Савламал цайнд агуулагдах амт оруулагчийг өт гэж андуурсан тохиолдол олон улсад ч өмнө гарж байжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #682

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Tess цай нь өттэй гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Цайнд агуулагдах ширхэглэг нь өт биш амт оруулагч бөгөөд хэрэглэгч өөрөө түүж аваад усанд хийхэд уусаж алга болно.

2023 оны 09 дүгээр сарын 21-нд 천사라 нэртэй хэрэглэгчийн хаягаас Tess нэрийн цайнаас өт гарсан тухай бичлэг оруулсан нь 1.1 мянга гаруй сэтгэгдэл, 431 сэтгэгдэл авч, 3.4 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.

Бичлэгт “Нэг эмээ, охины бичлэг үзээд задалж үзэхэд үнэхээр өт байна. Хүнсний аюулгүй байдал алдагдаж байна” гэж ярьж байна. Дурдсан агуулга буюу эмээ, охинтойгоо цай задалж үзэж буй бичлэгийг хайхад Lkhagva Uranbileg гэх хаягаас “Өглөө эрт муухай бичлэг тавьсанд уучлаарай гэхдээ та нар заавал үзээрэй бас импортодог газарт нь хүртэл түгээгээрэй” гэсэн тайлбартай байв.

Бичлэгүүдэд “Tess цайнаас өт гарсан тухай бичлэг үзээд задалж үзэхээр шийдлээ” гэх сэдэл нь ижил байна. Аливаа хүнсний талаарх эргэлзээтэй мэдээлэл өдөр тутмын амьдралд шууд хамааралтай учраас олон хэрэглэгч дамжуулан түгээж, өөрсдөө туршиж үздэг зан төлөвтэй. Хэрэв хуурамч, ташаа мэдээлэл байвал энэ хэмжээгээр хор хөнөөлтэй юм.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Tess цай нь ОХУ-ын Орими компанийн 2009 онд зах зээлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн юм.

Тус бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдан борлуулдаг Tess Tea Mongolia хаягаас мэдэгдэл гаргажээ.

“Сошиал орчинд Тесс брэндийн цайнаас өт гарсан гэх буруу ташаа мэдээлэл тархаад байгаа бөгөөд энэ нь нэгэн төрлийн олон улсын цайнд хэрэглэдэг амт, үнэр оруулагч болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэд та бүхэн цахим орчинд тархаж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, баталгаат эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье. Тесс брэнд нь Орос улсад чанарын дээд түвшинд үйлдвэрлэгддэг хамгийн сайн чанарын цай гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн юм” гээд Максимус дистрибьюшн ХХК гэсэн байна.

Шалгаж буй бичлэгт дурдсан Tess – Berry bar бүтээгдэхүүний орцыг албан ёсны сайтаас харвал:

  • Хар цай
  • Розмарин
  • Бөөрөлзгөнийн навч
  • Үхрийн нүд жимсгэнийн навч
  • Бөөрөлзгөнө
  • Үхрийн нүд, бөөрөлзгөнийн амт оруулагч зэргийг дурджээ.

Монгол дахь худалдан борлуулагч байгууллагын хувьд өт мэт харагдах тэдгээр зүйлсийг амт оруулагч гэсэн байна. Олон улсад энэ төрлийн мэдээлэл гарж байсан эсэхийг судлахад нийтэд танигдсан Lipton брэнд ижил төстэй цуурхлыг бай болж байжээ. 2016 онд “Их Британи болон АНУ-д Lipton цай өттэй” гэх шуугиан дэгдэж, тус брэндээс мэдэгдэл гаргасныг abcnews дамжуулсан байна. Мэдээнд:

“Нэгэн цахим хэрэглэгч Facebook хуудастай Lipton цайг задалж бичлэг оруулсан нь олны анхаарлыг татаад байна. Ууттай цайг задалж үзэхэд дотор нь “өт” гэмээр жижиг, нарийхан ширхэглэгүүд байв. Хүчтэй тархсан эл цуурхлын эсрэг Lipton брэнд ч хариу арга хэмжээ авчээ.

Тэд цайг задалж, өт шиг хэлбэртэй зүйлс нь амт оруулагч бөгөөд усанд уусаж буйг нь бичлэг хийж оруулсан байна. Мөн өт гэж айж буй хэрэглэгчдийг ч гэсэн гэртээ туршиж үзэхийг уриалжээ” гэсэн байна.

Хүнс нь хүн амын эрүүл мэндтэй зайлшгүй холбоотой бөгөөд хүн болгоны анхаардаг сэдэв тул хүнстэй холбоотой энэ төрлийн хуурамч мэдээллүүд нийгэмд маш өндөр хурдтай тархдаг. Гэсэн ч олны шуурч байгаа мэдээлэлд шууд итгэхээс илүүтэйгээр энэ төрлийн мэдээлэл өмнө олон улсад гарж байсан эсэх, мөн хэрхэн шийдэгдсэн зэргийг судалж үзэх нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document