2023 оны 08 дугаар сарын 09-нд “Баасанжавын Отгон” нэртэй пэйжид “Гэнэт зүрх зогсож нас барах шалтгааны нэг нь вакцин” гэх гарчигтай нийтлэл оруулсан байна. Тус нийтлэл 2023 оны 09 дүгээр сарын 07-ний байдлаар 806 реакц, 163 сэтгэгдэл авч, 346 удаа цааш хуваалцжээ.
Гол агуулга нь “Ковидын вакцин тариулснаар цус өтгөрдгийг шинжлэх ухаан баталлаа. Анагаахын шинжлэх ухааны эрдэмтдийн хамгийн найдвартай эх сурвалжид тооцогддог The Lancet шинжлэх ухааны сэтгүүлийн шинэ судалгаанд вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн 73.9% нь вакцин тариулсан байсан. Нас барсан 325 хүнд хийсэн задлан шинжилгээний үр дүн юм” гэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Шалгаж буй мэдээлэлд дурдсан судалгааны тойм The Lancet сэтгүүлд нийтлэгдээгүй
Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Lead Stories баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж 2023 оны 07 дугаар сарын 06-нд тайлагнажээ.
“Ковид-19 халдварын эсрэг вакцины дараах үхэл, эндэгдэлд хийсэн задлан шинжилгээний үр дүнг системчлэн тоймлох нь” нэртэй тоймын эх /судалгааны ажил биш/ The Lancet сэтгүүлийн албан ёсны вэбсайтад нэг өдөр ч байршаагүй, SSRN платформ дээр л түр байршсан.
Тус өгүүллийн эх нь peer review буюу хянан магадлалаар орох нь бүү хэл, академик судалгааны шаардлага хангаагүй тул буцаагдсан байна. Өгүүллийн эхийг буцаасан талаараа The Lancet сэтгүүл:
“Манай өгүүллийн эх хүлээж авах албанаас тус эхийг ‘судалгааны дүнг судалгааны арга зүй нь хангаж чадаагүй‘ гэх шалтгаанаар буцаасан. Манай шалгуурыг хангаж чадаагүй тохиолдолд нийтлэхгүй буцаах эрх тус албанд бий” гэсэн байна.Мөн The Lancet сэтгүүлийн вэбсайтын анхааруулга хэсэгт:
Lead Stories баримт шалгах төв
“Энд байршуулсан хяналтаар ороогүй эхүүд нь The Lancet сэтгүүлийн хэвлэлүүд биш, эсвэл манай сэтгүүлээр хянагдаж байгаа гэсэн үг биш. Хянан магадлагаагаар ороогүй анхан шатны, түүхий эхүүдэд зориулсан платформ. Эдгээр эхүүдийн үр дүнд үндэслэж эмнэл зүйн эсвэл нийтийн эрүүл мэндэд хамааралтай шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Мөн хөндлөнгийн мэргэжилтний хянан магадлагаагаар ороогүй судалгааны ажлын үр дүнг баттай бус гэдгийг нь анхааруулалгүй олон нийтэд мэдээлж болохгүй” гэж сануулжээ.
2. Тус тойм нь ашиг сонирхлын зөрчилтэй, арга зүйн алдаатай, үр дүнг өрөөсгөл тайлбарласан болохыг мэргэжилтнүүд анхааруулжээ
Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Health feedback баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж 2023 оны 07 дугаар сарын 06-нд тайлагнажээ.
“Вакцин хийлгэснээр нас барсан гэх хүмүүсийн насны дундаж 70.4 буюу харьцангуй өндөр настай хүмүүсийг судалгаанд хамруулжээ. Маш олон оронд өндөр настнуудын дунд вакцинжуулалт өндөр хувьтай байсан. Гэтэл өндөр настай байх болон суурь өвчтэй байх зэрэг нь нас баралтын түвшин өсөхөд шууд нөлөөлөх атал зөвхөн вакцин хийлгэснээс болж нас баржээ гэх нь үндэслэл сул. Мөн дурдсан хоёр хүчин зүйлийг харгалзан үзэлгүй судалгааны дүнг гаргасан нь маш том алдаа. Түүнчлэн зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүсийн нас баралтын түвшнийг тодорхойлох нь ч бүрэн дүгнэлт гаргахад хангалтгүй. Вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд нас баралтын түвшин ямар байгааг харьцуулж байж вакцин хийлгэж буй нь амь насанд халтай эсэхийг бүрэн дүгнэнэ. Уг судалгааны дүнгтэй Радбудын их сургуулийн анагаах ухааны төвийн эмч нар танилцаад, тоймд дурдсан хүмүүсийн 59 үхэлд л вакцин тодорхой хэмжээгээр хамааралтай гэж дүгнэсэн. Үлдсэн 267 нь вакцинтай хамааралгүй байв. Энэ мэтийн арга зүйн учир дутагдалтай, хянан магадлагаагаар ороогүй судалгааны баримтаар олон нийтийг төөрөгдүүлэх нь маш аюултай тул шинжлэх ухааны баримт бичгүүдэд болгоомжтой хандах нь зүйтэйг анхаарна уу” гэжээ.
Health Feedback баримт шалгах төв
Өмнө дурдсанчлан эрдэм шинжилгээний ажлын шаардлага хангаагүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц сэтгүүлд нийтлэгдээгүй, хянан магадлагаа хийгдээгүй судалгааны ажлыг баттай эх сурвалж мэтээр мэдээлсэн нь олон нийтийг төөрөгдүүлэх эрсдэлтэй байна.