Мөнгөний цэцгийн эмчилгээний чанар гэх мэдээлэл батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #708

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Мөнгөний цэцэг гэж нэрлэгпэх Crassula Ovata ургамал нь үе мөч, хоолойны өвчин, түлэгдэлт шархны эмчилгээнд хэрэглэдэг ашиг тустай ургамал хэмээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус ургамалыг эрүүл мэндэд ашиг тустай гэх баримт нотолгоо байхгүй, судалгаа хийгдээгүй ба ургамалыг идсэн амьтад хорддог байна. Иймд тодорхой судалгаа хийгдээгүй эмчилгээний аргыг дур мэдэн ашиглах нь өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг юм.

2023 оны 02 сарын 28ны өдөр Norovsuren Bor гэх хаягаас  “ “Мөнгөний цэцэг” хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг,баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг.Энэ нь ч яахав,үнэхээр тийм л байг.Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа.Үрэвслийн эсрэг,бактерийг устгах,вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ.

Эмчлэх аргууд …” хэмээн хэд хэдэн өвчнийг анагаах арга гэх мэдээллийг оруулжээ. 

Тус мэдээллийг шалгахад мөнгөний цэцэг буюу хаш ургамал нь эрүүл мэндийн холбогдолтойгоор хэрэглэгддэггүй бөгөөд энэ тухай судалгаа огт байхгүй байна. Мөн аль эх сурвалжаас авсан эсэхийг хавсаргаагүй, тодорхой судалгааг оруулаагүй байгаа нь хуурамч мэдээллийн нэг шинж чанар юм. Иймд тодорхой судалгаа хийгээгүй эмчилгээний аргыг дур мэдэн туршиж үзэхээсээ өмнө сайтар нягтлаарай. 

Мөнгөний цэцгийн тухай 

“Мөнгөний цэцэг” хэмээн бэлгэшээдэг Хаш ургамал (Jade plant) нь Crassulaceae аймагт хамаарагддаг ба шинжлэх ухааны нэршлийг нь Crassula ovata гэж нэрлэдэг. Крассула  овата нь шүүслэг, олон наст ургамлын төрөлд багтдаг.  Мөн тус ургамлыг өөрөөр Бяцхан хаш  (Baby Jade) , Хятад каучук ургамал (Chinese rubber plant), Одой каучук ургамал (Dwarf rubber plant), Хаш ургамал (Jade Plant), Хаш мод (Jade tree), Япон каучук ургамал (Japanese rubber plant) гэх мэтээр нэрлэдэг байна.

Мөнгөний цэцэг амьтдад хортой

Америкийн амьтдад харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх нийгэмлэг (American Society for the Prevention of Cruelty to Animals)-ээс гаргасан гэрийн тэжээвэр амьтдад хортой ургамлын жагсаалтад хаш ургамал орсон байдаг. 

Тус ургамлыг идсэн гэрийн тэжээмэл нохой, муур, морь зэрэг амьтад бөөлжих, суулгах, нойрмоглох, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Крассуласиа /Crassulaceae/ аймгийн хэд хэдэн ургамал (Kalanchoe, Cotyledon, Tylecodon) нь зүрх судасны системд дижиталиустай төстэй нөлөө бүхий хорт буфадиенолид гэх бодис (bufadienolides) агуулдаг байна. (1,2,3) Тэдгээрийн гол нөлөө нь аденозин трифосфатазыг дарангуйлж, улмаар натри, калийн эсийн мембранаар дамжих хөдөлгөөнийг бууруулж зүрхний үйл ажиллагааг сааруулдаг ажээ. 

Энэ аймгийн ургамлаас шалтгаалсан  амьтдын хордлогын ихэнх нь  үхэр, хонь, адуу, шувуу, нохойд тохиолдсон байна. Тиймээс Crassulaceae аймгийн ургамлын төрөл зүйлийг аюулгүй гэж нотлогдох хүртэл хортой гэж үзнэ хэмээжээ.  

Хаш ургамал нь хүнд хоргүй гэж хэлэгддэг ч үүнийг эрүүл мэндийн салбарт ашигласан судалгаа ховор тул дур мэдэж ашиглахаас зайлсхийгээрэй. Зарим тохиолдолд хаш ургамлын шүүсэнд хүрэхэд арьсанд загатнах, түлэгдэх мэдрэмж төрдөг.  Мөн ургамлыг идэх нь ходоод гэдсийг хямраах магадлалтай байдаг аж.

Мөнгөний цэцгийн бусад ашиг тус 

Мөнгөний цэцэг нь тасалгаанд ургуулдаг түгээмэл цэцэг юм. Үүнийг идэж хэрэглэх нь хүнд хортой байх боломжтой ч гэрийн нөхцөлд арчиж тордсоноор дараах ашиг тусыг танд өгнө

  • Тасалгааны ургамал нь стрессийг бууруулна- Судалгаагаар компьютерын ард суухын оронд ургамалтай харьцах нь бидний стрессийн хариу урвалыг бууруулдаг болохыг тогтоосон байна. 
  • Агаарыг цэвэршүүлж, өрөөний чийгшлийг нэмэгдүүлнэ 
  • Унтахад тусална 
  • Бүтээмжтэй байхад тусална гэх мэт ашиг тустай байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document