2023 оны 09 дүгээр сарын 25-нд Monnews нэртэй пэйжид “Шатахууны үнээ нэмсэн бол одоо ЦАЛИН, ТЭТГЭВЭРЭЭ НЭМ! Дэмжиж байгаа хүн бүр яг одоо Шейр! -” гэсэн тайлбартай, ulaanbaatar.me домэйн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 10 цагийн дараах байдлаар 113 реакц, 29 сэтгэгдэл авч, 33 удаа цааш түгээсэн байдалтай байна.
Холбоос дахь мэдээлэлд, “Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж 2060 болжээ…”, “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн ба тус тогтоолын дагуу өчигдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ…” гээд МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваагийн хэлсэн үг болох “…цар тахалтай холбоотой өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэснийг багтаажээ.
Уг мэдээлэл нь хуурчирсан буюу нийтлэлд дурдсанаас үзвэл 2020 оны нэгдүгээр сарын 2-нд бичигдсэн мэт ойлголт төрүүлэхээр байна. Гэвч гарчигт “Цалин тэтгэврийг нэмэхийг дэмжиж байвал яг одоо шэйр” гэсэн нь зарим хэрэглэгчид доторх агуулгыг харалгүйгээр хуваалцах сэдэл төрүүлж, хандалтаа өсгөсөөр байгаа хэлбэр байна.
Сайт дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад 13 пэйж рүү 19 удаа дахин оруулж, нийт 626 хариу үйлдэл авсан байв.

Бот ажиллаж хандалт өсгөж буйн шинж тэмдгүүд:
Ижил цаг хугацаанд зэрэг үйлдэл хийдэг: Эдгээрээс 10 пэйжид нь яг нэг мөчид буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны 09:00-09:01 цагт оруулжээ. Пэйжийн админ бодит хүн байлаа гэхэд ингэж минутын дотор түгээх боломжгүй.
Пэйжүүдийн хуваалцдаг мэдээллүүд ижил: Мөн нэр бүхий пэйжүүдэд ижил мэдээллийг ижил цаг хугацаанд оруулсаар байна. Оруулсан мэдээллүүдийг хуваалцаж идэвхжүүлсэн хаягууд нь бодит хүний танилцуулга, үзэл бодол, түүхээ хуваалцдаггүй ба мөн ижил цагт үйлдэл хийж, ямар нэг тайлбар, коммент бичилгүйгээр шэйрлэсэн байна.
Хаягийн дугаарлалт нь бодитоор оноосон нэр биш, ихэвчлэн 1000…-аар эхэлсэн код байгаа нь олон хаягийг нэгэн зэрэг автоматаар үүсгэсний шинж.
Эдгээр шинж нь хаяг бүрийн цаана бодит хүн бус автоматжуулалтаар буюу түгээлтийн программаар ажилладаг бот хаягууд байгааг илэрхийлж байна.


- Нэр бүхий пэйжүүдэд яг нэг мөчид буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны 09:00-09:01 цагт оруулсан байдал


Хандалт өсгөх шаардлага юу байв?
Цаг үеийн сэдэвтэй, улс төрийн амьдралд нөлөө бүхий шийдвэр гаргах гэж байгаа, авлигын хэргийн шуугиан, эсвэл ямар нэг мэдээллийг олон нийтийн анхаарлын төвөөс холуур өнгөрөөх зэрэг шалтгаанаар бот ашиглан хандалт өсгөж, цахим орон зайг нь булаах үзэгдэл гардаг.
Дээрх пэйжүүдэд энэ цаг хугацаанд оруулж буй мэдээллүүд нь ихэвчлэн хандалт өсгөх зорилготой “мөнгөтэй болохын тулд шэйрлэх”, оддын амьдралтай холбоотой мэдээлэл, мөн эрүүл мэндийн элдэв батлагдаагүй зөвлөгөө байгаагийн дунд улс төрийн сэдэвтэй нэг мэдээлэл оруулсан нь “Сайханбилэг шиг өөр орны иргэншил гуйчихсан урвагч…” гэх тайлбартай, ОХУ-ын ерөнхийлөгч Путины зурагтай мэдээлэл байна. Уг мэдээлэл нь “Сайханбилэгээс авахуулаад өөр орны иргэншил гуйчихсан урвагчдыг Путины жишгээр цааз өгөөд намнаж байх жишигтэй болохсон” гэх агуулгатай мэдээлэл байна.

Сонирхолтой гарчиг, содон үйл явдал, үйлдэлд уриалсан мэдээллийг та идэвхжүүлбэл цахим платформын алгоритм таныг энэ төрлийн мэдээлэл сонирхдог гэж тодорхойлоод цаашид ч тэрхүү идэвхжүүлсэн пэйж, хаягуудын мэдээллийг харуулж, цаашлаад танаар дамжуулан найзуудын чинь нүүр хуудаст илэрдэг болгоно. Тэгэхээр мэдээллийн орон зайд чинь өөр бодит, зайлшгүй мэдэх ёстой сэдвүүдийг энэхүү бот ажиллагаагаар дарангуйлж, өөрсдийн хүссэн мэдээллийг тулгаж байгаа хэлбэр тул идэвхжүүлэхээс зайлсхийгээрэй.