2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Shinehuu Tomor хаягаас “Өвдөгний үенд яс ургасан, өвдөгний үеийн шингэн байхгүй болсон шалтгаанаар өвдөгний үеэр өвдөж буй хүмүүс Хүрэн манжинг нимгэн зүсээд тойгоо тойруулан тавиад боогоорой. Хоногт нэг удаа бооно, хүрэн манжин чийгээ алдаад хатна, тэгээд аваад маргааш нь дахин бооно. Өвчин зогсоно. Цаашид “Бүтэн нэг жил боосноор дахин энэ өвчин сэдрэхгүй” гэж хүн хэлсэн. Ямар боловч үзээрээ, би 7 хоног боож байна, одоогоор өвдөхгүй болсон” гэх мэдээлэл оруулсан нь нийт 571 like, 199 коммент, 8,800 шэйр авсан ба хандалт нь нэмэгдсээр байна.
FACTCHECK:Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Тухайн мэдээлэлд туршиж эхэлж буй аргаа бусдад түгээхдээ энэхүү зөвлөгөөг хаанаас авсан эх сурвалжаа дурдаагүй байна. Тодорхой туршиж үзсэн тохиолдол, судалгаагаар батлагдсан эсэхийг бичээгүй, мэргэшсэн эмчийн зөвлөгөө гэж дурдалгүй “…хүн хэлсэн” гэж бичсэн нь ам дамжсан ярианаас авсан гэдгийг харуулж байна.
Иймд бид хэрчсэн хүрэн манжинг боолт хэлбэрээр хэрэглэх нь үе мөчний өвчинд нөлөөтэй эсэхийг судлахад тодорхой илэрцгүй. Тус хэрэглэгчийн оруулсан шиг заавар, зөвлөгөө огт байхгүй бөгөөд арьсны гаднаас нөлөөлнө гэх судалгаа, баримт байхгүй.
Харин хүйтэн манжин ашиглах нь гэрийн аргаар ХҮЙТЭН ЖИН тавьж өвдөлтийг түр хугацаанд намдаан, хавдалтыг арилгахад тус болох аргын нэг хэлбэр байж болох юм.
Хүрэн манжингийн шим тэжээлт бодисыг боловсруулж, эм бэлдмэл хэлбэрээр хэрэглэснээр үе мөчний өвчин харьцангуй сайжирсан туршилтын судалгаа байна.
Их Британийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн үе мөчний үрэвсэл үүсгэдэг остеоартрит өвчтэй хүмүүст дунд хийсэн “Шим тэжээл ба хүнсний нэмэлт” 2014 оны туршилтын судалгаагаар манжингийн хандаар хийсэн беталайн капсулыг богино хугацаанд хэрэглэснээр “Баруун Онтарио ба Макмастерийн их сургуулийн артрит өвчний индекс” (WOMAC) болон “МакГиллийн өвдөлтийн асуулга” (MPQ) оноогоор хэмжигддэг өвдгөнд мэдрэгдэх таагүй байдалыг бууруулдгийг харуулжээ. Харин харааны аналог хэмжигдэхүүнээр (VAC) хэмжигддэг үе мөчний үйл ажиллагааны эрч хүч мэдэгдэхүйц сайжирсан үр дүн гарсан байна.
Энэ нь хүнсний ногоог өвдөж буй өвдгөн дээрээ шууд тавиад өвчнөө эдгээнэ гэсэн үг биш болохыг анхаарна уу.
Иймд судалгаа шинжилгээгээр батлагдаагүй арга хэрэгсэл ашиглаж өвчнөө гэрийн нөхцөлд эмчлэх нь эрсдэлтэй учир эрүүл мэндтэй холбоотой мэдээлэлд няхуур хандаж нягталж хэвшээрэй.
Нэмэлт мэдээлэл
Үе мөчний өрөвсөлт өвчин, яс ургах тухай:
Үе мөчний хөндийд хуримтлагдсан шингэнийг Синовиал шингэн (synovial fluid) гэх бөгөөд энэ нь үений мөгөөрсийг тосолдог материал юм. Мөн мөгөөрс, мениск (meniscus) , лабрум (labrum) орчмын бүтцэд тархах замаар шим тэжээлийн эх үүсвэр болдог.
