2023 оны 9-р сарын 20-нд zuv.mn сайтад “Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Т.Тулгын ялалтыг луйвардсанаа хүлээн зөвшөөрчээ” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Уг мэдээлэлд “Сербийн Бельград хотноо 9-р сарын 18-24-нд болж буй чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдаанд Монгол Улсын тамирчин, ОУХМ Т.Тулга 3-р тойрогт дэлхийн аварга, Азербайжаны бөх Гажи Алиевийг үндсэн цагт 5:2-оор хожсон ч барилдааны цаг дууссаны дараа шүүгч нарын торгуулиар ялагдуулсан. Маргаантай барилдааны дараа Монголын чөлөөт бөхийн холбоо уг асуудлаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд гомдол гаргаж, гомдлын хариу манай талд гарч, уг барилдааныг шүүсэн шүүгчдийг торгосон” гэж мэдээлжээ.
Чөлөөт бөхийн ОУХМ Төмөр-Очирын Тулга, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Азербайжаны бөх Хажи Алиев нарын барилдаан 9-р сарын 19-нд болсон.
Чөлөөт бөхийн спортын дүрмээр 1 барилдааны үргэлжлэх хугацаа 30 секундийн завсарлагатай 3 минутаар 2 үе байдаг.
Т.Тулга уг барилдааны эхний үед өрсөлдөгчөө 1:0-ээр хожиж явах үедээ сугадаж өвдөглүүлэн дэвжээнээс түрж гаргах гэж дайрах явцдаа хариу мэхэнд орж нэг оноо алдсан. Оноо алдсан үед нь дэвжээнд суусан Б.Баттулга дасгалжуулагч челленж шидэхэд шүүгчдийн бүрэлдэхүүн барилдааныг зогсоон бичлэгийг ухраан үзээд шүүлтийн хувьд асуудалгүй гэсэн дүгнэлтэд хүрснээр Т.Тулга нэг оноо алдаж 1:2-ын харьцаатай болсон. Барилдаан цааш үргэлжлэхэд өрсөлдөгчийнхөө триконоос зуурсан гэх үндэслэлээр Азербайжаны бөхийг шүүгчид торгож 2:2 оор тэнцэж сүүлчийн оноогоороо Т.Тулга хошуучилж эхэлсэн юм.
Улмаар шийдвэрлэх үед Т.Тулга нэмж 3 оноо авч, 5:2-оор давамгайлах яг тэр үед (2-р үеийн сүүлч) Азербайжаны бөх Т.Тулгыг триконд хүрсэн гэж биеийн хэлэмжээрээ мэдэгдсэн. Азербайжаны дасгалжуулагч ч барилдаан дуусахаас 3 секундын өмнө амжиж челенж дарсан юм. Шүүгчид уг барилдааныг дахин үзэж, манай бөхөд өгсөн шүүгчийн 2 оноог буцаан, Х.Алиевт 1 оноо өгснөөр 2 бөхийн барилдааны оноо 3:3 буюу сүүлчийн оноог авсан гэдэг үндэслэлээр Х.Алиевт ялалт заасан байна.
Уг барилдааны шүүлттэй санал нийлэхгүй тухай гомдлоо Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны техникийн зөвлөлд гаргасан тухайгаа пэйждээ нэг өгүүлбэрээр мэдээлжээ. Дэлхийн бөхийн холбоонд өгсөн бичиг, тамга тэмдэгтэй албаны баримт байхгүй байна.
Харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын талаас гаргасан гэх гомдлын талаар, шүүгчдээ торгосон зэрэг мэдэгдэл огт хийгээгүй, энэ тухай албан ёсны вэб сайтад нь хайхад илэрцгүй байна.
Хэрэв шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй бол зарга хэрхэн мэдүүлэх тухай чөлөөт бөхийн олон улсын дүрмийн 32-р зүйлд тодорхой заасан байдаг.
Үүнд: Дасгалжуулагч маргаантай нөхцөл байдалд шүүх бүрэлдэхүүн оноо өгсөн, эсвэл татгалзсаны дараа тэр даруйд нь товчлуурыг дарж заргаа мэдүүлнэ. Хэрэв бөх нь дасгалжуулагчийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй бол шууд л заргаас татгалзах бөгөөд барилдаан хэвийн үргэлжилнэ.
Хэрэв тэмцээний үеэр дасгалжуулагчдад товчлуур бүхий систем (зарга үүсгэх) байхгүй бол зохион байгуулагч нь зарга үүсгэхэд ашиглах зөөлөн зүйл өгөх шаардлагатай. Мөн зохион байгуулагчид UWW-ийн тэмцээний менежментийн системийг ашиглах, видео бичлэгийг бүх байрлалаас харах боломжтой том дэлгэц (доод тал нь 1) бэлтгэх үүрэгтэй. Тэмцээний үед үйлдлийг хянан үзэх боломжгүй техникийн томоохон асуудал гарсан тохиолдолд шүүгчийн анхны шийдвэрийг хэрэгжүүлж дасгалжуулагчийн заргыг хэвээр үлдээнэ гэж заажээ.
Хэрэв шүүгчдийг буруутай гэж үзсэн тохиолдолд спортын төрлөөс үл шалтгаалан тухайн спортын олон улсын холбоо шүүгчээр ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг.
Энэ нь тухайн холбооны нэр хүндэд харшлах зүйл учраас мөнгөн дүнгээр торгоод өнгөрөөдөг зохицуулалт байхгүй. Мөн шүүлттэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээж авсан бол ямар арга хэмжээ авснаа тухайн спортын холбооноос албан мэдэгдлээр зайлшгүй баталгаажуулдаг билээ.