2023 оны 06 дугаар сарын 25-нд Анка Тэмка Бааска нэртэй хэрэглэгчийн хаягаар “Сэрэмжлүүлэг!!! Жолооны үнэмлэхээ орхисон хүнийг 48,000 төгрөгөөр торгож байна” гэх мэдээлэл оруулсан нь есдүгээр сард ч дахин шэйр авсаар 4.6 мянга гаруй болж, 737 реакц, 140 сэтгэгдэл авч идэвхжүүлсээр байна.
Уг мэдээлэлд “Бидний татварын 1,8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч, нийслэлийн 400 цагдаад өгсөн. Уг төхөөрөмжид иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэлд нэвтэрдэг. Жолооны үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, эрх нь хасагдсан эсэх зэргийг харж болно. Энэ бол зөвхөн торгууль төлүүлэх төхөөрөмж биш, жолооны үнэмлэхийг шалгах төхөөрөмж юм. Гэтэл жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48,000 төгрөгөөр торгож байна. Энэ бол зориуд нугалаа гаргаж, иргэдийнхээ халаасыг суйлсан үйлдэл мөн! Эсвэл энэ төхөөрөмж зөвхөн эрх мэдэлтнүүдийн бизнес байсан юм уу? Жолооны үнэмлэхээ мартсан жолоочийг 48,000р торголт нэрийдлээр шулдагаа яг одоо зогсоо!!! Шэйр хийгээрэй!” гэсэн байна.
09 дүгээр сарын 21-нд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн амад Б.Энхболдоос дээрх мэдээллийн талаар тодруулахад, “Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлснээс хойш police reader машин ашиглан, жолоодох эрх нь хүчинтэй эсэхийг харах боломжтой болсноор жолооны үнэмлэхийг заавал биедээ авч явах шаардлагагүй болсон. Ямар ч цагдаа энэ шалтгаанаар торгууль бичихгүй. Нэгдсэн системд ийм төрлийн торгууль орж ирээгүй. Худал мэдээлэл байна” гэлээ.
Тиймээс таныг жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч яваагүй гэх шалтгаанаар торгохгүй ба ийм төрлийн хариуцлага тооцох шаардлага тээврийн цагдаагаас тавих ёсгүй байна.