Facebook палтформд нэр, зураг, танилцуулгаа нээлттэй оруулж, цаг үеийн мэдээллийг идэвхтэй хуваалцдаг хаягийг ашиглан луйвар хийх үзэгдэл гарсаар байна. Тухайлбал “Ховорцэцэг Ховороо” гэх хаяг танилцуулгын удиртгал хэсэгтээ “💰 📥 надтай яг одоо холбогдож, онлайнаар хэрхэн нэмэлт орлого олох талаар суралцаарай💝” гэж оруулсан ба “Zolzaya Jargalsaikhan” гэх хаягтай хэрэглэгчийн зураг, мэдээлэл түгээсэн постуудыг хуулбарлан оруулж, бодит хүн мэт хөтөлдөг байна.


Хаягийг нарийвчлан шалгах
Бид хаягийг шалгах анхна шатны аргуудын талаар танилцуулахдаа “хөтөлсөн түүх нь бусдын постыг шэйр хийж, өөрийн үзэл бодол, үйл явдлаа хуваалцаагүй бол хуурамч байх магадлалтай” гэх шинж тэмдгийн талаар бичдэг байсан. Гэтэл энэхүү шалгаж буй хаяг нь бодит хүний хөтөлдөг хаягийн постуудыг хуулбарлан оруулдаг тул андуурах магадлалтай байна.
Тэгвэл жинхэнэ эсэхийг яаж мэдэх вэ?
- Азтан болгох, үнэгүй бэлэг тараах агуулгатай мэдээлэл оруулж, зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан байх нь хуурамч байх анхны шинж тэмдэг гэдгийг та бүхэн мэдэх байх.
Гэсэн ч азтан шалгаруулдаг тухайн хаяг нь яг л бодит хүнийх шиг байх үед хөтөлсөн түүхийг нарийвчлан судлах шаардлагатай. Ингэхийн тулд бид Facebook хайлтын Filters цэсийг ашиглаж хялбаршууллаа.

Filters цэсийг дарахад он, сар, өдрөөр хайх боломжтой цонх гарч ирнэ. Түүнд 2022 оноос эхлэн ухрааж тохируулан хайж үзлээ.
Уг хаягийг 2018 оны 09 дүгээр сараас эхэлж, бусдын постыг хуваалцах маягаар 2 жил хөтөлсөн байна. Харин 2020 оны 11 дүгээр сараас бодит хүний зураг, постуудыг ашиглаж эхэлсэн байна.

Агуулгаар хайх
Хаягийг шалгаж, эргэлзээтэй загн үйлийг ажигласан бол оруулдаг мэдээллүүдийн агуулгаар хайж үзээрэй.
Ингэхдээ нийтлэг биш, өөрт нь хамааралтай мэдээлэл багтаасан агуулгатайг нь сонгож авна. Бид шалгаж буй Ховорцэцэг Ховороо хаягаар 09 дүгээр сарын 30-нд оруулсан постын “…мөрөөдөлдөө хайртай байхад түүндээ заавал хүрнэ. Ж.З” гэх тексийг хуулж Facebook-ийн search хэсэгт оруулж хайхад 09 дүгээр сарын 23-нд оруулж байсан, зураг, текст нь ижилхэн пост гарч ирлээ.
Энэ хаягийг нягтлахад шалгаж буй хаяг дахь мэдээллүүдийг анх оруулсан Zolzaya Jargalsaikhan нэртэй, танилцуулгаа дэлгэрэнгүй оруулж, мэдээллээ хуваалцдаг хаяг гарч ирсэн юм. Уг хаягт мөн 10 дугаар сарын 1-нд “Хуурамч хаягт итгэж луйвардуулаад байгаа хүмүүс минээ, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэтгэхүйгээсээ салаачээ” гэх эхлэлтэй дараах постыг оруулсан байна.

Хуурамч мэдээлэл түгээгчдийн арга улам нарийсаж, хиймэл оюун ухаан, автоматжуулалт хэрэглэхээс гадна энэ мэтчилэн бодит мэт хөтөлж, бусдыг хуурч, хохирогч болгож байгаа жишээг хэрхэн шалгах аргыг үзүүллээ.