2023 оны 09 дүгээр сарын 30-нд Индра Д.А нэртэй хаягаас “5000-аар годон гутлаа атгаад авах уу. ОК гээрэй” гэсэн тайлбартай, годон гутлуудын зурагтай пост оруулжээ.
Уг постын дор сэтгэгдэл бичсэн хүмүүст телеграм сувагт орох урилга илгээдэг байна. Уг бүлэг чатанд орсон хүмүүст хөрөнгө оруулалт хийж, хурдан хугацаанд 10 дахин нугалж авах боломжтой мэт ойлгуулахыг санаархсан мэдээллүүд байнга оруулдаг.
Бусдыг залилах санаархалтай үйлдэл нээлттэй орчинд бус хувийн чат, телеграм суваг, хаалттай групп зэрэгт өрнөдөг ба тухайн хэрэглэгчийг бусдаас мэдээлэл авч, нягтлах боломж олголгүй, баталгаагүй хуурамч мэдээллүүдээр яаран үйлдэл хийлгэхээр ятгасаар хохирогч болгодог үзэгдэл бий тул сэрэмжлээрэй.
Хаягийг шалгах
Индра Д.А хаягт годон гутал борлуулдаг, эсвэл маркетингийн үйлчилгээ эрхэлдэг гэх мэдээлэл байхгүй. Танилцуулгаа бөглөөгүй, нээлттэй пост оруулдаггүй байна. Тухайн хаягийг группүүдэд ямар мэдээлэл оруулдгийг нэгтгэж харахын тулд хаягийнх баруун дээд буланд байх гурван цэг /…/ дээр дарж, search цонхонд түгээмэл агуулгатай үг оруулж хайгаарай.
Шалгаж буй хаягт “авах” гэдэг үгийг оруулж хайхад ХУУЧИН ТАВИЛГА ХУДАЛДАА СОЛИЛЦОО, ХАМГИЙН ТОМ ЗАРЫН ГРУПП|Hamgiin tom zariin group, Увс аймгийн зарын нэгдсэн групп, Хэнтий ЗАР гэх мэт группүүдэд годон гутал 5000 төгрөгөөр авах боломжтой гэх зараа оруулсан байна.
Арилжааны чиглэлийн аливаа мэдээллийг public нээлттэй горимд оруулаагүй, группүүдэд шэйрлэж, зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьж байгаа бол хуурамч мэдээллийн шинж гэдгийг анхааруулаарай.