2023 оны 8 дугаар сарын 07 ны өдөр IHC- Inflation Hedging coin хуудаснаас “8, 9 САРЫН ХӨТӨЛБӨРТ НЭГДЭЖ, ХҮЛЭЭН АВААРАЙ. 2000 долларын үнэ төлбөргүй крипто урамшуулал, дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй DM-ээс авна уу” гэх тайлбартайгаар IHC токены зургийг оруулсан мэдээлэл нь нийт 31 хандалт, 64 сэтгэгдэл авч, 5’700 удаа цааш түгээгдсэн байна.
Тус мэдээлэлд “8,9 сарын хөтөлбөрт нэгдэж хүлээн аваарай” гэж оруулсан ч ямар хөтөлбөрөөр дамжуулж крипто урамшуулал өгөхийг тодорхой дурдаагүй, үг үсгийн алдаа байхгүй ч “..мэдээллийг бидэнтэй DM-ээс авна уу” гэж утга зүйн алдаа гаргасан нь мэдээлэлд итгэж өөрийн хувийн мэдээллийг өгөхөөс өмнө хаягийг сайтар шалгаж баталгаатай эсэхийг шинжих хэрэгтэйг илэрхийлж байна.
Хаяг шалгах нь:
IHC- Inflation Hedging coin хуудас нь 2022 оны 6 дугаар сарын 28-нд нээгдсэн бөгөөд одоогоор 1200 дагагчтай.
Энэ нь IHC – Inflation Hedging Coin гэх 72,000 дагагчтай хуудсыг дуурайлган хийсэн хуурамч хуудас юм. Тус хуудас нь жинхэнэ пэйжтэйгээ ижил нүүр зураг, ижил өнгийн постеруудыг оруулдаг ч хуудасныхаа танилцуулга хэсгийг огт бөглөөгүй. Мөн оруулж буй постуудыг харьцуулж үзэхэд хуурамч хаяг нь өндөр үнийн дүнтэй урамшуулал олгох тухай постуудыг олон удаагийн давтамжтайгаар оруулж байна.
Шалгаж буй мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “урамшууллаа авсан” гэж коммент бичсэн хэд хэдэн хэрэглэгчийн хаягийг шалгахад 2-3 дагагчтай пэйж, аль эсвэл гадаад хэрэглэгчийн нэртэй, өөрсдийн танилцуулга хэсгийг огт бөглөөгүй, нүүр зургаас өөр зураг оруулаагүй хуурамч байх шинж агуулсан хаягууд байна.
2023 оны 6 дугаар сарын 8ны өдөр тус хуудаснаас “Хэрэв та IH WALLET-даа крипто зоос барьвал 1,000,000-аас 10,000,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг яг одоо бидэнд шууд мессеж илгээнэ үү” гэх мэдээлэл оруулсан нь шалгаж буй мэдээлэлтэй ижил урамшуулал өгнө хэмээн амлажээ. Гэвч урамшуулалд хамрагдах шалгуур, хэрхэн авах талаар тодорхой тайлбар хийгээгүй байна.
Олны мэдэх компани, хувь хүний нэрийг ашиглаж олон нийтийг төөрөгдүүлэх, хуурамч мэдээлэл түгээх нь олширч байгаа учир мөнгө санхүүтэй холбоотой аливаа мэдээлэлд итгэж хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийж, түгээж буй хаяг, хуудсыг баталгаатай эсэхийг сайтар нягталж шалгаарай.