Байгууллагын нэр барин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хувийн мэдээлэл авах эрсдэлтэй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #680

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гипс банк их хэмжээний зээл олгоно гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монголд байхгүй Гипс банк гэх нэрээр зөвхөн чатаар зээл авахад шаардлагатай бичиг баримт, хувийн мэдээллийг авах нөхцөл тулгаж буй нь залилангийн хохирогч болгох эрсдэлтэй тул анхаарна уу.

2023 оны 9-р сарын 5-нд Гипс банк гэх хэрэглэгчээс  “5 саяас 950 тэрбум хүртэл найдвартай зээлийг 1,5 хувиас бага хүүтэй 24 цагийн дотор санал болгож байна. Бидний хамт таны мөрөөдөл биелэх болно. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж бидний сэдэл. Бидний тэргүүлэх зүйл” гэх мэдээллийг  оруулсан нь 10 хоногийн дараах байдлаар 1 реакц авч 41 хэрэглэгч цааш түгээжээ. 

Энэ хуудас аль байгууллагынх гэдэг нь тодорхой бус, утасны дугаар, хаяг байршил байхгүй, зээл өгөх бол ямар барьцаа хөрөнгө шаардах нөхцөлөө бичээгүй байлаа.  

Ийм төрлийн мэдээлэлд хариу бичихэд гадаадын санхүүжилттэй санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын пэйж гэж өөрийгөө танилцуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, болон хувийн мэдээлэл болох регистрийн болон утасны дугаар, дансны дугаар зэрэг мэдээллээ оруулах файлыг тан руу явуулна. “Энэ санхүүгийн процесс маш богино хугацаанд бүтэх боловч хэр идэвхтэй байхаас чинь бүх зүйл шалтгаална” гэх зэргээр ятгаж, зээл авсан гэх хүмүүсийн зураг илгээн итгүүлэх гэж оролддог. 

Их хэмжээний зээл амласан, мөн хувь хэрэглэгч биш “Гипс банк” гэх нэртэй пэйж байх тул амлалтад хууртах, итгэх хүмүүс олон байгаа нь хандалтаас харагдаж байна.

Уг мэдээллийг 41 удаа цааш түгээсэн хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор гадаад нэртэй хаягаас нээлттэй группүүд рүү түгээсэн байна. 

Дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

1.Хаяг шалгах:  

Гипс банк гэх пэйж нүүр зургаа эмэгтэй хүний зураг тавьсан. Хавтасны зурагт ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 70 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийн гэрээг 2022 оны 10-р сарын 19-нд байгуулах үеэр авахуулсан зураг ашиглажээ. Танилцуулга хэсгээ  бөглөөгүй. 2022 оны 9-р сарын 27-нд нээсэн. Дагагчдаа нууцалсан. Оруулсан зургуудыг нь харахад ХААН банкны харилцагчид, тус банктай холбоотой олон нийтийн арга хэмжээний үеийн зургууд байлаа. 

2022 оны 9-р сарын 27-ноос 2023 оны 9-р сарын 5 хүртэл 12 удаа пост оруулахдаа их хэмжээний мөнгөн зээл олгоно гэсэн утгатай зар оруулсан байдлыг шүүж харахад 1 удаад 104 хүртэлх хэрэглэгч цааш түгээсэн нь хамгийн өндөр тохиолдол байв.   

Анх энэ пэйж “5-800 сая хүртэлх төгрөгийн зээл” гэсэн мэдээлэл оруулж байсан бол 2023 оны 9-р сард 5 саяас 950 тэрбум болтлоо мөнгөний хэмжээ ихэссэн байна. 

Яг ийм агуулгаар фэйсбүүк дээр уг мэдээллийг хайхад Жумаева Роза Болотбековна гэх хэрэглэгчээс Халамж ба хүүхдийн мөнгө группт 9-р сарын 15-нд, Nora Ats гэх хэрэглэгчээс 9-р сарын 1-3-нд тус тус оруулжээ.  Эдгээр нь бүгд зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг гэх албан ёсны мэдээлэл оруулаагүй, найдвартай бус эх сурвалж байна.

2. Логик буюу учир шалтгааныг тооцох: 

Зээл олгогч банк болон банк бус санхүүгийн байгууллагууд цахим хуудас дээрээ баталгаатай мэдээллүүд оруулж, хэрхэн зээл олгох шалгуураа нарийвчлан заасан байдаг. 

Хэдийгээр цахим хэлбэрээр зээл олгох технологи ажиллагаа эрчимжиж буй ч зээлийг тодорхой хугацаанд судалгаа хийж тухайн хүний зээлийн түүхийг харгалзан олгох эсэхээ банкууд шийддэг.  

Харин Монгол улсад байхгүй, Гипс банк гэх нэрээр зөвхөн чатаар харилцаж буюу олон нийтэд нээлттэй бус байдлаар зээлийн шалгуур, бусад мэдээллийг авах нөхцөл тавьж байгаа нь залилангийн шинж чанартай байна.

Тиймээс их мөнгө амласан facebook-ийн хуурамч хуудсуудад чат бичихээсээ өмнө мэдээллийг шалгаж сурцгаая.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document