2023 оны 09 дүгээр сарын 01-нд Emall пэйжид “Судас бүдүүрлийн эмчилгээний цацлага” гэх гарчигтай бичлэгийг байршуулжээ.
Бичлэгт South Moon – Varicose Veins Spray гэх нэртэй цацлагыг цацсанаар судасны бүдүүрлийг эмчилж байгааг харуулаад, тайлбарт нь “30мл уг цацлага нь судасны бүдүүрлийг эмчлэх, хаван, өвдөлтийг намдааж эмчилнэ. Хэрэглэх газартаа жигд цацаж шингэх хүртэл массажилна. Үнэ 20000 төгрөг” гэж оруулсан бичлэгийг 10 дугаар сарын 05-ны байдлаар 21 мянган удаа үзсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хуурамч бүтээгдэхүүн сурталчилж байна
Тус бүтэгдэхүүний брэнд нэр буюу South Moon нэрээр хайж үзэхэд эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн талаар ямар нэг мэдээлэл гарч ирэхгүй байна. Иймд албан ёсны холбогдох хаяг, мэдээлэлгүй энэ төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй.
IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн VERA Files баримт шалгах төв уг бүтээгдэхүүнийг шалгаж 2023 оны 06 дугаар сарын 22-нд тайланг нийтэлжээ. Дүгнэлтээр тус бүтээгдэхүүнийг эмчилгээний батлагдсан үр дүн байхгүй, хуурамч бүтээгдэхүүн гэж үнэлсэн байна.
Уг баримт шалгалтад:
“Судасны бүдүүрлийг эмчилнэ гэх бүтээгдэхүүний сурталчилгаанд зүрх судасны эмч Вилли Онгийн дүрсийг зөвшөөрөлгүй ашиглажээ. South Moon – Varicose veins spray бүтээгдэхүүнтэй ямар ч хамаарал байхгүйгээ эмч мэдэгдсэн байна.
Судасны бүдүүрлийг бүрэн таслан зогсоох эмчилгээ байхгүйг олон улсын нэр хүнд бүхий эх сурвалжууд дээр хангалттай дурджээ. Гэтэл энэ бүтээгдэхүүн эмчилнэ гэж сурталчилж байгаа нь зүйд нийцэхгүй. Филиппиний Хүнс ба эмийг агентлагийн бүртгэлээс тодруулахад ч уг бүтээгдэхүүний талаар мэдээлэл байхгүй байх тул та бүхнийг хуурамч бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулъя” гэсэн байна
Судасны бүдүүрэл гэж юу вэ?
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад байршуулсан тайлбараар “Ихэвчлэн хөлийн судас бүдүүрч, хүрэн эсвэл хөх өнгөөр овойж харагдана. Хөл янгинах, хүнд оргих, тавгүй байх, шагай хавдах, хөл халуун оргих, шөнө шөрмөс татах, судас товойсон хэсгийн арьс хуурайших зэрэг шинж тэмдэг илрэх боломжтой. Халуун цаг агаарын нөлөөгөөр эсвэл удаан хугацаагаар зогссон тохиолдолд зовуурь илүү илэрдэг. Хөлийн чилээгээ гаргаж алхах, эсвэл хөлөө амрааж өргөж хэвших нь зүйтэй. Судас дотор байрладаг жижиг хавхлагуудын үйл ажиллагаа доголдсон үед судас өргөснө. Эрүүл судсаар цус зүрх рүү чөлөөтэй урсах ба цусны урсгал буцаж урсахаас сэргийлж судасны хавхлагууд нээгдэж, хаагдаж байдаг. Хэрэв судасны хавхлаг гэмтсэн тохиолдолд цус чөлөөтэй урсаж чадахгүй хурж, өргөсдөг. Судас бүдүүрэх өвчин нь:
-Эмэгтэйчүүд илүүтэй өвчилдөг
-Удамшина
-Өндөр насанд илүүтэй тохиолдоно
-Илүүдэл жинтэй бол эрсдэл нэмэгддэг
-Удаан хугацаанд зогсдог ажил эрхэлдэг бол тохиох магадлал их
-Жирэмсний үед илүү тохионо” гэсэн байна.
2. Цацлага, түрхлэг зэргийг ашигласнаар судасны бүдүүрэл эдгэхгүй
АНУ-ын Cleveland clinic төвөөс Судасны бүдүүрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээнд дараах зөвлөмжийг өгдөг байна.
Судасны бүдүүрлээс баттай урьдчилан сэргийлэх эсвэл бүрэн эдгээх арга одоогоор байхгүй. Хэрэв өвчлөх магадлалаа бууруулъя гэвэл:
- Хэт удаан зогсохоос сэргийлээрэй. Цусны урсгалыг дэмжих зорилгоор хэсэг зогсоод хөлөө сунгаж, ийш тийш алхаж хэвшээрэй
- Амарч байх үедээ хөлөө бүсэлхийнээс дээш түвшинд өргөснөөр цусны урсгалыг сайжруулна
- Жингээ барь. Жингийн илүүдэл нь судасны бүдүүрэл үүсэх суурь шалтгааны нэг болдог
- Тамхинаас татгалз. Тамхи татсанаар судсыг гэмтээж, цусны урсгалыг сааруулдаг
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвш
- Судасны бүдүүрлээ сэргийлэх зориулалтын дотуур өмд өмс
- Бүсэлхийг хэт бариагүй, өөрт таарсан хувцсыг сонгож өмсөөрэй
Мөн судасны бүдүүрлийн зовуурийг багасгаж, харагдах байдлыг дээрдүүлэх аргуудад:
Cleveland clinic төв
- Хэвтэж байхдаа хөлөө бүсэлхийнээс дээш байршуулах
- Зориулалтын бариу өмд, оймс зэрэг нь хөлийн судсыг шахаж, тухгүй мэдрэмжийг бууруулдаг
- Тарилгын эмчилгээ
- Лазер эмчилгээ
- Судасны хагалгаа зэрэг багтдаг