“Цагаан дэлийн агуйг хятадууд дэлбэлсэн” гэх хуучирсан мэдээллийг дахин түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #713

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монгол орны хамгийн урт агуйг уул уурхайн аж ахуй нэгжүүд устгасан байна. Монголын хамгийн урт агуй болох Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь “Цагаан дэл”-ийн агуйг хятадууд дэлбэлсэн байна” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Саяхан болсон үйл явдал мэтээр бичсэн нь хуучирсан мэдээллийг дахин түгээсэн хэлбэр бөгөөд 2019 онд Цагаан дэлийн 116 га талбайг байгалийн дурсгалт газраар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн байна. Ингэснээр 0.1-3 км орчимд үйл ажиллагаа явуулах, барилга барих зэргийг хориглодог.

Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуйг хятадууд дэлбэлж устгасан тухай мэдээлэл түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Тус мэдээллийн зургийн хэсэгт тэмдэглэснээр “Монгол орны хамгийн урт агуйг уул уурхайн аж ахуй нэгжүүд устгасан байна!. Монголын хамгийн урт агуй болох Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь “Цагаан дэл”-ийн агуйг хятадууд дэлбэлсэн байна. Учир нь энд хайлуур жоншны тусгай зөвшөөрөл олгосон ажээ. Энэ агуй дотроо нууртай, өвөрмөц тогтоцтой хонгилын урт 1 км орчим байжээ. Энэ бол аялал жуулчлал хөгжүүлэх, судалгааны үнэт судлагдахуун байсан юм. Цааш түгээж өгөөрэй! Эх сурвалж: Агуй судлаач, доктор Э.Авирмэд Institute of Geography, Mongolian Academy of Science” гэж тайлбарлажээ. Мөн тус тайлбарын дээд хэсэгт National Geography of Mongolia гэж бичсэн байсныг харж болохоор байна.

  • Саяхан болсон үйл явдал мэтээр бичсэн нь хуучирсан мэдээллийг дахин түгээсэн хэлбэр бөгөөд 2019 онд Цагаан дэлийн 116 га талбайг байгалийн дурсгалт газраар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн. Ингэснээр 0.1-3 км орчимд үйл ажиллагаа явуулах, барилга барих зэргийг хориглодог.

Бид тус мэдээллийн эх сурвалжийг хайхад 2014 оны 08 дугаар сарын 01-нд Mongolian Geographic гэсэн фэйсбүүк хуудас яг ижил мэдээлэл бүхий постыг нийтлэж байсан байна.

Архивлагдсан хувилбартай энд дарж танилцана уу.

Мэдээлэлд эх сурвалжаар дурдсан агуй судлаач, доктор Э.Авирмэд мөн өдөр /2014.08.01/ Зууны мэдээ сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Цагаан дэлийн агуйд юу тохиолдсон талаар тодруулсан асуултад “Хятадууд сүйтгээд дууссан байна лээ. Цагаан дэлийн агуйн ойролцоо хятадуудад хайгуулын лиценз олгоод агуйг нь дэлбэлсэн байсан. Уг нь одоогоор Монголын хамгийн урт агуй болоод байгаа юм. Агуйн дотор жонш болон олон сайхан тогтоцтой байсан. Нуур хүртэл байсан. Тийм агуй ховор шүү дээ. Харамсалтай л юм.” гэж хариулсан нь дээрх мэдээллийн эх сурвалж болсон байна.

Тус агуйг тойрсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор “2010 онд Цагаан дэлийн агуйг сумын байгалийн дурсгалт газар болгон, 2011 онд аймгийн тусгай хамгаалалтад агуйн амыг тойрсон 3.63 га газрыг, 2013 онд 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ” гэж тус асуудлаарх 2015 оны Зууны мэдээ сонины сурвалжлагад дурдсан байна. 

Сурвалжлагад тайлбарласнаар “2002-2006 оны хооронд хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний нэрлэж заншсан нинжа нар гар аргаар жонш олборлох явцдаа ухаж, тэслэн агуйн орчмыг сүйтгэсэн” гэсэн ба агуйн “хоёр ам нь бүрэн таглагдчихаагүй, дотор нь орох боломжтой байсан” болохыг дурдсан байна.


2019 онд Цагаан дэлийн агуйг хамруулсан 116 га талбайг байгалийн дурсгалт газраар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулахаар Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн байна.

Тус агуй улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдсанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёрдугаарт зааснаар “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0,1-3,0 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсний дагуу хамгаалагдах юм.

Гэхдээ 2021 оны Өнөөдөр сонины сурвалжлагад агуй судлаач Э.Авирмэд нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил хангалттай хийгдэхгүй байгааг онцолсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document