Үений шингэн нь хэт зузаан, эсвэл нимгэн болоход үений ясыг хөдөлгөхөд тохиромжтой тосолгоог өгч чадахгүйн улмаас мөгөөрсийг гэмтээж остеоартрит (osteoarthritis) буюу үений үрэвсэлт өвчлөл үүсгэдэг. Осол, гэмтлийн дараа эсвэл нас ахих тусам үений үрэвсэл ихэсдэг байна.
Үе мөчний үрэвслээс улбаалан үе мөч эсвэл нуруунд ясны ургалт үүсдэг бөгөөд үүнийг ясны салаа буюу остеофит (Osteophyte) гэнэ. Ихэвчлэн хөл, гар, ташаа, өвдөг, хүзүү, мөр, нурууны яснаас ургадаг. Үе мөчний үрэвсэл, гэмтэлтэй өвчтөнүүдэд цаг хугацааны явцад үүсэх өвчлөл бөгөөд яс, булчин, шөрмөсийг гэмтээж байдаг.
Шинж тэмдэг болон эмчлэх арга:
Ясны ургалт нь ойролцоох мэдрэлд даралт үзүүлэх, хөдөлгөөнийг хязгаарлах, бусад ястай үрэлцэх үед мэдээ алдах, сулрах, үений өвдөлт, шөрмөс хавдах, шөрмөсний урагдал, хөдөлгөөний хүрээ багасах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
Зарим тохиолдолд гэрийн эмчилгээ (Үүнд: өвчин намдаах эм уух, мөсөөр хавдалтыг буулгах, жин хасаж үе мөчинд ирэх ачааллыг багасгах гэх мэт), амьдралын хэв маягаа өөрчлөх нь ясны ургалтын шинж тэмдгийг арилгахад тусалдаг ч өвдөлт намдахгүй тохиолдолд физик эмчилгээнд явах, эмчийн жороор эм ууж, тариа хийлгэх, аль эсвэл хагалгаанд орох шаардлагатай болдог байна.
Хүрэн манжинд агуулагдах эрдэс бодисын хэмжээ:
100 грамм чанасан манжинд агуулагдах эрдэс бодисууд:
- Калори: 44 грамм
- Уураг: 1.7 грамм
- Өөх тос:0.2 грамм
- Нүүрс ус: 10 грамм
- Эслэг: 2 грамм
- Фолийн хүчил: Өдөрт авах ёстой хэмжээний 20%
- Манган: Өдөрт авах ёстой хэмжээний 14%
- Зэс: Өдөрт авах ёстой хэмжээний 8%
- Кали: Өдөрт авах ёстой хэмжээний 7%
- Магни: Өдөрт авах ёстой хэмжээний 6%
- Витамин С: Өдөрт авах ёстой хэмжээний 4%
- B6 витамин: Өдөрт авах ёстой хэмжээний 4%
- Төмөр:Өдөрт авах ёстой хэмжээний 4%
Манжинг хүнсэнд хэрэглэх нь ямар ач тустай вэ.
Манжин нь эслэгээр баялаг байдаг. Эслэг нь зүрхний өвчин, чихрийн шижин, дивертикуляр өвчин (diverticular disease), өтгөн хатах зэрэг янз бүрийн эмгэгийн эрсдэлийг бууруулдаг. Эдгээр нөхцөлтэй холбоотой архаг үрэвслийг намдааж, үрэвслийн эсрэг үр нөлөөг бий болгодог.
Манжинд агуулагдах нитратууд нь биед азотын исэл болж хувирдаг. Энэ нэгдэл нь цусны судсыг тэлж, өргөсгөх замаар цусны даралтыг бууруулдаг. Тархины цусны эргэлтийг нэмэгдүүлж тархины үйл ажиллагааг сайжруулдаг.Мөн бетаин (betaine), ферулийн хүчил (ferulic acid), рутин (rutin), кемпферол (kaempferol), кофейн хүчил (caffeic acid) зэрэг хорт хавдартай тэмцэх шинж чанартай хэд хэдэн нэгдлүүдийг агуулдаг.