2023 оны 09 дүгээр сарын 7-нд Otse Otgontsetseg гэх хаягаас “1 шөнийн дотор 32 хүн угаартаж нас барсан гэж өөрсдийн амаараа хэллээ. Энэ бол ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН. #Иргэд_харх_биш” гэсэн пост оруулсан нь 22 цагийн дараах байдлаар 231 реакц, 37 сэтгэгдэл авч, 1.2 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.
Уг мэдээллийн дагуу 09 дүгээр сарын 28-ны 13:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын 51262248 дугаараас тодруулахад тус газарт нэг шөнийн дотор 32 хүн нас барсан гэх угаарын дуудлага бүртгэгдээгүй гэлээ.
Бид “32 хүн угаартаж нас барсан” гэх түлхүүр үгээр хайхад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үеийн бичлэг байх бөгөөд уг бичлэгт дээр дурдсан тооны иргэн нас барсан тухай асуусан байна. Тодруулбал, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх үг хэлэхдээ “05 дугаар сарын 30-нд СБД-ийн иргэн угаартаж нас барсан байна. Тухайн үед өнөөдрийн угаартаж нас барсан 32 дахь тохиолдол байна гэж тэмдэглэж авсан гэж байна. Ингэж нэг шөнийн дотор 32 хүн нас бараад байгааг нуугаад байгаа юм биш биз” гэх асуудал хөнджээ.
Уг асуултын хариуг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өгөхдөө “Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд угаарын хийн хордлогын нөхцөл байдлын мэдээллийг нэгтгэдэг нэгж байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл угаарын нийт тохиолдол улсын хэмжээнд 1,974, нийслэлийн хэмжээнд 1,896 дуудлага ирсэн байна. Нэг шөнийн дотор ингэж олноороо нас барсан дуудлага ирээгүй, энэ ташаа мэдээлэл байна” гэжээ. /бичлэгийн 04:05 дахь секундээс/
Төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Угаартаж нас барсан хүний тоог бодитой гаргаж, нээлттэй мэдээлэх хэрэгтэй байна. Тавантолгой Түлш компаниас 5 хүн нас барсан гэж байхад цагдаагийн мэдээллээр 58 хүн угаартаж нас барсан гэсэн. Энэ чинь нас барсан тохиолдлоо нуугаад байгаа юм биш үү. Одоо өөр түлш хэрэглэхээр оруулж ирж байна гэдэг чинь өмнөх шахмал түлш болохгүй болоод л сольж байгаа гэсэн үг биз дээ” гэж асуудлаа лавшруулж байгаа нь мөн бичлэгт байна.
Бичлэгийн 08:02 дахт секундээс Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав “Хоногт 32 хүн нас барж байсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. 2018 онд батлагдсан Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд жил болгон хэдэн хүн нас барсан гэдэг тоо одоо Нийслэлийн цагдаагийн газарт нэгтгэгдэж байна…” гэжээ.
Энэхүү бичлэг нь 2023 оны 09 дүгээр сарын 21-д болсон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан ба албан ёсны хаягаар дамжуулсан шууд бичлэгийн 1:00:38 дахь цагаас эхэлж АН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх ярьж байна.
Шалгаж буй мэдээллийн сэтгэгдэл хэсэгт хэрэглэгч өөрөө дээрх бичлэгийн хэсгийг мөн оруулсан ба уг бичлэгт “32 хүн угаартаж нас барсан тохиолдол байхгүй, ташаа мэдээлэл” гэж албаны хүмүүс мэдэгдсээр байхад түүнийг нь орхиод, тайлбар хэсэгтээ зөвхөн Б.Эрдэнсүх төлөөлөгчийн асуултыг онцлон авч оруулсан нь зорилготойгоор түгээдэг хортой мэдээллийн /malinformation/ төрөл юм. Энэ нь олон нийтийн сэтгэл зүйг удирдах, тухайн асуудалд анхаарлыг хандуулах зэргээр нийгэмд үр нөлөө үзүүлэхүйц хэмжээнд түгээлтээр дэмжигддэг үзэгдэлтэй хамт илэрдэг. Энэ үзэгдэл шалгаж буй постын хувьд тухайн мэдээлэл оруулсан хэрэглэгчийн бусад постоос шалгаж буй мэдээлэл даруй 1000 гаруйгаар илүү шэйр авч түгээж байгаагаас харагдаж байна.