“Монгол Улсын Төв банкны гэр бүлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой” гэх мэдээлэл худал 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #690

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Чат бичээд гэр бүлийн тэтгэлэгт хамрагдаарай гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Аливаа санхүүгийн байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулбал хуурамч мэдээлэл болохыг шалгах аргыг сурч, ашиглаж хэвшээрэй.

2023 оны 09 дүгээр сарын 25ны өдөр Pelo Juniors гэх хаягаас “ХУВЬ ЛИЗИНГ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ /Huvi lizing, Ipotek/БАЙР ОРОН СУУЦ ҮЛ ХӨДЛӨХ” группт “9-р сарын 1-ээс 31-ний хооронд Монгол Улсын иргэн бүр Монголын төв банкны Гэр бүлийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Гэр бүлийнхээ тэтгэлийг авахын тулд {ok} гарна уу” гэх тайлбар бүхий зургийг оруулжээ. 

Тус пост нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны байдлаар нийт 106 сэтгэгдэл, 17 лайк, 1 шэйр авсан байна.

Тус постын хувьд үг үсгийн алдаа байхгүй ч “ …тэтгэлийг авахын тулд {ok} гарна уу” гэх утга зүйн алдаа гаргасан байгаа нь тухайн хэрэглэгчтэй холбогдохоос өмнө   мэдээллийг сайтар нягталж үзэх ёстой гэдгийг харуулж буй анхдагч шинж тэмдэг юм. 

Үүнээс гадна дээрх бүлгэмд буцалтгүй санхүүгийн тусламж өгнө гэх агуулгатай постуудыг олон давтамжтайгаар оруулж, сэтгэгдэл үлдээжээ. 

Хаяг шалгах нь: 

Pelo Juniors гэх нэр дээр дарж, хаягийг шалгахад нүүр зурагтаа 2017-2022 онд Францын Дээд боловсрол, судалгаа, инновацын сайд байсан Фредерик Видал-ийн зургийг ашигласан байна. Олон нийтэд нээлттэйгээр оруулсан зургууд нь нүүр зурагтайгаа таарахгүй. Нийт 4300 гаруй найзтай бөгөөд бүртгэлийг харахад гадаад хэрэглэгчидтэй найзууд аж. Танилцуулга хэсгээ франц хэлээр бөглөсөн, постууд нь мөн франц хэлээр бичигдсэн. 

Мөн тус хаягаас бусдын постын дор “🇲🇳Манай буцаан олгогдохгүй санхүүгийн тэтгэлэгт байгууллагад тавтай морилно уу. Олон улсын 0% буцаан олгогдохгүй санхүүжилтийн үйлчилгээ (SIFNR) нь дэлхийн хаана ч оршин суудаг аливаа хувь хүн болон хуулийн этгээдэд буцаан олгогдохгүй санхүүгийн тусламжийг санал болгодог. Та сонирхож байна уу?” гэх сэтгэгдэл үлдээж, хандсан хүмүүстэй чатаар харилцахыг санал болгодог байна. 

Хаягийг хөтөлсөн түүх нь 2022 оны 10 дугаар сарын 22-нд нүүр зургаа өөрчилснөөс өмнөх нь бодит хүний хаяг байхаар байна. Харин тус оны 11 дүгээр сарын 10-нд нүүр зургаа Францын төрийн сайдынхаар сольсноос хойш залилангийн шинжтэй постууд оруулсаар ирсэн байна. 

Зургийг нягтлах:

Шалгаж буй постод ашигласан зураг нь Хаан банкны платинум картын сурталчилгааных байна. Гэтэл мэдээлэл нь Төв банкаас Гэр бүлийн тэтгэлэг гэх зүйл олгож байгаа тухай байсан. Тиймээс агуулгатайгаа зөрчилдсөн зураг ашиглах нь хуурамч мэдээллийн бас нэг шинж гэдгийг анхаараарай.
Монгол Улсын Төв Банкны гэр бүлийн тэтгэлэг хөтөлбөр гэж огт байхгүй бөгөөд тус хэрэглэгч Монгол Улсын Төв  Банкыг төлөөлж буй баримт, нотолгоо, танилцуулга байхгүй. Аливаа санхүүгийн байгууллагын ажилтан байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулахгүй учир санхүүгийн дэмжлэгтэй холбоотой мэдээллийг сайтар нягталж хэвшээрэй. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document