдох боломжгүй генетикийн материалыг агуулсан бүтээгдэхүүн юм.” гэжээ. 2022 оноос хэрэгжиж эхэлсэн энэ зааварчилгааны дагуу биоинженерчлэгдсэн хүнсний орцтой болохыг бүтээгдэхүүний нүүр хэсэгт эсвэл үйлдвэрлэгч эсвэл борлуулагч бэлтгэсэн найрлага, зөвлөмжийн мэдээллийн хэсгийн дэргэд байх ёстой байна.

Харин “BE” гэх товчлол нь “Bioengineered” гэсэн үгийн товчлол бөгөөд АНУ-ын Конгресс хүнсний бүтээгдэхүүний шошго, тэмдэглэгээний шинэ стандартыг батлахдаа энэ товчлолыг ашигласан болохыг АНУ-ын Хөдөө аж ахуйн департмент мэдээлсэн байна. Гэхдээ үйлдвэрлэгч болон борлуулагч нар заавал “Bioengineered food,” эсвэл “Contains a bioengineered food ingredient” гэх бүтэн тэмдэглэгээг ашигласан байх ёстой байдаг байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндэд аюулгүй эсэхийг кэйс тус бүрээр нь судлахыг зөвлөн бүх гений өөрчлөлттэй хүнсний аюулгүй байдлын талаар ерөнхий дүгнэлт хийх боломжгүй байдаг хэмээсэн байна. Түүнчлэн тус байгууллагын мэдэгдсэнээр “Одоогоор олон улсын зах зээл дээр байгаа гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд аюулгүй байдлын үнэлгээг давсан бөгөөд хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй. Түүнчлэн хянаж зөвшөөрсөн улс орнуудын хүн ам ийм төрлийн хоол хүнс хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө ажиглагдаагүй” болохыг онцолсон байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document