2023 оны 10 дугаар сарын 12-ны 07:52 цагт Tsengel Davaasambuu нэртэй хэрэглэгч “Өглөөний мэнд. Цонхоо онгойлгож болохгүй гээд энд тэндээс утасдаж байна. Гадуур маск зүү гэж байна шүү. Учир нь” гээд өөр хэрэглэгчийн сэтгэгдлийг screenshot хийснээ хавсаргажээ. Зурагт Munkhtuya Lkhamaa нэртэй хэрэглэгч:
“Баянзүрх дүүргийнхэн цонх, салхивчаа хаагаарай. Налайхын төмрийн үйлдвэр газ дэлбэрч нэг хүн амиа алдсан байна. Баянзүрх дүүрэгт дэлбэрэлтээс үүссэн маш их хорт үнэр тархжээ. Тиймээс та бүхэн гадуур гарахдаа хордохоос сэргийлж маск зүүгээрэй” гэсэн байна. Пост 29 реакц, 17 сэтгэгдэл авч, хэрэглэгчид 51 удаа цааш хуваалцсан байна.
Үүнээс өмнө буюу 07:37 цагт Мисс ээжүүд гэх пэйжээс “SOS БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙНХЭН ЦОНХ, САЛХИВЧАА ХААГААРАЙ. Налайхын төмрийн үйлдвэр газ дэлбэрч нэг хүн амиа алдсан байна. Баянзүрх дүүрэгт дэлбэрэлтээс үүссэн маш их хорт үнэр тархжээ. Тиймээс та бүхэн гадуур гарахдаа хордохоос сэргийлж маск зүүгээрэй” гэж оруулсан постоо 4 удаа өөрчлөн “БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙНХЭН ЦОНХ, САЛХИВЧАА ХААГААРАЙ. Нийслэл даяар толгой эргэм үнэр тархсан тул та бүхэн гадуур гарахдаа хордохоос сэргийлж маск зүүгээрэй. Холбогдох байгууллагаас юуны үнэр тархсанг тодруулсан боловч дуудлага мэдээлэл алга гэсэн хариу өглөө” болгосон байна.
Ингэж хуурамч мэдээллийг анх түгээгээд, түүнийгээ засварлах, эсвэл хаягийг нууц скрийн шот хийгээд түгээх зэрэг арга хэрэглэх нь итгэж болохгүй мэдээллийн шинж байдаг.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Налайх дүүрэгт үйлдвэр дэлбэрсэн гэх мэдээлэл худал
Бид Онцгой байдлын ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.
“Өчигдөр буюу 10 дугаар сарын 11-нээс өнөөдрийг хүртэл Налайх дүүрэгт газ дэлбэрсэн гэх дуудлага ирээгүй. Олон нийтийн дунд тархаад мэдээллийн дагуу манай баг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран шалгалт хийхэд аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг зөрчил илрээгүй.
Үүсээд буй нөхцөл байдлыг онцгой байдал гэж үзэхэд хэцүү. Иймд уг асуудал манай чиг үүрэгт бүрэн хамаарах асуудал биш” гэлээ.Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн албаны өгч буй мэдээллийг баримтлах нь зүйтэй. Манай зүгээс нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
2. Налайх болон Баянзүрх дүүргүүдийн агаарын чанарын индекс хэвийнээс бага бохирдолтой түвшинд хэлбэлзэж байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны шинжилгээний хэлтсийн agaar.mn вэбсайтаас шалгахад Баянзүрх дүүргийн Амгалан хавиар PM10 болон PM2.5 тоосонцруудын хэмжээ өндөр гарчээ. Харин Баянзүрх болон Налайх дүүргийн бусад хэсгээр PM10 болон PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, озон зэрэг бодисуудын агууламж хэвийн түвшинд гарсан байна.
Жич: PM10 тоосонцрын гол найрлагад хөнгөн цагаан, цахиур, төмөр, кальци болон калийн ислүүд давамгайлдаг. Харин PM2.5 тоосонцор нь тээврийн хэрэгсэл, үйлдвэр, ахуйн дутуу шаталтын дүнд үүсдэг хий төлөвт нэгдлүүд, органик нэгдлүүд, хөө тортог, металлын ислүүд зэргийг тооцдог аж.
Энэ агуулгаар цахим орчинд хайж үзэхэд зарим байршилд газ мэт сонин үнэр үнэртэй байгаа тухай постууд оруулсаар байна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын шуурхай удирдлагын алба Улаанбаатар хотын зарим газруудад гараад буй үнэр хаанаас гарсан гэдгийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гарахаар мэдээлэл өгөх тухай бичсэн байна.
Мөн Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байгаа тул газар дээр нь хяналт шалгалт хийж, багажаар шинжлэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэсэн байна.
Хяналт шалгалтын дүн гарч, хэвлэл мэдээллээр түгээх үед эргэлзээтэй мэдээлэл гарвал бид дахин баримт шалгалт хийх болно.