Монголын баримт шалгах төвөөс залилангийн шинжтэй мэдээллүүдэд анхан шатны баримт шалгалт хийж, сэрэмжлүүлсээр байгаа боловч сүүлийн үед давтамж нь ихсэж, зохион байгуулалттайгаар тараадаг группүүд нэмэгдэж, хариу бичсэн хүмүүс банкны дансны дугаар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг чухал бичиг баримтууд болон регистрийн дугаар, оршин суух хаяг тэргүүтэй хувийн мэдээллүүдээ алдах эрсдэлтэй байгаа тул баримт шалгах анхан шатны аргыг дахин сануулж байна.
2023 оны 9-р сарын 25-нд 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн нэгдэх групп-т Ferario Titina гэх хэрэглэгчээс “Зөвхөн ахмад настанд эргэн төлөгдөхгүй зээл. Хүлээн авахыг хүсвэл манай фэйсбүүк хуудсууд мессенжерээр бичээрэй. Ганцаарчилсан байдлаар “За” гэж бичсэн эхний 20 хүнд 80,000,000 төгрөгийн буцаан олгогдохгүй тэтгэмж олгоно” гэх мэдээллийг оруулсан нь 28 реакц, 138 сэтгэгдэл авч 1 хэрэглэгч цааш түгээжээ.
Хаяг шалгах:
Ferario Titina гэх хэрэглэгч өөрийгөө илэрхийлж эмнэлгийн ажилтны зураг байрлуулсан, танилцуулга хэсгээ бөглөөгүй, ямар нэгэн нээлттэй пост оруулаагүй байна. 2023 оны 9-р сарын 21-нд дээрх группт гишүүн болсон бөгөөд 9-р сарын 24-28-ныг хүртэлх хугацаанд 3 пост оруулаад байгаа юм.
Ахмад настануудад олгох эргэн төлөгдөхгүй зээлийн тухай мэдээлэл дор үлдээсэн сэтгэгдлүүдийг харахад дийлэнх нь ахмадууд байв. Тэднийг чатаар харилцахыг санал болгосон байлаа.
Тус хэрэглэгч мэдээллүүдээ гар утаснаасаа зураг хуулбарлан, дээр нь дэвсгэр өгч, текст бичих маягаар оруулдаг. Энэ хэрэглэгчийн оруулсан утгаар фэйсбүүкт хайж үзэхэд Chinette Dada гэх хэрэглэгч Е Баримт буцаан олголт ( зөвлөгөө) группт, Otgono Otgon гэх хэрэглэгч Эмзүйч, эм найруулагч нарын нэгдсэн групп-т Йlodie La Go Sympa АЖИЛЫН ЗАР АЖИЛД АВНА | AJILIIN ZAR AJILD AVNA группт гадаад нэртэй хэрэглэгчдээс оруулсан байв.
Логик буюу учир шалтгааныг тооцох:
Зөвхөн ахмад настанд зориулсан эргэн төлөгдөхгүй зээл гэх ойлголт, санхүүгийн үйлчилгээ Монгол Улсад байдаггүй. Харин ахмадууд тэтгэврээ барьцаалан зээл авах боломж Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүхий л банкинд нээлттэй байдаг. 2020 оны 1-р сарын 10-нд баталсан Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль-ийн дагуу өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн зарим хэсгийг барагдуулсан нь ахмадуудад чиглэсэн санхүүгийн дэмжлэг болсон юм.
Тэгвэл зүгээр л өөрт нь хандаж чат бичээд их мөнгө бэлэглэх, ямар ч болзолгүй мөнгөөр тусална гэх амлалтад зарим хэрэглэгч итгэсээр байгаа нь сэтгэгдлээс харагдаж байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Гадаад хүний нэрээр хаяг нээх, эсвэл гадаадын хууль бус байгууллага монгол иргэдийг залилах давалгаа бий болж, хохирогчдын тоо цөөрөхгүй байгааг анхааруулмаар байна. Мөн иргэд банкны картаа дурын худалдагч юм уу, олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ зөөгчдөд өгдөг. Гэтэл тухайн хүмүүс нь залилан хийдэг этгээдүүд ч байж болох юм. Дансны мэдээллийг нь авах эрсдэл үүсэж байна гэсэн үг. Тиймээс цахим орчин болон бодит нөхцөл байдал дээр ч болгоомжлох, хянамгай хандах хэрэгтэй байна” гэлээ.
Хуурамч мэдээллийг шинж тэмдгээр нь таньж сураагүй, ахмадууд гэх мэт цахим дахь мэдээлэлтэй харьцах мэдлэг тааруу бүлгийг сонгож, залилангийн хохирогч болгох эрсдэлтэй байна. Тиймээс залилагч этгээдийн хөтөлж буй хаяг руу чатаар хандаж, илгээсэн линк рүү нь орж хувийн хаяг, мэдээллээ алдахаас сэрэмжлээрэй.